Нямдорж сайд аа, та хэзээ хэвлэлээр уучлалт гуйх гэж байна
Нямка Женкод ялагдав. Яаж гэхээр, хүнийг худлаа гүтгэснийхээ төлөө хуулийн өмнө хариуцлага хүлээх янзтай даг аа. Учир байдлыг сийрүүлвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхдаа ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа хэлэлцээр хийж, нууц гэрээ байгуулсан хэмээн мэдээлж энэ мэдэгдлийнхээ дагуу шүүхийн өмнө буруутгагдлаа. Бусдын нэр хүндэд бүдүүлгээр халдсаныхаа төлөө салбарын сайд нь Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр албан ёсоор уучлалт гуйх дээрээ тулах нь тэр. Гэвч ганц үгийг газар гээдэггүй эрхэм сайд маань энэ хэд хоног таг дуугүй л байна. Сайд Ц.Нямдорж Х.Баттулга гишүүний эх орны эрх ашигтай холбоотой Оюутолгой, Тавантолгойн асуудлаар хэвлэлд өгсөн байр суурийг нь сонсмогцоо ихэд дургүйцэв. Тэгээд бүр энэ мэдээллийнх нь эсрэг өөрийн хүрээнийхээ хэвлэлүүдийг урин харин ч нэг илэн далангүй “бан гөрсөн нь” саяхан.
Женко одоогийн эрх баригчдыг MCS гэх нэгэн бизнесийн бүлэглэлийн нөлөөнд орсныг илчилснийхээ төлөө Нямдоржид ийн нүд үзүүрлэгдэв. Яагаад нэг хувийн компанийн төлөө сайд ингэж барьц алдав гэдэгт эргэлзэх хүн олон бий. Олны үг ортой гэгчээр тэрээр MCS-ийн хэдэн сая долларын үнэтэй тансаг байрыг түрээсэлдэг, Өмнөговьд нүүрс тээвэрлэх ажилд нь багагүй мөнгө цохьдог болохоороо л төрийн хүний намба алдаж “гэнэнтсэн” байх. Эсвэл бүх насаараа шахам хуулийн салбарыг толгойлж байгаа учраас шүүх миний талд гэдэгт хэт их итгэсэндээ бардсан ч байж мэднэ. Гэхдээ шүүх шударга л бол үнэн ялах нь гарцаагүй.
Ер нь төрд тангараг өргөсөн хүн журмынхаа дагуу хариуцлага хүлээхэд буруудахгүй л болов уу. Хэрэв эх сурвалжийн баттай мэдээлэл дээр үндэслэн тодорхой албан тушаалтны хууль бус үйлдлийг дэлгэснийхээ төлөө жирийн сэтгүүлч бусдын нэр хүндэд халдсан гэдгээр буруутгагдаж шүүхийн хаалга татдаг. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтан яг үүнтэй ижил үйлдэл гаргасныхаа төлөө ямар хариуцлага хүлээх бол. Хуульд ингэж заажээ. Манай улсын хувьд гүтгэх гэдэг нь хүний нэр төрд халдсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 110 /доромжлох/ болон 111-д / гүтгэх/ заасны дагуу хариуцлага хүлээнэ.
110 дугаар зүйл нь
Доромжлох, 110.1 .Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111 дүгээр зүйл нь
Гүтгэх
111.1. Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
(Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон)
111.3. Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Асуудлыг дээрх хуулийн дагуу шийдэхийн зэрэгцээ ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд халдсан байна, тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ уучлалт гуйхыг шүүхээс шийдвэрлэдэг ажээ. Тэгвэл эрхэм сайдын үйлдэл дээрх хуулиар зохицуулагдах нь гарцаагүй. Гэхдээ үүнийг цаг хугацаа л харуулах байх.
Сайдын эл үйлдлийг харсан мэргэн ардууд “Нямдорж ингэж MCS-ийг өмгөөлж өөрийгөө барьж өгөх ч гэж дээ” хэмээн халаглаж суусныг мань хүн анзаарах ч сөхөө байгаагүй. Зүгээрл MCS-ийг юу ч гэж хамаагүй өмөөрч л байвал түүний албан тушаал, төрийн хүний ноён нуруу хугарах юу ч биш байв. Гэхдээ Нямдорж хааяа хэлсэн үгнээсээ бултчихдаг муу зантай. Ямар сайндаа л ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлахад “унтаж байсан” гэсэн бол өөрийг нь огцруулах үед “зүүдэлж байсан” гэх шахам инээдтэй тайлбар хийгээд сууж байхав дээ.
Өнгөрсөн хугацаанд Нямдорж сайдын гаргасан үйлдлүүдийг нь харахаар түүнд итгэх арга алга. Хүмүүсийн хэлдгээр орондоо хууль засна, дургүйг нь хүргэсэн хүнийг “но”-г чинь илчилнэ шүү хэмээн заналхийлнэ, ёс зүйн хувьд ийм хариуцлагагүй сайдтай ч байх гэж. Ер нь түүний толгойлдог салбарыг дагасан хэл ам огт тасардаггүй. Одоо бодит жишээ бол өнөөгийн төр засгийн удирдлагуудын заавраар ажиллаж ирсэн долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон хурандаа нарын асуудал. Тэд яагаад өнөөдрийг хүртэл тушаал өгсөн хүнийхээ нэрийг илчлэхгүй баахан удав. Цаанаа мэдээж маш их учир шалтгаантай болоод л хэргээ хүлээхгүй байгаа нь илт. Бүр цаашилбал хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэдэг ч хачир дээрээ сайд өөрөө жинхэнэ хууль завхруулагч болж байна. Ийм ойлголтыг ч Нямдорж нийгэмд өөрөө баталчихлаа. Төрийн сайд хүн хүн гүтгэж болдог жирийн сэтгүүлч болохоор үзэл бодлоо илэрхийлж болдоггүй ямар хачин жишиг бэ.
Хууль зүйн салбарыг толгойлох эрхгүй шахуу болсон эрхэм суудлаа тавьж өгөхгүй байгаад гайхах юм алга. Түүний зассан хуулиудын нэгээхэн хэсгийг уншигчдад хүргэхэд одоогийн барьж мөрддөг Татварын хуулинаас эхлээд, Авлигатай тэмцэх хууль зэрэг томоохон нэлээд хэд хэдэн хуулийн заалтын үг өгүүлбэрийг засаж, хууль бус үйлдэл хийснийг Үндсэн хуулийн цэц шалгаж баталсан баримт хүртэл бий.
Эрх мэдэл хэтэрхээрээ ямархуу байдалд хүргэдгийг биеэрээ үзүүлж буй Хууль зүйн сайдын үйлдэл хэрээс хэтрэх нь ч хэтэрчээ. Төр улс маань ийн ганхаж байгаа нь мэдээж хэрэг улс орон, жирийн иргэдэд хохиролтой. Хэрвээ шударга бус ажилласан бол шалгуулчихвал яасан юм бэ.
П.ДӨЛГӨӨН
URL: