Э.Бадар-Ууган их спортдоо эргэн ирлээ

Олимпийн аварга Э.Бадар-Ууган сүүлийн гурван жилийг рингинд өрсөлдөгчтэй бус гэмтэлтэй «тулалдсаар» өнгөрөөлөө. Мэргэжилтнүүд Э.Бадар-Ууганыг мэдрэмж сайтай, авьяаслаг боксчин хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.

Гэвч Бээжингийн Олимп дуусаад л бэртэлтэй гэж сонсогдох болсон. Үүнээс болоод ч тэр үү, спорт сонирхогчид түүнийг арай зодог тайлах гэж байгаа юм биш биз хэмээх битүүхэн хардах болсон билээ. Тэгвэл Олимпийн аварга гэмтлээ бүрэн эдгээж, үндсэн бэлтгэлдээ ороод байгаа аж. Түүний багш, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ардын багш Д.Банди «Шавь маань Бээжингийн Олимпоос хойш гэмтлээ эдгээх гэж олон удаа эмчилгээ хийлгэсэн. Үүнээсээ болоод рингинд гарч чадахгүй байсан юм. Тэмцээнд орсон ч бэлтгэл муутай, нөгөө талаар гэмтлээ сэдрээчхээд байлаа.

Харин одоо санаа зовох зүйлгүй болсон. Э.Бадар-Ууган бэлтгэлээ бүрэн хангаад ирэх жилээс Олимпийн эрх олгох тэмцээнүүдэд оролцоно» гэж ярьсан юм. Ийнхүү Олимпийн аварга маань рингиндээ буцаж ирлээ.

Ц.Баттуяа

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих