Ичих нүүргүй худалч Кёкүшюзан
УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр Монголын ард түмэнд захидал илгээж, өөрийгөө ичих нүүргүй худалч гэдгээ орон даяар зарлаж, улстөрийн онигооны хуудсыг нэгээр нэмлээ.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн өдөр тутмын сонинууд болон хэд хэдэн телевизээр өөрийгөө ичих ч үгүй сурталчилж, сонгуулийн болхи “пи ар” хийсэн нь олон хүний нүдийг орой дээр нь гаргах дөхлөө. Үүнийгээ маш олон телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр баруун солгойгүй цацсан нь товчхондоо өөрийгөө ямархуу хэмжээний худалч вэ гэдгээ таниулсан ядмагхан улстөр болчихов. Хатуухан хэлэхэд Д.Кёкүшюзан Батбаяр 15 хүний хүсэлтээр Ховдод нэр дэвших бололтой.
Дээрх ил захидал гэгчид “Та 2008 оны УИХ-ын сонгуульд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин ялалт байгуулж, төр түшилцсэн билээ. Өдгөө дахин нэг УИХ-ын сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед бид танд хандаж байгаа нь учиртай билээ. Та Сонгинохайрхан дүүрэгт их зүйл хийж бүтээжээ” гээд уг ил захидал эхэлжээ. Өөрөөр хэлбэл, алс баруун хязгаарт суугаа Ховд аймгийн сонгогчид Сонгинохайрхан дүүрэгт эрхэм гишүүний хийсэн ажлыг олж мэдсэн мэтээр сэтгэсэн нь харганы үзүүрээс унгас түүж, эсгий хийхийн үлгэр шиг хөөрхийлөлттэй санагдчихлаа.
Цаашлаад тэрбээр муухан зальтай гэдгээ баталчихлаа. Үүнийгээ ил захидал гэгчдээ хөөрхөн гэгч нь шигтгээд орхичихжээ. Энэ талаар “…Таныг алс холын Япон улсад Монголынхоо нэрийг дуурсгаж явахад монгол ахан дүүс нь дээлийн чинь захыг мушгиж, нутгийн уулс чинь өндөлзөж байсныг энд дурдахад таатай байна” гэжээ.
УИХ нь хууль баталдаг төрийн эрх барих дээд байгууллага болохоос бөхийн дэвжээ биш юм. Үүнийг дөрвөн жил УИХ-д суухдаа мэдэрч чадаагүй эрхэм гишүүнийг бодохоор өрөвдөлтэйгээр барахгүй чамлалттай санагдсанаа нуух юун.
Тус захидалд “…Өнгөрсөн дөрвөн жилийн турш санаачилсан хууль, ажилласан ажлын хэсгүүдийн чинь тайлангаас үзэхэд та нутагтаа ирж, ихийг хийж бүтээх гэдэг нь илэрхий байна” хэмээн залсан байх юм. Уучлаарай, УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын нэрээр санаачилсан хуулийн төсөл байдгийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олж хараагүй, сонсоогүй юм байна. Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр ганц ч хуулийн төсөл санаачлаагүйгээ бантахдаа ийнхүү олон нийтэд зарлачихлаа. Арга ядсан л зүйл. Тэгээд ч мэдээлэл технологийн эрин үед амьдарч байгаагаа мартчихаад тууж суугаа нь Монголын ард түмнийг доромжилсон явдал боллоо. Өрөвдмөөр ч юм шиг.
Үүнээс гадна тэр Монголын ард түмнийг тэнэг гэж бодсон бололтой. Тиймдээ л намын дарга Н.Алтанхуягт дээрх захидлынхаа нэг хувийг илгээж санасандаа хүрчихлээ. АН-ын дарга Н.Алтанхуяг ёстой л наана нь гарч инээж, цаана нь гарч уйлсаар Ховд аймгаас нэр дэвших квотыг дээрх захидалд нь итгээд өгчихлөө.
УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр ч хүнээс юм салгахдаа чадварлаг нэгэн гэдгээ харуулсан ч АН-ынхаа нэр хүндийг уландаа гишгэчихэв. Бас болоогүй, АН-ын даргад хүссэн хэнбугай ч ард түмний нэрийг барьж захидал илгээхэд нэр дэвших квоттой болж байгаа нь тус намын боловсон хүчний нөөц ядмагхан болохыг харуулаад өглөө. Ерөнхийдөө өөрөө өөртөө бичсэн захидлаар УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр АН-ын рейтэнгийг навч унагаснаас өөрөөр гавьсангүй. Уг нь туршлагатай пи арчид олонтой АН-ынхан иймхэн зүйлээр нэр хүндээ унагаж яах вэ дээ гэж бодогдохоор. Өрөвдөлтэй ч юм.
УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр бас л болхидуу бодолтой, зуйрган гэдгээ ч өмнө харуулаад амжсан. Ямартаа л төрсөн хүүдээ нэр өгөхийн тулд АН-ын дарга Ц.Элбэгдорж тухайн үеийн МАХН-ны дарга С.Баяр нарын нэрийг нэгтгэж байгаад Элбэгбаяр гэдэг нэр өгөөд, өөртөө онигоо хүртэл зохиолгосон нь багадаагүй бололтой.
Ийм л нөхөр өнгөрсөн дөрвөн жил УИХ-д нэг сандлын тоо бөглөөд сууж байлаа. Харамсалтай ч юм шиг. Үүнийхээ оронд олигтойхон мэдлэгтэй хүнийг томилчихсон бол сайн хууль гарахгүй юм гэхэд ядаж л ард түмэнд худал ярьж, хүүхдийн тоглоом шиг зүйл ярихгүй байсан биз. Монголчуудын ходоодоороо сонгууль өгдгийн нэг жишээ л УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр болсон юм.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: