“Фортуна” Н.Батбаяр тахимаа өгөхөөс аргагүй болжээ
Зөв ч бай, буруу ч бай намгүй, төргүй юм шиг дайрч, телевизийн дэлгэцээр гарах сонирхолтой гишүүдийн тэргүүн эгнээнд “фортуна” хэмээх Н.Батбаярыг шалгаруулжээ. Мэдээж ангийнх нь нөхдийн зүгээс шүү дээ. Манай парламентын “хүнд гарууд”- ын нэг хэмээн зүй ёсоор нэрлэгддэг эрхэм гишүүн маань сүүлийн үед их л ууртай, хаашаа ч хамаагүй цамнах болсныг эх сурвалж үнэн зөвөөр нь тайлбарлаж өгсөн юм.
Нэгдүгээрт, өөрийнх нь удирдаж байсан компани дампуурлын ирмэгт хүрч, мань эр намдаа өгөх ёстой 50 сая төгрөгөө ч өгч чадаагүй гэнэ. Хоёрдугаарт, түүний сонгогдсон тойрогт хүчтэй өрсөлдөгч олон байгаа бөгөөд нам дотроо ч жийгдээд байгаа аж. Учир нь АН-аас Р.Гончигдорж, С.Ламбаа нар нам дотроо хүчтэй нөлөөтэй хэвээр байна. Өнөөдрийн мөрдөж байгаа шинэ хуулиар Архангай аймаг хоёр мандаттай болсон. Гэтэл өрсөлдөгч намын хүчтэй хоёр өрсөлдөгчөөс гадна намынх нь залуу гишүүн, Гадаад харилцааны дэд сайд асан Б.Болор Архангайн тойрогт нэрээ дэвшүүлэхээр тохироо хийсэн юм байх. Тийм учраас Н.Батбаярт орон зай олдохгүй болжээ. Ц.Элбэгдоржийн Засгийн газарт ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан тэрбээр барилгын салбарт анх бизнесээ эхэлжээ. Гэвч барьсан орон сууц нь өндөр үнэтэй байсан учраас нэлээд хэл ам дагуулж, өөдтэй ашиг олоогүй гэдэг. Уг нь тэрбээр Монголдоо гайгүй зэрэглэлийн гэгдэх “Жаргалан” хотхоны эзэн. Гэвч яагаад энэ бизнесээр ашиг олоогүй нь нууц хэвээр үлдсэн.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр дээрх хотхоноо барьцаалж их хэмжээний зээл авсан учраас банкны барьцаанд очсон байж болзошгүй аж. Үнэн худлыг цаг хугацаа харуулах байх. Энэ мэтчилэн түүний уурыг барах зүйл хаа мундахав.
Ийнхүү халаасаа гөвсөн эрхэм гишүүн өнгөрөгч оны сүүлийн хагасаас эхлээд Засгийн газар, УИХ, нам бүлэглэл, хэнд ч хамаагүй хуурай агсам тавих болсон гэх.
2011 онд УИХ-ын хэдэн гишүүний хамт Засгийн газрыг огцруулах тухай удаа дараа мэдэгдэл хийж байв. Сүүлдээ нэр бүхий 20 гишүүнээс ес нь үлдээд хэвлэлээр шуугиулж байсан ч үнэнд гүйцэгдэж бууж өгсөн. Харин мань эр гандан буурахгүй хэрүүлээ хийсээр байсан ч газар авалгүй замхарсан билээ. Гэтэл мань эрийн эрхэлдэг компанийнх нь хөрөнгө огцом багасч, хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заналхийлж, Засгийн газарт шантааж үзүүлж байжээ. Энэ нь Засгийн газарт ажиллаж байсан АН-ын нөхдөө шантаажилж, өрөнд орж дампуураад байсан компаниа аврах ажиллагаа байсан гэнэ. Харин Засгийн газрыг огцруулах тухай нэгдэж байсан нэр бүхий 20 гишүүн зурагтаар харагдах гэж Н.Батбаярын багт элссэн ч ихэнх нь түүнийг орхиж одсон. Олны анхаарлын төвд байх гэсэн есөн нөхөр нэг хэсэг хэвлэл мэдээллээр шуугисан ч сүүлдээ Н.Батбаярын компаниа аврах төлөвлөгөө байсныг мэдээд түүнийг орхисон. Ойрын эх сурвалжийн хэлснээр бол тэд энэ тухай өөрт нь хэлж нэлээд маргаан дэгдээсэн гэдэг.
Гэтэл тун удалгүй УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай нийлж, “Зоос” банкны дампуурлын талаар ярьж нэг хэсэг хэвлэлээр шуугив. Энэ тухай намынх нь “Цаадах чинь сонгогч олондоо хийж өгсөн зүйлгүй учраас хэнд ч хамаагүй харагдах гэж ийн дөвчигнөж байна” хэмээсэн. Орд газруудын хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжлэхээс эхлээд дуучин С.Жавхлантай нийлэн утаагүй зуухыг ч баалав. Тэрбээр ийнхүү зөв ч бай, буруу ч бай аливаа зүйлийг шүүмжилсээр сонгуультай золгож байна. Н.Батбаяр гишүүн бөө болж, догшин сахиус хүлээж авсан учраас ийнхүү хаа сайгүй цамнах болсон ч гэдэг. Халаас нь хоосорч, намдаа нөлөөллөө алдсан, бас тойргийнхоо сонгогч олонд амласан зүйлээ хийж чадаагүй учраас арга буюу зайран болж жүжиглэсэн хэрэг. Магадгүй сонгууль дөхөхөөр “Төрийн хоёрдугаар зайран” гэж нэрлэсэн Бямбадоржтой нийлж, өөрийгөө “Төрийн зайран” гэж нэрлэх байх. Тиймээс “Төрийн хоёрдугаар зайран” хүн төр улс, ард олноо аврах тухай ярихаас өөр сонголт түүнд үлдсэнгүй. Өөрөөр хэлбэл, сонгогч олноо мухраар сүсэглэж, надад итгэнэ хэмээн бодсон хэрэг. Энэ бол ард түмнийг доромжилж байгаатай ялгаа юун.
Ийнхүү өөрийгөө тэнгэр заяат, дээд тэнгэрийн хэмээн харагдуулах, итгүүлэх гэсэн Н.Батбаяр Төрийн ордонд “Тулганы гал бадраах ёслол” гээчийг зохион байгуулсан нь ч “Төрийн хоёрдугаар зайран” болох анхны алхам гэж болохоор. Мэдээж С.Жавхлан дүүгээсээ санаа авсан байх.
Нэг хэсэгтээ энэ талаар дээр дооргүй шуугисан. Түүнээс хойш уг ёслолын арга хэмжээ эмэгтэйчүүдийг дорд үзсэн болоод л өнгөрсөн. Ийнхүү гал тахилгын ажлаа амжуулчихаад, Архангайн зүг хүлгийн жолоо залсан ч аян замаас их л уруу дорой царайтай ирсэн гэдэг. Эрхэм гишүүнтэй нүүр учрах уулзалтад Архангайчууд олноор цуглараагүйгээс тэр гэнэ. “За за өнөөх л ярьдгаа ярьж, худлаа амлалт өгнө биз” хэмээгээд тойргийн сонгогчид нь очоогүй гэдэг. Энэ мэт шил шилээ дарсан асуудал үүсгээд байгаа Н.Батбаяр гэдэг гишүүн улстөрийн тэтгэвэрт гарч байгаа болохоор ирэх парламент түүнгүйгээр ажиллах нь. Тэр тусмаа “Төрийн хоёрдугаар зайран”-гүйгээр улс орны ажил урагшаа явах нь дамжиггүй.
С.Баяр
URL: