”Зөвшөөрөл аваагүй бол лицензийг цуцална”
Өмнөговийн Овооттолгойд үйл ажиллагаа явуулж буй “Саус гоби сэндс” компани хяналтын хувьцааныхаа дийлэнх хувийг Хятадын төрийн өмчит “Чайлко” компанид зарахаар яриа хэлэлцээр хийж байгаа мэдээлэл дуулиан тарьж, Монголын улстөрчдийг түргэн авхуулахад хүргэсэн. Тиймээс зарим гишүүд Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-аас өнгөрсөн долоо хоногт тэрхүү хуулийг баталсан байгаа. Энэхүү хууль батлагдсанаар “Саус гоби сэндс” болон “Чайлко”-гийн хооронд яригдаж байсан гэрээ хэлэлцээрийн асуудал хэрхэн шийдэгдэхийг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батжаргалаас тодрууллаа.
-Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж, баталлаа. Уг хуулиар “Саус гоби сэндс” болон “Чайлко”-гийн хооронд яригдаж байсан гэрээ хэлэлцээр хэрхэн шийдэгдэхээр байгаа вэ?
-Өмнөговийн Гурвантэс сумын нутагт орших Овооттолгойд үйл ажиллагаа явуулж буй “Саус гоби сэндс” компани хяналтын хувьцааныхаа дийлэнх хувийг Хятадын төрийн өмчит “Чайлко” компанид зарах тохиолдолд Монгол Улсын Засгийн газраас заавал зөвшөөрөл авахаар болсон. Хуульд тэгж заасан байгаа.
-Хэрвээ Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авахгүйгээр хувьцааныхаа ихэнх хувийг зарчихвал ямар хариуцлага тооцох вэ?
-Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь хураана. Ганцхан “Саус гоби сэндс” компани дээр ярьж байгаа асуудал биш гэдгийг ойлгож байгаа биз дээ. Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиар тухайн компани хувьцааныхаа дийлэнх хувийг гадаадынханд зарлаа гэхэд Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн үг.
-Зарим хүмүүс төр хэтэрхий хувийн хэвшлийнхний асуудалд оролцож байна хэмээн шүүмжлэнгүй хандаж байгаа. Хоёр компанийн хоорондын худалдах, худалдан авах асуудалд төр оролцож байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдад айдас төрүүлж байна гэсэн байр суурьтай байгаа юм билээ?
-Аль ч улс оронд стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль байдаг. Монгол Улсад ийм хууль байх ёстой гэж бодож байна.
-Ингэхэд Хөгжлийн банк өнгөрсөн гуравдугаар сард хөрөнгийн зах зээлээс 600 сая ам.доллар босгосон. Тэр хөрөнгийг юунд зарцуулж байгаа вэ. Уг нь төмөр зам болон авто зам барих, Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолборыг барихад дээрх мөнгийг зарцуулна гээд байсан биз дээ?
-Юунд ч зарцуулаагүй байгаа. Хөгжлийн банк дээр санхүүжүүлэх төсөл ирээгүй байна. Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас төмөр замын төсөл нь ирчихвэл бид өнөөдөр ч санхүүжүүлэхэд бэлэн байгаа. Төмөр зам барих асуудлаа шийдвэрлэж чадаагүй байна шүү дээ.
-Хий дэмий мөнгө төлж байхаар өөр төслийг санхүүжүүлж болдоггүй юм уу?
-Болохгүй л байна. Гэхдээ бас огт зүгээр хадгалж байхаар Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт 50 тэрбум төгрөгийн санхүүжүүлэлт хийхээр болсон. Өөрөөр хэлбэл, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгох банкуудад 50 тэрбум төгрөгийн санхүүжүүлэлт хийхээр болсон.
-Засгийн газраас хэрэгжүүлж буй жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг Төрийн банк болон Капитал банкаар олгохоор болсон. Гэтэл тэдгээр банкууд иргэдэд зээл өгөхгүй байгаа шалтгаанаа Хөгжлийн банк санхүүжилтээ хийхгүй байгаа гэдгээр тайлбарласан байна лээ?
-Өнөө маргаашгүй арилжааны банкуудын дансанд мөнгөө хийнэ. Төрийн банктай гэрээ байгуулсан. Тэгэхээр тун удахгүй иргэд жилийн зургаан хувийн хүүтэй зээлээ авч эхлэх юм.
Ж.ЭРХЭС
URL: