Ар тал ихтэй “Бэрэн констракшн” иргэдийг хохироосоор байх уу?

Хэвлэлээр тэр болгон нэр нь дуулдаад байдаггүй ч иргэдийг хохироосоор байгаа “Бэрэн Констракшн”-ы тухай мэдээлэл 24tsag.mn-д ирлээ. Барилгын салбарт үйлчилгээ явуулаад удсан ч хэл ам тасрахгүй байгаа энэ байгууллагад гомдолтой байгаагаа цөөнгүй хүн илэрхийлж байгаа юм. “Бэрэн констракшн энд Автомэшн” ХХК-ны захирал А.Хүрэлшагай орон сууц худалдан авсан, авахаар зэхэж байсан иргэдийн эрхийг удаа дараа зөрчжээ. Тиймээс энэ компанитай холбоотой өргөдөл, гомдлоо Татварын ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын газар,  Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг газруудад гаргаж эхэлжээ.

А.Хүрэлшагай захирлын гаршсан гэж хэлж болохоор арга нь танил талаараа дамжуулан захиалагч олж, урьдчилгаанд өгсөн мөнгийг эргэлдүүлэн хувьдаа ашиглаж байгаад буцааж өгдөг аж. Байранд нь орохоор мөнгөө төлсөн хүмүүсийг янз бүрийн шалтаг хэлж өгсөн мөнгөө эргүүлээд ав гэж тулгадаг байна.
Түүнээс гадна нэгэнт мөнгөө төлөөд, байранд  нь төвхнөсөн иргэдээс илүү төлбөр авах зэргээр эрх ашгийг нь зөрчсөөр байгаа юм. Тухайлбал улсын комисс хүлээж аваагүй байгаа байрандаа захиалга авч, иргэдийг оруулсан ч ус, цахилгаан гэх мэт урсгал зардлын үнэ дээр мөнгө нэмж авдаг гэж манайд хандсан иргэн хэлсэн юм. Тог цахилгааны мөнгийг 79-92 төгрөгөөр, халуун усны мөнгийг 1550 төгрөг гэж нэмж тооцон авдаг байна.

Дээр нь анх байраа зарахдаа орон сууцны гаднах хашаан доторх машины талбайг байрны мкв-ын үнэнд шингээн тооцож авсан ч оршин суугчдын машиныг зогсоол дээр тавиулдаггүй, хэл ам хийдэг аж. Гомдол гаргасан хүнийг мөнгөө эргүүлээд авч болно гэх зэргээр загнаж зандардаг тухай олон хүн хэлж байсан юм. Ялангуяа А.Хүрэлшагай захирлын хамаатан садан, ойрын хүмүүсийн оршин суугчдад хүндрэл учруулж, бүдүүлэг харьцдаг байна. Байрны үнэ өдөр өдрөөр өсч байгаа энэ үед хуучин захиалагчаа гаргаж, илүү өндөр үнээр өөр хүнд зарах сонирхол “Бэрэн констракшнт” их байдаг бололтой.
Нэг жишээ дурдахад “АПУ” компаний үйлдвэрийн ойролцоох байранд орохоор нэгэн гэр бүл 20 гаруй сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Хэд хоногийн дараа буцаад ирэхэд нь захиалсан орон сууцанд нь аль хэдийн өөр айл орчихсон байжээ. Гомдол гаргахад мөн л “мөнгөө буцаагаад ав” гэдэг алдар үгээ хэлж, хэрэглэгчийг хохироожээ.

А.Хүрэлшагай гэгч энэ эрхэм яагаад ингэж дураараа авирлаж, өдийг хүртэл хуулийн гадуур яваад байгаа нь цаанаа учиртай. Тэрбээр АН-ын нэгэн гишүүний ар талыг авч явдаг бөгөөд 2008 онд сонгуулийн сурталчилгааных нь менежерээр ажиллаж байсан юм. Энэ жил мөн л сонгууль дөхөж буй тул хамраа сөхөж, юун хэдэн захиалагчийн гомдолтой зууралдах манатай завгүй байгаа аж. Харин энэ хооронд мөнгө хөрөнгө, цаг хугацаагаар хохироод үлдсэн иргэдийг яах вэ?
Т.Гэрэл

24tsag


URL:

Сэтгэгдэл бичих