Сумочдын баг эх орондоо ирлээ

“Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн нөхөрсөг шоу тоглолтод оролцох сумочид дөнгөж сая Улаанбаатарт хүрэлцэн ирлээ. Их аварга Хакухо М.Даваажаргал, Какурюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нарын сумочид өнөөдрийн онгоцоор ирсэн юм. Харин Харумафүжи Д.Бямбадорж, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар нар маргааш Улаанбаатарт ирэх аж. Уг тоглолтооос олсон орлогоо буяны үйлсэд зарцуулах аж. Сумочдыг даян аварга Г.Өсөхбаяр, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг , Г.Эрхэмбаяр нар тоссон юм. Сумочид “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.
Тавдугаар сарын 23-нд буюу маргааш “Бөхийн өргөө”-нд товлогдоод байсан “Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолтын хугацаа хүндэтгэх шалтгаанаар хойшилж, 24-ний пүрэв гаригийн 18.00 цагт эхлэхээр болжээ. Учир нь төлөвлөсөн ёсоор өчигдөр Улаанбаатарт ирэх байсан онгоцны нислэг цаг агаарын улмаас саатаж, өнөөдөр 18 цаг өнгөрч байхад Улаанбаатарт ирсэн тул арга хэмжээг хойшлуулсан аж.

Тус тэмцээнийг “Хакухо” сан, “TLG-13”, “Мон лаа” компани, “Амжилтын төлөө хамтдаа” ТББ-аас хамтран зохион байгуулж байгаа  ба сагсан бөмбөгийн шоу тоглолтын тасалбарын үнэ 15 мянган төгрөг байх юм. Тоглолтоос орсон  орлогыг буяны үйлсэд 100 хувь зориулах гэнэ. Тухайлбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 20 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж бэлэглэж, нярайн тасгийг тохижуулах бол 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх юм. “Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн шоу тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт урлаг, спортын одод сагсан бөмбөгөөр өрсөлдөх бол хоёрдугаар хэсэгт сумочид болон үндэсний бөхчүүд тоглоно. Тоглолтод бөхчүүд сагсан бөмбөгөөс гадна шоуны үеэр зохиогдох бусад сонирхолтой тэмцээнүүдээр өрсөлдөх аж. Үзэгчдийн дундах тэмцээний ялагч нь Их аварга Хакухогийн гарын бэлгийг хүртэх юм байна.
Мэргэжлийн сумо бөхийн 69 дахь их аварга Хакухо М.Даваажаргалын санаачилсан хүмүүнлэгийн үйлсийг дэмжих сагсан бөмбөгийн шоу тоглолтод Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи Д.Бямбадорж, Какурюү М.Ананд, Асасэкирюү Б.Дашням, Кёкүтэнхо Н.Цэвэгням, Токитэнкү А.Хүчитбаатар, Рюүо Э.Санчирболд, Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар нарын тэргүүтэй сумочид өрсөлдөнө. Харин үндэсний бөхчүүдийн багт даян аварга Г.Өсөхбаяр, аварга С.Мөнхбат, арслан Х.Мөнхбаатар, Д.Ганхуяг, гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Санжаадамба нарын цолтнууд багтжээ. Мөн урлаг, спортын холимог оддын тоглолтод Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарын алдартай тамирчид оролцож, хүүхдийн сайн сайхны төлөөх буяны үйлсийг дэмжиж ажиллахаар болжээ.

Сурвалжлагч Э.Сувд
Гэрэл зургийг Н.Ариунаа

shuud


URL:

Сэтгэгдэл бичих