“Памперстай шантаажчин”
УИХ-ын сонгууль болох хугацаа өдөр өдрөөр ойртож байна. Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор нам, эвслүүдэд шинэ фракц, бүлэглэл олноор бий болж, шантаажлах, өөрийн хүсэл сонирхлоо гүйцэлдүүлэх гэсэн оролдлого олонтой ажиглагдах болов. Ардчилсан нам, ардчилалтай, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй учраас олон фракц, бүлэглэл, холбоод байгуулагдсан хэмээн эерэгээр тайлбарлах нь бий. Гэвч энэ намд шантаажлах, хуйвалдаан зохион байгуулах өнгө аястайфракц ч байдаг ажээ. Энэ бол АН-ын отгон фракц “Мөнх тэнгэр”. Этгээд сонин нэртэй энэ фракц байгуулагдаад гурван сарын нүүр ч үзээгүй байна. Фракцын тэргүүн нь Чингэлтэй дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар. Фракцыг 70-аад оныхон бүрдүүлдэг хэмээн тэд өөрсдөө тайлбарладаг. АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Алтанхуяг, Ц.Туваан, Ю.Идэрцогт, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нарын жижигчүүлээс энэ фракц бүрддэг. Жижигчүүлээс гэж тодотгохын учир нь УИХ-ын гишүүний төлөөлөл байхгүй гэдгээрээ намдаа “жульдаа” тооцогдоно. “Мөнх тэнгэр” фракцын тухай товч танилцуулахад ийм.
Харин эл фракц ямар зорилгоор байгуулагдсан нь сүүлийн үед улам бүр тодорч харагдах болов. Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд улс төрийн нам, эвслүүд аймаг, дүүргийн хэмжээнд нэр дэвшигчдээ тодруулах хурлаа хийцгээв. Чингэлтэйн АН-ынхан ч өнгөрсөн бүтэн сайн өдөр хуралджээ.
Дүүргийн намын хурлаар АН-аас УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Батж.Батбаяр, Дүүргийн АН-ын дарга Б.Батбаатар, Д.Алтанхуяг нар нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн юм байна. Гэвч УИХ-ын 2012 оны сонгуульд Чингэлтэй дүүргээс өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж чадаагүй ажээ. Учир нь Намын дарга Б.Батбаатар өөрийгөө нэр дэвшүүлсний сацуу, өөрийн хүнээ (“Мөнх тэнгэр” фракцын Д.Алтанхуяг) мөн нэр дэвшүүлж хурлаар баталгаажуулахаар оролдсоноос үүдэн зөрчилдөөн үүссэн гэнэ. Олонхын саналыг авч, хэлэлцээгүйгээс ийнхүү сөргөлдөөн үүссэнийг албаны эх сурвалжууд мэдээлж буй юм. Энэ “хор” найруулах ажиллагаанд “Мөнх тэнгэр” фракцынхан голлон оролцжээ.
Сонгууль дөхөхөөр бүлэг, фракц байгуулж, намын удирдлагаа шахдаг, хэдэн мандат өвөртөлчих санаархалд автан ийнхүү нам дотроо хуйвалдаан зохион байгуулж буй үзэгдлүүдийн нэг нь энэ ажээ. Тэр тусмаа нам доторх сөргөлдөөн зөрчилдөөн АН-д дээд цэгтээ хүрдгийг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ.
Эл маргаантай холбогдуулан УИХ-ын сонгуульд АН-аас Чингэлтэй дүүргээс хэн нь дэвших бэ гэдэг хэлэлцээр намын түвшинд яригдаж эхэлсэн байна. Чингэлтэй дүүргийн АН-аас эрэмбэ дарааллаа бодвол, энэ тойргоос сонгогдсон, намдаа суудал авчирсан гэдгээрээ УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ногоон гэрлээр орох учиртай гэнэ. Дараа нь дүүргийн намын дарга нь байх уу, тойрог сольсон Батж.Батбаяр байх уу, эсвэл бүр Д.Алтанхуяг гэдэг “шинэ цэргийг” оруулж ирэх үү гэдэг асуудал яригдах учиртайсан.
Тойрог сольж “уралдах” санаархал өвөртөлж байгаагаараа Батж.Батжаргал энэ тойрогт мандат авах эрхгүй гэж үзэх нэгэн байгаа бол, Б.Батбаатарыг ч мөн Баянгол дүүргээс сонгогдож байсан, тус дүүргийн угшилтай гэдэг утгаар нь энэ хоёрыг адилтгаж байгаа юм байна. АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Алтанхуягийн хувьд 2008 оны Орон нутгийн нөхөн сонгуульд ялагдаж байснаас үзэхэд УИХ битгий хэл НИТХ-д найдвар муутай нэгэн гэж үзэх хүмүүс байгаа ажээ. Нөгөөтэйгүүр Д.Алтанхуягийг, МАН-аас хүч үзэх УИХ-ын гишүүн Д.Очирбат, ЭБЭХ-ний сайд, УИХ-ын гишүүн Д.Зоригттой нүүр тулчих “шансгүй” гэж үнэлж буй гэнэ.
АН-ынхан УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг ногоон гэрлээр өөрийн тойрогт нь өрсөлдүүлэхээр ярилцаж, Д.Алтанхуягийг НИТХ-д өрсөлдүүлэхээр үлдээж буй гэх баттай мэдээлэл байна. Мандатын хоёрдугаарт Батж.Батбаяр, Б.Батбаатар нарын хэнийг нь сонгох дээрээ маргаантай байгаа гэнэ. УИХ-ын гишүүн Батж.Батжаргалыг хүний тойрог булаах нь гэсэн дайралтыг сөрөг талаас нь хийж байгаа бол Б.Батбаатарыг өмнөх сонгуулиар Баянгол дүүрэгт өрсөлдөж ялагдал хүлээсэн, тойрог сольсон нь эл сонгуулиар ялах магадлал бага гэдэг шүүмжлэлийг ч өрнүүлж байгаа юм байна. Түүнчлэн 2004-2008 онуудад УИХ-д суухдаа “хөл, хэлд ороогүй”, “памперстай” жаалаараа дуудуулж байсан түүнийг ирэх сонгуульд Чингэлтэйгээс өрсөлдүүлэх нь эрсдэлтэй гэж үзэх хүн ч АН дотор байгаа юм байгаа ажээ.
Харин “Памперс” Б.Батбаатар намын даргынхаа хөлд сууж, хэвлэлээр даргыгаа өмөөрч мандат авчих санаатай эртнээс гүйж эхэлсэн байдаг. Эцсийн шийдвэрийг АН-ын ҮЗХ шийднэ.
АН-ын жижиг жараахайнуудын өдөөсөн хуйвалдаан ирэх сонгуулийн өмнөх нам доторх хагарлыг ийнхүү “галдаад” авав. Үүнийг АН дахь ардчилал гэж нэрлэхээсээ илүүтэй, хувийн эрх ашгаа бодсон жижиг фракцын “хор найруулах” ажиллагаа гэж харахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм.
Т.АМУР
olloomn
URL: