Шашин шүтэх эс шүтэх нь таны эрх, гэхдээ

Амралтын өдрөөр зурагт үзэж суутал цэцэрлэгийн хэдэн хүүхдүүд Христийн магтаал гээд дуулж байна. “Есүс эзэн байхгүй бол бид байхгүй” гэж бяцхан жаалууд ярилаа. Тэгээд бас “өвөл ямар баяр болох билээ?” гэж асуугаад “шинэ жил” гэж хариулахад хөтлөгч охин сандарсан янзтай “Талархлын баяр биш юм уу?” гэж байна. Өөрийн гэсэн үзэл бодол нь төлөвшиж амжаагүй хөөрхөн жаалуудаар шашны байгууллагууд “хөөрхөн” тоглож байна. Шашин шүтэх эс шүтэх нь таны эрх, гэхдээ цөөхөн хүн амтай манай улсад шашны байгууллагуудын тоо сүүлийн жилүүдэд өссөөр байна.

Монгол Улсын шинэ үндсэн хуулиар иргэдийн шүтэх, эс шүтэх эрх нь чөлөөтэй болсноор янз бүрийн урсгалын сүм хийдүүд байгуулагдаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 390 гаруй  20 орчим төрлийн шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдгээр шашны байгууллагаас 80 буддын, 270  христын, 11 байгууллага бөө мөргөлийн чиглэлээр зөвшөөрөл авчээ. Харин  100 орчим   шашны байгууллага нь ямар ч  зөвшөөрөлгүй хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг  учраас эдгээрийг цэгцлэх бодлого хэрэгтэй болжээ. Учир нь ямар нэгэн шашны зан үйл, итгэл бишрэл нь зарим хүний сэтгэл зүйд нөлөөлж байгааг тогтоогоод байна. Жишээ нь зарим нэгэн өвчин эмгэгтэй хүн шүтлэгийнхээ хүчээр эдгэрч байхад зарим нэг нь шашинд хэт гүн автаж бодит амьдралаас тасрах зэрэг явдал газар авлаа. Шашин нь өөрөө хүнд тайвшрал өгөх, хүмүүжлийн ач холбогдолтой байдаг. Гэвч өдгөө энэ утгаа алдаж эхэлжээ. Улаанбаатар хотын сэтгэл зүйн эмгэг судлалын төвд эмчлүүлэхээр ирсэн иргэдийн 40 орчим хувь нь шашны төөрөгдөлд орж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болсон байдгийг сэтгэл зүйчид хэлж байна. Ф.Энгельс “Шашин бол нийгмийг мансууруулагч хар тамхи мөн” гэж хэлсэн нь бий. Нэг өнцгөөс харахад энэ үг одоо ч үнэ цэнэтэй. Иргэдийн шашин шүтэх эс шүтэх эрхийг би хориглон боох гэсэнгүй. Ямартай ч хамгийн түрүүнд шашин дэлгэрүүлэх гэж хүүхэд багачуудын сэтгэл зүйгээр тоглож буй явдалд анхаарал хандуулах хэрэгтэй гэж бодож байна.

М.Бүжил


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих