Эдийн засагт заналхийлсэн эх орончид

Сонгуульд нэр дэвшигч бүрийн амнаас “Би эх орондоо хайртай”, “Манай эдийн засгийн өсөлт өндөр байгаа, энэ боломжийг ашиглаад”…гэдэг үгс урсан гарч байна. Тэгвэл эдийн засаг яагаад өсчихсөн юм бэ. Эдүгээ “Эдийн засгийн алуурчин” гэгдээд байгаа тэр хүмүүс хөрөнгө оруулагчидтай Оюутолгойн гэрээг байгуулаад, тэр нь үр өгөөжөө өгснөөр Монголын эдийн засаг өссөн. Хэн үүнийг худлаа гэх юм бэ. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлсэн Оюутолгой гэдэг орд Монголын говьд байжээ. Үүнд дэлхийн гигантууд уралдан хөрөнгөө оруулж байна. Ингээд мөнгөө өсгөх сонирхолтой сая сая хүн Монгол Улсыг газрын зураг дээрээс хайж, зуу зуун жилийн баялаг нөөцтэй чимээгүй даруухан энэ орны түүх, соёл, тэдний талаарх мэдээллийг сонирхож эхэлсэн. Бараг Монголыг “Оюутолгойтой” гэдгээр нь мэдэх боллоо. Дэлхий дахинд нэрийн хуудас болох нэг хэрэг. Монголын жирийн иргэнд Оюутолгойн гэрээг баталсан нь юу өгсөн бэ?
Иргэн бүр Оюутолгойн үр өгөөжийг 21 мянган төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгох 500 мянган төгрөг, иргэн бүрийн нэг сая төгрөг, бусад халамжийн үйлчилгээний хэлбэрээр хүртсээр байна. Гэхдээ олборлолт эхлээгүй байхад нь гэрээний дагуу Засгийн газарт урьдчилгаа төлбөрөө төлөхөд нь дээрх үр шимийг хүртсэн. Оюутолгойн уурхайн олборлолт эхлэхэд Монгол Улсын ДНБ-ний өсөлтийн хэмжээ 35 хувьд хүрч, жилд дунджаар 800 тэрбум төгрөг манай төсөвт орж байхаар тооцжээ. Мөн ОУВС-ийн тооцоолсноор Оюутолгой төслийн хугацаанд татвар, роялти, хураамж, ногдол ашиг маягаар нийт ашгийн 55 хувь нь Монголын Засгийн газарт ирэх аж. Энэ бүх үр ашгийг үгүйсгэх ямар шалтгаан “эх оронч”-дод байгаа юм бол. Уг нь Оюутолгойн гэрээг УИХ дэмжиж 57 дугаар тогтоолоороо баталсан. Тэгэхээр зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан Засгийн газрын гурван гишүүн төдийгүй УИХ-ын улс орныхоо ирээдүй, эдийн засгийн өсөлтийг тооцсон хамтын шийдвэр биш гэж үү?

Нөгөөтэйгүүр Монгол Улс хоёр том хөрштэй. Энэ хөршүүдээсээ зугтах аргагүй. Бас бие даасан шийдвэр гарах эрхээ хэнд нь ч алдаж болзошгүй байдалд хүрээд байв. Тиймээс гуравдагч хөршөө олж түншлэхгүйгээр улс төр, эдийн засгийн хувьд “Тусгаар тогтносон улс” гэдгээ батлах аргагүй тийм хүнд нөхцөлд орчихоод байсан юм. Нэг ёсондоо Монгол бол Орос, Хятадын л өмч гэсэн ойлголт дэлхий нийтэд байсан. Баялаг нь ч мөн адил. Хөршийн хувьд давуу эрхтэйгээр хоёр хөршийн нэг нь, эсвэл хоёулаа хөрөнгө оруулах биз гэсэн ойлголттой байв. Ингээд удаа дараа хөрөнгө оруулагчдын чуулган зохион байгуулж, төрийн айлчлалуудын үеэр урьж залан хэлэлцээрт орж байж тэдний анхаарлыг Монголын зүгт хандуулсан юм.
Үр дүнд нь Канад, Австрали, Япон, БНСУ-ын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож, тодорхой хүрээнд хамтран ажиллаж эхэллээ. Үүний дараа дэлхий нийт “Монгол бол заавал хөрштэйгээ гэлтгүй дэлхийн аль ч орны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжтой, улс төр, эдийн засаг, геополитикийн хувьд ч тусгаар тогтсносон улс юм байна” гэдгийг ойлгож сонирхож эхэлсэн. Энэ бол дэлхий дахин дахь Монголын тухай хамгийн үнэ цэнэтэй зөв ойлголт байв. Хэрэв энэ нь хэн нэгэнд таалагдахгүй, “Оюутолгойг гуравдагч хөрштэй хамтран эзэмшиж болохгүй” хэмээн үзэж байгаа  нь хачирхалтай. Тэгээд яах байсан юм бэ. Оросууд лав Оюутолгойд дангаараа хөрөнгө оруулж үйлдвэрлэл явуулж чадахгүй. Эсвэл Оюутолгойг хятадуудад шууд өгөх ёстой байсан юм уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны аравдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын чуулганы нээлтэд зориулж хэлсэн үгэндээ “Монгол Улс Оюутолгой ордын талаар хариуцлагатай, чухал шийдвэр гаргах гэж олон жил хэлэлцлээ. Одоо ч гэсэн шүүмжлэх юм. Сэтгэл хангалуун биш байдал энд байж л байгаа. Гэхдээ ярилцаж хэлэлцсээр хууль ёсны сонгогдсон төр засаг нь шийдвэрээ гаргалаа. Удахгүй ямар ч жишгээр томд тооцогдох хөрөнгө оруулалтын үүд хаалгыг манай улс нээх гэж байна. Энэ бол бидний л өнөөдрийн түвшинд олж чадсан зөвшил, гаргаж чадсан шийдэл. Цаашаа улам сайжирч төгөлдөржих нь ойлгомжтой. Мэдээж бид алдахгүйг их хичээсэн. Нийгмийн цоо шинэ эрэмбэд шилжээд манай үеийнхний гаргаж байгаа нийтлэг том шийдлийн нэг бол энэ гэрээ. Эцсийн эцэст бидний сэтгэлийн учиг улс орны маань юугаар ч сольшгүй үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын эрх ашигт очиж зангилагддаг. Би Төрийн тэргүүний энэ л эрхэм ашгийг эрхэмлэхийг хичээсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ шийдэгдсэнээр Монгол Улс халуун ам бүлээрээ, нийтээрээ урагш нэг алхсан гэж би бодож байна” хэмээсэн юм.

Харин одоо УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө арайхийн алхсан энэ алхмаасаа ухрахыг хүсэж буй хүн мэр сэр байгаа бололтой. Тэд эх орончид уу. Эдийн засгийн алуурчид уу. Ямартай ч баялгаа нийтээрээ хүртэн, иргэн бүр чинээлэг амьдрах нь, эдийн засгийн өсөлтийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт жагсах нь тэдэнд таалагдахгүй байгаа бололтой юм.
ОУВС, Дэлхийн банк Оюутолгойн гэрээнд шинжилгээ хийгээд  “Монгол Улсын Засгийн газрын талд ашигтай болжээ” гэж үзсэн. Тухайлбал Монголын эдийн засгийн өсөлт 20 хувьтай болсон, 2012 онд 26 хувьтай болж, бага орлоготойгоос дунд орлоготой орон болжээ. Мөн Австралийн эдийн засагч, доктор Брайн Фишерийн Монголын эдийн засагчидтай хамтран хийсэн “Оюутолгой төслийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн цогц үнэлгээ”-ний үр дүнд Монгол Улс Оюутолгой ордоос 2040 он гэхэд нийт 31-32 тэрбум ам.доллартай тэнцэх ашиг олох юм байна гэсэн тооцоо гарсан байна. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд 10 жил тутамд эдийн засаг маань 10 хувийн өсөлттэй гарна гээд бодохоор үүнээс таатай мэдээ гэж хаана байх вэ. Энэ тооцооллоор 2020 он гэхэд Монголын эдийн засаг хоёр дахин өсөхөөр байгаа. Энэхүү судалгааг хийсэн Германы доктор Фишер “Хүн бүрийн байр суурийг хөдөлгөх өсөлтийн давалгаа” хэмээн бахархан нэрлэсэн юм.

Оюутолгой төслийнхөн монголчуудыг зөвхөн мөнгөөр угжаад байдаггүй. Бидний санаа байвч хийж чадаагүй олон ажлын эхлэлийг тавьсан. Тэдний дотор мөнгөөр хэмжишгүй дэмжлэг олон байгаагийн нэг нь мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарсан явдал юм. Монгол Улсын 300 иргэнийг мэргэжлийн боловсролын сургалтад хамруулах болсон. Монголын хөгжилд хувь нэмрээ оруулах Оюутолгойн бодлогын салшгүй нэг хэсэг болсон мэргэжлийн сургалтаар ажилтан бэлтгэх энэ төсөлд 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж буйгаа тэд мэдэгдсэн юм. Энэ  хөрөнгө оруулалт нь төслийнхний хэрэгжүүлэх гэж буй 78 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай таван жилийн сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн үргэлжлэл гэдгийг Оюутолгой төслийнхөн хэлж байна.

Эцэст нь хэлэхэд хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд байж, гэрээг батлалцаж, сонгогчдод өгсөн амлалтаа Оюутолгойн гэрээнээс урьдчилж авсан мөнгөөр биелүүлчихээд засгаас гарахдаа “муу гэрээ байгуулсан” хэмээн хутга шааж буй тэр хүмүүст дахин итгэж болохгүйг дээрх нөхцөл байдал харуулж байна. Яагаад монголчууд нийтээрээ баяжиж амьдралаа сайжруулж болохгүй гэж. Яагаад Монголын эдийн засаг 20 хувиар өссөнд тэдгээр эх орончид дургүйцээд, үүнд гол нөлөө үзүүлсэн Оюутолгойн гэрээг байгуулсан сайд нарыг “Эдийн засгийн алуурчин” хэмээн нэрлэх болов. Ерөөсөө эдийн засгийн өсөлтөд эгдүүцэж буй тэр хүмүүс өөрсдөө Монголын эдийн засгийн алуурчин юм биш үү.

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих