Траншейны таг холбирч дөрвөн настай хүү гэмтэв
ТРАНШЕЙНЫ ТАГ ЦООЖТОЙ БАЙХ АЛБАГҮЙ ГЭСЭН ХАРИУЛТЫГ АЛБАНЫХАН ӨГӨВ-
Таггүй траншейнд олон хүн унаж амиа алдсан. Манай сонин энэ сэдвээр цуврал сурвалжлага бэлтгэж, хотын хэдэн зуун траншейг тагтай болгооч гэсэн иргэдийн гуйлтыг хотын удирдлагуудад уламжилж байсан билээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ямар ч байсан траншейнуудыг тагтай болгосон. Зарим траншейны тагийг хулгайч аваад явчихсаныг эс тооцвол шүү дээ. Гэхдээ ихэнх траншейны таг сул байдаг юм байна.
Тоглож явсан хүүхэд траншейны сул таг дээр гишгээд, өнөөх нь холбирч нүхэнд унажээ. Хэрвээ тэр траншей дотроо устай байсан бол юу ч болоо билээ.
Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн нутаг СУИС-ийн урд Неткапитал банк бус санхүүгийн байгууллагын байрны дэргэдэх траншейны нүхэнд дөрвөн настай хүүхэд унаж, гэмтсэн байна. Хүү тухайн үед аав, ээжтэйгээ явж байжээ. Аав ээжийнхээ урд тоглон, гүйж яваад гэнэт траншейны нүх рүү уначихаж. Хүү траншейны тагны нэг тал дээр гишгэснээс сул байсан таг холбирсон аж. Азаар нүх нь гүн биш, хуурай байсан учраас хүүг тэр дор нь гаргаж авчээ. Хүүгийн тархи гэмтсэн гэдгийг аав нь хэлж байв.
Өчигдөр очиход траншейны тагийг хаагаад бэхэлчихсэн байна лээ. Урьд нь таг нь сул, шороо чихчихсэн байдаг байсан гэнэ.
Хүүхдийн урлан бүтээх төвийн замын эсрэг талд таг нь сул хоёр ч траншейны нүх байна. Санаандгүй нэг тал дээр нь гишгэхэд л унаж мэдэхээр юм. Явган хүний зам дээрх траншейны таг сул байгаа шалтгааныг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Л.Алтангэрэлээс тодруулахад “Траншейнуудыг орон сууцны контор, шугам сүлжээний байгууллага гээд харьяаллаараа хариуцдаг юм. Ер нь ч тэгээд траншейны таг цоожтой, бэхэлгээтэй байна гэсэн дүрэм журам байхгүй. Иргэд өөрсдөө болгоомжтой явах ёстой. Охины унасан траншей тухайн байгууллагынх байх. Тэгэхээр тэдний л хариуцаж байх ёстой зүйл л дээ” гэсэн юм.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: