Тиранозаурус батаарын араг ясыг нэг сая ам.доллараар худалджээ

Монголын нутаг дэвсгэр дээр 75 сая жилийн тэртээ амьдарч байсан байж болзошгүй “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн олдвортой холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, академич Р.Барсболд нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Уг үлэг гүрвэлийн араг ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дэлхийн томоохон хэвлэлд гарсан аж. Тэрхүү мэдээллийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхааралдаа авч, Даллас хотын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Гэвч дуудлага худалдаа өчигдөр болж, нэрээ нууцалсан эрхэм энэхүү үнэт ховор олдворыг нэг сая ам.доллараар худалдаж авсан гэнэ. Хэдийгээр дуудлага худалдаа болсон ч Даллас хотын шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу Монгол Улс “Тиранозаурус Батаар”-ыг Монголын газар нутгаас олдсон гэдгийг нотолж чадвал эргүүлэн авах найдвар байгаа гэдгийг Ё.Отгонбаяр сайд хэллээ. Тиймээс манай судлаачид АНУ, Канад зэрэг орны эрдэмтэдтэй хамтран ажиллахаар болжээ.

Даллас хотын шүүхээс гаргасан шийдвэрээр бол тэрхүү үнэт олдворыг арав хоногт багтаан Монголынх гэдгийг нотлох шаардлагатай гэж мэдэгдсэн аж. Цаг хугацаа давчуу байгаа үед судалгаа хийж нотлох боломж байгаа эсэхийг академич Р.Барсболдоос тодруулахад “Хүндрэлтэй зүйл байгаа хэдий ч, тогтоох боломжтой” гэсэн хариулт өгсөн юм.

А.БИЛЭГ


URL:

Сэтгэгдэл бичих