Н.ЭНХБАЯР ХЭРГЭЭ ХҮЛЭЭХ ҮҮ?

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг удахгүй шүүх гэж байна. Түүнийг хуулийнхан нийс­лэлийн өмчид байсан “Өргөө” зочид буудлыг үнэгүйдүүлж авсан, “Улаанбаатар таймс”-ыг хууль хууль бусаар хувьчилсан,  Япон улсаас Монголын ард түмэнд бэлэглэсэн бурхан шашны телевизийн техник хэрэгслийг дундаас нь зувчуулж, хувийнхаа “TV9” телевизийг байгуулсан зэрэг олон хэрэгт буруутган шалгаж байгаа юм байна.

Уг хэргийг АТГ-аас шалгаж эхлээд гурван жилийн хугацаа өнгөрч байгаа ч экс Ерөнхийлөгч маань энэ хугацаанд ердөө хоёрхон удаа очиж мэдүүлэг өгсөн байдаг. Түүнээс хойш арван удаа мөрдөн байцаалтад дуудахад арвууланд нь очоогүйгээр барахгүй удаа дараа хэвлэлээр “очихгүй” гэдгээ зарласан. Жирийн иргэнийг бол хоёр дахь тохиолдолд л шууд хорьдог шүү дээ. Хэрвээ тэр өнгөрөгч пүрэв гаригт АТГ-ынхныг баривчлахаар очиход нь ямар нэг эсэргүүцэл үзүүлэлгүйгээр явж очоод саатуулагдсан бол энэ хэрэг ингэтлээ сүр дуулиан болж, олон нийтэд зарлагдахгүйгээр хууль журмынхаа дагуу шалгагдаад явах байсан биз. Гэвч бүтэн шөнөжин үргэлжилж, хэвлэл мэдээлэл, олон нийтийн анхааралд орсон уг баривчилгааны дараа АТГ-ынхан түүнд холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгээд байгаа бүх үйлдлийнх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхэд хүрсэн юм.

Энэ баривчилгаанаас болж олон нийт ч гэсэн хоёр хуваагдаад байна. Эхнийх нь төрийн эрх мэдэлд арав гаруй жил суухдаа авлигын үрийг Монголд тарьж, чамгүй их “ургац” хураагаад байгаа Н.Энхбаярыг баривчлан шалгах нь АТГ-ын зайлшгүй хийх ажил мөн, харин ч оройтлоо гэх нэг хэсэг. Нөгөөх нь төрийн тэргүүн байсан хүнд ингэж хүндэтгэлгүй хандаж болохгүй, АТГ-ынхан арай дэндүү жудаггүй аашиллаа гэх хоёр дахь хэсэг. Харин энэ хоёрын алинд ч багтахгүй өөр нэг хэсэг байгаа нь “Н.Энхбаяр олигархуудын эсрэг тэмцсэнийхээ төлөө хэлмэгдлээ” гэсэн сөрөг сурталчилгааг тууштай хийж, олон нийтийг тэмцэлд уриалан болж өнгөрсөн үйл явдлаас улс төрийн хожоо хайж буй МАХН-ын дарга нар. Тэд экс Ерөнхийлөгийг батлан даалтад гаргуулахаар иргэдээс гарын үсэг цуглуулж эхлээд байгаа гэсэн. Уг нь хуулийнхан тухайн хүнийг батлан даалтад гаргах боломжтой, хэргийн шалгалтад саад учруулахгүй гэж үзвэл заавал ч үгүй хүн бүрээс гарын үсэг цуглуулаад байх шаардлагагүй л дээ. Харин түүнтэй хамт хэрэгт шалгагдаж байгаа хамсаатнууд нь хил даваад зугтчихсан, эрхэм Ерөнхийлөгч асан өөрөө ч бас хуулийнхны ажилд санаатайгаар саад учруулаад байсан нөхцөлд яах ийхийг ёстой хууль ном нь шийддэг байх даа.

Өнөөдөр олон хүн Н.Энхбаярын хийсэн хэргийн тухай биш, харин баривчлах ажиллагаа зөв, буруу явсан тухай л ярьж байгаа. Гэхдээ баривчлах ажиллагаа мэргэжлийн бус байсан гэдэг нь шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх шалтгаан биш. Баривчилгааны явцад хууль болон хүний эрхийг зөрчсөн үйлдэл гарсан бол түүнийг нь зөвтгөж болохгүй нь мэдээж. Гэхдээ энэ нь авлигачдын хуулийн хариуцлагаас бултах арга зам болж болохгүй гэдгийг нийтээрээ санах ёстой.

Бас нэг сонирхолтой зүйл нь өнгөрсөн баасан гаригт МАХН-ынхан намын даргыг нь баривчилсныг эсэргүүцэн мэдэгдэл хийх үеэр тус намын дарга нарын нэг Н.Удвал “Н.Энхбаярыг суллаж, олигархийн засаглалыг буулгана” хэмээн мэдэгдсэн билээ. Гэхдээ нам дамнасан тэр олигархийн сүлжээг хөвөх утасны үзүүр нь Н.Энхбаяр өөрөө гэдгийг саначихад бас илүүдэхгүй биз.

Уг нь бол төрийн өндөр албан тушаалтан авлигын хэрэгт шалгагдаж буй анхны тохиолдол энэ биш. 1998 онд С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн дараа цагдаагийнхан уг хэрэг авлигатай холбоотой байж магадгүй хэмээн үзэж намынх нь хоёр нөхрийг Хууль зүйн сайдтай нь баривчилсан билээ. Гэвч жил гаруй шалгагдсан энэ хэрэг яваандаа авлигын хэрэг биш, татварын зөрчил болон хувирсан ч гурван гишүүн чанга дэглэмтэй хориход ял эдлээд гарсан. Шил виски, өмдний тэлээ зэргээр хэмжигдэж байсн тэр үеийн авлигын хэргийн дэргэд Н.Энхбаярын хэрэг жинхэнэ “тул” гэж хэлж болно. Тиймээс 2008 онд байгуулагдсан цагаасаа хойш “жараахайтай хөөцөлддөг” хэмээн цоллуулж байсан АТГ-ынхны хувьд анхны томоохон хэрэг нь энэ болж байна. Үүнээс өмнө тус газарт шалгагдаж шүүхээс ял авсан хойноо УДШ хүртэл заргалдаж байж хэргээ цагаатгасан Онцгой байдлын сайд асан С.Отгонбаяр нэг удаа хэлж байсан. “Н.Энхбаяр суудлаасаа буух цаг ирнэ ээ, мөнхийн албан тушаал гэж байдаггүй юм. Тэр цагт би түүнтэй иргэн хүний хувиар уулзаж, хийсэн хэргийг нь нотолж өгнө” гэж. С.Отгонбаяр чухам юу нотолсныг, юуг нотлохыг хүссэнийг мэдэхгүй ч ямар ч байсан Н.Энхбаярт ч бас хууль үйлчлэх цаг ирдэг л юм байна.

Гэвч энэ бол зөвхөн эхлэл. Түүнийг төрийн өндөрлөгт байхад хамтран зүтгэж, алба аминыхаа хэргийг нэгтгэж явсан олон хүн өнөөдөр энэ хэргийн шалгалтыг эсэргүүцэх нь тодорхой. Гэвч түүнээс олон хүн Н.Энхбаярын авлигын хэргийг шүүхээр шийдүүлэх ёстой, өөрсдийнхөө болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө бид энэ сорилтыг давах ёстой гэж ярьж, бичиж байна. Утасны үзүүрийг атгасан бол тавьж болдоггүй ч гэдэг байх аа. Харамсалтай нь, уг баривчилгааны үеэр ярьж, хэлж байгаагаас нь үзвэл экс Ерөнхийлөгч маань төрийн хамгаалалт, халдашгүй байдал хоёрын ялгааг ч мэддэггүй юм билээ. Төр түүнд хамгаалалт өгсөн болохоос халдашгүй байдал олгоогүй. Хэрвээ одоо Н.Энхбаярын Монголын ард түмний төлөө байгуулах гавьяа, Монголын төрд түүнийг ашиглах зүйл гэж байдаг бол түүнд халдашгүй байдлын иммунитет тогтоож өгөөд өөрөө авлига хэрхэн авдаг, албан тушаалд яаж томилдог, Монголын төрийг хэрхэн жолоодож байсан бүх түүхээр нь ном бичүүлэх хэрэгтэй. Тэр нь цаашид Монголын төрийг цэвэршүүлэх, авлигатай тэмцэх хамгийн сайн “цагаан толгой” болно.

Х.Ханбаатар


URL:

Сэтгэгдэл бичих