Н.Энхбаярын ”супермаркет”

Хэрэг хийсэн хүн шийтгэлээ амсах нь зүйн хэрэг. МАХН-ын дарга Н.Энхбаярыг албадан баривчилсантай холбогдуулан нийгмийн нэг хэсэг нь өмөөрч, нөгөө хэсэг нь “ганц болж” гэж байна. Н.Энхбаяр тийм ч нэр цэвэр улстөрч биш гэдгийг монголчууд мэддэг хэрнээ Монгол Улсын төрийн тэргүүн байсных нь хувьд бас ч гэж хүндэтгэлтэй хандах ёстой гэж үзэж байгаа болов уу. Нэг талаар тийм ч, нөгөө талаар үгvй. Тэр төрийн сэнтийд суусан цагаасаа л Монголын улс төрийг бужигнуулж, бузарлаж, авлига, хээл хахуулийг бодит утгаар нь хөгжүүлж, цэцэглүүлж, албан тушаалын наймааг анх сэдсэн хүн. 2008 онд байгуулагдсан цагаасаа хойш “жараахайтай хөөцөлддөг” хэмээн цоллуулж байсан АТГ-ынхны хувьд анхны томоохон ажил нь Н.Энхбаярыг баривчилсан явдал болж байна. Авлигын торны үзүүрийг атгасан чигээрээ зүтгэж, учгийг улам лавшруулах л ажил үлдэж байна. Түүний хийсэн хэргүүдээс нэлээд тоймтой, томоохнуудыг нь шалгаж эхлээд байгаа юм билээ. Н.Энхбаярын Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байхдаа нэр холбогдсон хэргүүдийг түүвэрлэн хүргэж байна.

1. 2007 оны наймдугаар сард “Өргөө” зочид буудал Нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт хөрөнгө оруулалт хийлгэж хамтарсан компани байгуулах асуудлыг НИТХ дээр хэлэлцсэн. Улмаар тухайн үеийн Засаг даргад хөрөнгө оруулах аж ахуйн нэгжүүдийг төсөл сонгон шалгаруулах журмаар “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг хамтарсан үйлдвэр болгох чиглэл өгсөн байдаг. Гэтэл тухайн үеийн нийслэлийн Засаг дарга НИТХ-аас өгсөн чиглэлийг зөрчиж, нэг сая төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй, байгуулагдаад 10-хан хонож байсан “Хар дун” хэмээх компанид тухайн үеийн 605 сая төгрөгийн үнэлгээтэй байсан “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр шийдсэн байдаг. Энэ шийдвэрийн улмаас тухайн обьектийг 137 сая төгрөгөөр үнэгүйдүүлсэн гэж үзсэн. “Хар дун” хэмээх компанийн захирал нь Б.Хуяг гэгч. Энэ хүн нь Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь түүний шадар туслах байсан Б.Тулгын төрсєн ах нь юм. “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараагаар 2007 оны аравдугаар сарын 5-ны өдөр “Ремиф” компанийн захирал Энхбаярын хүү Батшугар нь тушаал гаргаж “Ремиф” компанийн охин болгох шийдвэр гаргасан. Ингээд захирлаар нь Б.Хуягийг томилсон байна. Ингэж энэ компанийг завшсан байдаг. Б.Хуяг мөрдөн байцаалт явуулж эхэлсэн үеэс хойш гадаад улс руу оргон зайлсан гэдэг, одоо болтол хаана байгаа нь тодорхойгүй байдаг.

2. “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудал. “Улаанбаатар таймс” сониныг менежментийн хувьчлалаар хувьчилсан гэдэг. Хувьчилж авсан баг нь өөрөө үүргээ гүйцэтгээгүй. Их хэмжээний өр төлбөртэй байхад Нийслэлийн өмч хувьчлах комиссын 2008 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 75 тоот тогтоол гарч, “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг менежментийн багт дахин үнэлгээ хийхгvйгээр гэрээнд заасан 369.7 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан. Уг обьект тухайн үед 2.1 тэрбум төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл дахин үнэлгээ хийлгэлгүй маш бага үнээр худалдсан. Мєн уг обьект маш их өртэй байхад буюу менежментийн баг үүргээ гүйцэтгээгүй байхад нь бусдад худалдсан байдаг. Д.Чулуунбаатар ахлагчтай баг “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг худалдаж авсан. Ингээд анхны үнэлсэн 369.7 сая төгрөг тухайн үеийн үнэлгээ 2.1 тэрбум төгрөг хоёрыг харьцуулахад 1.7 тэрбум төгрөгөөр обьектүүдийг үнэгүйдүүлсэн байна. “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг хувьчлахдаа Н.Энхтуяа буюу Н.Энхбаярын төрсөн дүүгийн “NT” холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр аваад өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон байдаг. Энэ байдлаар нийслэлийн өмчийг завшсан. “NT” холдинг компани нь 2010 онд Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Crop” компанид шилжсэн байна.

3.
Н.Энхбаяр УИХ дахь намын цөөнхийн бүлгийн ахлагчаар ажиллаж байхдаа 2000 оны хоёрдугаар сард Япон улсын Киото хотод төвтэй Буддын шашны байгууллагын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон. Энэ арга хэмжээний үеэр Японы талаас Монгол Улсад бурхны шашныг сурталчлах зорилгоор телевизийн 11 төрлийн 43 ширхэг нийт 113 мянган ам.долларын үнэлгээтэй телевизийн тоног төхөөрөмжийг бэлэглэсэн. Энэ тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр тухайн үед Гандантэгчэнлин хийдэд хvлээлгэж өгөлгvйгээр өөртөө завшиж, улмаар ТВ-9 телевизийг үүсгэн байгуулсан.

4. “Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” гэдэг компаниуд БНХАУ-ын засаг захиргааны тусгай муж Хонконгод бүртгэлтэй бөгөөд эдгээр компанийн захирал нь Мягмаржаргал гэдэг хүн байдаг. Энэ хүн тодорхой ашиг сонирхлоороо Н.Энхбаяртай холбоотой гэдэг нь тогтоогддог. Мягмаржаргал “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулсан боловч гэрээний үүргээ тухай бүрт нь биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй байхад дахин ган бөмбөлөг болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан хэмээн тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяраас “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад өгсөн байдаг. Гурван сая 356 мянга 369 ам.долларыг Мягмаржаргал гэдэг хүнд завшуулсан. Баянзүрх дүүргийн долдугаар хороо Энхтайваны гудамжны 104 тоотыг 630 мянган ам.доллараар худалдаж авчээ.

5. АПУ-гийн хувьчлалтай холбоотой 500 саяын авлигын хэрэг. Н.Энхбаяр “АЛУ” компанийн хувьчлалын үеэр өөрийн биеэр “Надад нэг этгээд 500 саяын хахууль болгож өгөх гэлээ” гэж зарласан. Монголын үндэсний үйлдвэрлэгч том компани болох “АПУ”-г хувьчлах үеэр үнэхээр ийм үйлдэл болсон гэдгийг тэрбээр өөрөө олонд зарласан боловч одоо болтол хэн өөрт нь авлига өгөх гэснийг хэлээгүй. Хэрэв энэ хүн хэн байсан бэ гэдгийг өчвөл нэлээд томоохон авлигын хэрэг сөхөгдөх нь гарцаагүй.

6. Казиногийн хуультай холбоотой 20 мянган долларын хэрэг. Макаочууд Монголд казино байгуулах гэж одоогийн “Чингис” зочид буудлыг түрээслээд мөрийтэй тоглоомын газар болгон засч янзлан ид бужигнуулж, “Казино” хочит Л.Байгаль албан өрөөндөө улстөрч, өндєр албан тушаалтнуудыг ээлж дараалан хүлээж авч монетон өлгүүрт хувцсыг нь өлгөн хүндлэл үзүүлэн гүйж байх үед хэвлэлүүд Намбарын Энхбаярыг Казиногийн хуулийг батлуулахын тулд 20 мянган долларын хахууль авсан гэж бичиж байв.

7. ХХБ-тай холбоотой хууль бус хувьчлалын хэрэг. Н.Энхбаярыг ХХБ-ийг эрх мэдлээрээ дамжуулан хууль бусаар хувьчилсан гэдэг. Харин Н.Энхбаяр болохоор өөрөө энэ хувьчлалыг одоогийн Шадар сайд М.Энхболдод хамаатуулдаг. М.Энхболд тухайн үед ХХБ-ны төрийн мэдлийн 76 хувийг хувьчилж авсан “Жеральд металлз”-ынхантай АНУ-д очиж уулзаж байсан гэдэг юм. 2004 онд ХХБ-ны төрийн мэдлийн хувьцааг “Жеральд металлз” болон Италийн “Лугано коммершилл” банк авсан. Тухайн үедээ 403 тэрбум төгрөгийн активтай байсан тус банкийг 12.5 сая доллараар зарсан ч 2007 оны эхээр тэд монголчуудад анх авсан үнээсээ дөрөв дахин их унээр буцаан зарж орхисон. Тэднээс ийм өндєр vнээр буюу 70 сая доллараар худалдаж авсан хүн нь хэний ч үл мэдэх “сахал” хочит Л.Эрдэнэбилэг гэгч байсан билээ. Энэ их мөнгөний хувьчлалтай холбоотой хэрэгт чухам Н.Энхбаярыг яагаад холбогдуулан бичиж байсныг шалгаж тогтоох хэрэгтэй.

8. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан 3.6 тэрбумын хэрэг. Н.Энхбаяр нь гүйцэтгэх засаглалын тэргүүн байх үедээ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ХХБ-наас төсөвт төлөх ёстой байсан 3.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй гэгддэг юм. Энэ нь мэдээж ХХБ хувьчлагдахаас өмнөх асуудал.

9. Их єртэй нэр холбогдсон их мөнгөний хэргүүд. Энд хэд хэдэн асуудал яригддаг бөгөөд юуны өмнө их өрийг тэглэхдээ 50 сая доллар зувчуулсан гэгддэг. Мєн их өрийг төлсөн тооцооноос 22 сая доллар сох дутсан тухай асуудал, их өрийг төлөхөд Чехийн банкинд төлсөн зуучлалын хөлсний асуудлыг ч түүнтэй хамааруулдаг. Энэ бүх хэл ам, хэрэг төвгөөс нэр цэвэр салах үүднээс тэрээр “Их өр” гэдэг номыг хүртэл хэвлүүлэн “тархи угааж” байв. Энд дурьдсанаар их өрийн 250 сая долларыг 2003 оны 12 дугаар сарын 19-өөс 29-ний хооронд таван удаагийн шилжүүлгээр бүрэн төлсөн гэдэг. Монголбанкин дахь улсын төсвийн данснаас 50 сая, Монголбанкны данснаас 100 сая болон 37 саяар хоёр удаа, “Айвенхоу майнз” компанийн “HSBC bank Canada” данснаас 50 сая, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ХХБ дахь данснаас 13 сая нийт 250 сая доллар шилжсэн тухай энэхүү номоос уншиж болно.

10. Гаалийн Х.Баатартай холбоотой байр, мөнгөний хэргүүд. Гаалийн Х.Баатараас МАХН-ын санхүүжилтэд их хэмжээний мөнгө авсан тухай “хувьсгалын” хэрэгт Н.Энхбаяр орроцолддог. Мєн хувьсгалын бус хувийн хэрэг бөгөөд Н.Энхбаяр эгч Намбарын Энхтуяадаа Гаалийн Х.Баатарыг дарамталж байж 3 өрөө байр авч өгсөн гэдэг. Ер нь Н.Энхбаяр ах дүүгээсээ гадна тойрон хүрээлэгчдээсээ цөөнгүй хэдэд нь орон байр, хаусны асуудлыг нь шийдэж өгсөн байдаг.

11. Хоёр сая зургаан зуун мянган долларын өртөгтэй ТВ-9 телевиз, “Зууны мэдээ” сонинг өмчилсөн хэрэг. Өдгөө Н.Энхбаярын тєлєє бүрэн үйлчилдэг, ард түмэн аль хэдийнэ түүний өмч гэдгийг нь нүдээ аниад хүлээн зөвшөөрчихсөн нэг телевиз бол 2.6 сая долларын өртөгтэй бурхны гэгдэх телевиз. ТВ-9 телевизийг өмчлөхдөө Монгол Улсад бэлэглэсэн тоног төхөөрөмжийг Гандантэгчэнлин хийдийн хамба Б.Чойжамцтай хуваагаад халаасалчихсан. Мєн “Зууны мэдээ” сонинг дотроос нь хувьцааг нь бага багаар цуглуулсаар байгаад нэг л өглөө эрхлэгчийг нь, сэтгүүлчидтэй нь хөөж гаргаад эзэн суучихсан хэрэг.

12. Монголбанктай холбоотой 8 сая, 130 сая долларын хэргүүд. Монголбанктай холбоотой 8 сая долларын асуудал босч ирж байсан бөгөөд мөн Монголбанкны захирал асан, өдгөө УИХ-ын гишүүн О.Чулуунбат Н.Энхбаяр нарын 130 сая доллар угаахыг завдсан тухай ч шуугьж байв. Эд ийм замаар нөхөд болцгоосон бөгөөд О.Чулуунбат гишүүн Н.Энхбаярыг баривчлагдах үеэр гэрт нь очсон байдаг нь ийм сэжимтэй гэдэг.

13. Засгийн газрын нөөцийн хөрөнгөний 55 сая болон 380 сая төгрөгийн хэрэг. Түүнийг Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын нөөцийн хөрөнгөөс дур мэдэн 55 сая төгрөгийг өөрийнхөө биеийг сувилуулахад ашигласан гэдэг. Мєн тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдан авч хахуульдахад 380 сая төгрөгийг Засгийн газрын нөөцийн хөрөнгөөс гаргасан тухай асуудал ч бий. Үүнтэй нь холбоотойгоор түүний эхнэрийн толгойлдог байсан “Чөлөөт хэвлэлийг дэмжих сан”-гийн санхүүжилт, хөрөнгө зарцуулалтын асуудал ч яригдана.

14. Их тэнгэртэй холбоотой 600 саяын хэрэг. Н.Энхбаяр “Их тэнгэр”-ийг засуулах нэрээр 600 сая төгрөгийг “зохицуулж” орхисон гэдэг. Энэ зохицуулсан мөнгөний талаар сөхвөл ч бас хоосонгvй байх.

15. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэртэй холбоотой 80 саяын хэрэг. Тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэрийн “Арго” компанид 80 сая төгрөг төлсөн гэх бөгөөд энэ нь чухам ямар зориулалтаар, юуны төлбөр болж орсныг нь хэвлэлийнхэн тааварлаж ч чадахгvй хоцорсон.

16. Гадаадад хувийн хаустай тухай. Төр засгийн алба хашдаг, хувийн бизнесгүй атлаа Москва хотод өндєр үнэтэй байшин худалдаж авсан гэгдэж байв. ОХУ-д өндєр үнээр байшин худалдаж авч байсан гэгдсэн тэрбээр АНУ-ын Сан Францискод мєн л хувийн байшинтай гэгдэх болсон.

17. Гадаадад хувийн амралтын газартай тухай. Н.Энхбаярыг ОХУ-ын Байгаль нуурын эрэгт хувийн амралтын газартай гэлцсэн ба юутай ч Эрхүүгийн цанын баазад очсон хэнбугай ч түүнийг эхнэр О.Цолмонтойгоо жаргалтай нь аргагүй цана чаргаар наадаж яваа зургаар дүүрсэн аялал жуулчлалын баазын каталогийг үзэж болдог юм.

18. Орон сууц олноор нь бэлэглэсэн хэрэг. Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа 10 аймгийн МАХН-ын даргыг орон сууцаар шагнасан байдаг. Энэ нь хахууль уу, улстөрийн намынх нь ажил байсан уу гэдэг одоо ч эргэлзээтэй байгаа асуудлын нэг.

19. МИАТ-т төлөөгүй 40 саяын хэрэг. Н.Энхбаяр 2008 онд хэвлүүлсэн найман боть номоо БНСУ-аас авчрахдаа МИАТ компаниар тээвэрлvvлээд тээвэрлэлтийн зардал 40 сая төгрөгийг төлөөгүй. Гаальд нэг ч төгрөг төлөөгүй, улсад ямар ч татвар өгөөгүй гэдэг.

Б.Цэлмэг


URL:

Сэтгэгдэл бичих