Намуудын нэр дэвшүүлэлт ”нулимстай” эхэллээ

Ирэх сонгуульд өрсөлдөх улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж эхэллээ. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хурал­даж, нэр дэвшигчдээ шигшив. Эндээс гарсан нэр дэвшигчдийг тойргуудад зоож, зоосон нэр дэвшигчдийг нь намын Бага хурал батламжлах байдлаар цаашаа явна. Харин Ардчилсан намын хувьд зарчим нь арай өөр. Тус намын дүрэмд заасны дагуу намын анхан шатны байгууллага болох үүр, хороод болон аймаг дүүргийн намын хорооноос нэр дэвшүүлэлтээ эхэллээ. Ардчил­­сан намын даргын гай­хуулах дуртай нөгөө их дотоод ардчилалтай нам маань аль хэр”ардчилсан” болохоо харуулж, УИХ-ын гишүүдээ сонгогд­сон тойргууд дээр нь унагаж эхэллээ.

Уг нь намын дарга ирэх сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа өмнөх сонгуульд ялалт байгуулж намдаа суудал авчирсан УИХ-ын гишүүдээ бүгдийг нь нэр дэвшүүлнэ гэж амласан. Гэвч УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Батж.Батбаяр нар Чингэлтэй дүүргийн Ардчилсан намаас, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Баянгол дүүргийн намын хорооноос нэр дэвших эрхээ авч чадалгүй уналаа. Тэдний оронд Чингэлтэйн тойр­гоос өмнөх сонгуулиар ялагдал хүлээсэн Б.Батбаатар, МоАХ-ны гэх Л.Алтанхуяг, мөн л өмнөх сонгуулиар Баянгол дүүрэгт нэр дэвшээд ялагдсан “Сентоза”-гийн С.Одонтуяа нар нэр дэвших эрх авсан байна. УИХ-ын гишүүдээс одоогоор ганц ч “унаа”-гүй яваа нь Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас нэр дэвших эрхээ аваад байгаа УИХ-ын Лу.Гантөмөр, Р.Амаржаргал нар.

УИХ-ын гишүүд нь намаа­саа гарч чадахгүй үсэрч байхад улс төрийн намуудын хуулиар оногдуулсан эмэгтэйчүүдийн квот ч мөн адил унаж байна. Хамгийн түрүүнд МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь төрсөн нутаг Говь-Алтайдаа бүдрэв. Түүний оронд ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсан аймгийн намын хорооны гишүү­дийн 70 гаруй хувийн саналаар нэр дэвших эрхээ авчээ.

Эмэгтэйчүүд хаачив

Ерөнхийлөгчийн Аюулгүй байд­лын бодлогын зөвлөх М.Батчимэгийг мөн адил АЭХ-ны гишүүн эмэгтэйчүүд нь дэмжихгүй хэмээн бослого гаргахдаа тулсан гэх. Түүнээс өмнө улс төрд орж ирээд арав, хорин жил зүтгэхдээ намаа өнгөлж нэг ч удаа сонгуульд орж үзээгүй, ялж үзээгүй хүүх­­нүүд хэрэндээ шаралхаж байгаа сурагтай. Энэ байдал нь эмэгтэйчүүдийг улс төрд дэм­жих угаасаа сонирхолгүй эрчүү­дэд аятайхан шалтаг болно биз. Гэхдээ л насаараа УИХ-д суу­чихаад нүднийх нь хор арилж, шуналын сав нь дүүр­дэг­гүй эрчүүдтэй юу зүйрлэх вэ дээ.
Үндсэндээ сонгогчдын дөр­вөн жил хүлээсэн мөч ирж, улс төрийн намуудын нэр дэв­шигч­дийг сонжингоо хэн нь хэнийхээ “нармайг нээх”-ийг харах цаг ч ирлээ. Уламжлал ёсоор Ардчилсан намынхан түрүүлж, араас нь МАН-ын нөхдүүд дагалдах бололтой. Уг нь бол энэ удаагийн сонгууль түрүү түрүүчийн сонгуулиудаас арай өөр. Сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан, нэр дэвшигчдийн хэтэвчний зузаа­наар бус, хэн чадвартай нь сонгогдохоор болсон гээд ирэх сонгуулиас хүлээж болох эерэг үр дүн ч олон байв. Гэвч дан ганц хуулиар зохицуулж болдоггүй зүйл гэж байна. Тэр бол улс төрийн намуудын нэр дэвшүүлэх үйл ажиллагаа. Иргэд, сонгогчид хичнээн хүслээ ч гэсэн энэ намуудын санал болгож байгаа нэр  дэвшигчид дотор л эргэлдэнэ. Үүнийг л “дургүй ламд дарж байж сахил хүртээх” гэдэг байх даа.

Уг нь бол УИХ-ын сонгуу­лийн тухай хуульд зааснаар нам тус бүр нэр дэвшигчдийнхээ 20 хувьд эмэгтэйчүүдээ дэвшүүлэх ёстой. Мажоритари тойрогт өрсөлдөх 48-ын ес нь, намын жагсаалтад багтах 28-ын ядаж тав нь эмэгтэйчүүд байх ёстой гэсэн үг. Харин одоогийн байдлаар Ардчилсан намын эхний арав дотор нэг эмэгтэй, Ардын намын эхний арав дотор бол нэг ч эмэгтэй багтаагүй гэсэн мэдээ байна. Өнгөрөгч долоо хоногт хуралдсан ҮЗХ-ны хурлаар эмэгтэйчүүдийг 28-ын жагсаалтад багтаахдаа 2:1 буюу хоёр эрэгтэй, нэг эмэгтэй, 5:1 буюу таван эрэгтэй нэг эмэгтэй гэдэг зарчмаар оруулья гэдэг хоёр өөр санал гарсан ч, эрчүүд нь олонхи учраас 5:1 буюу таван эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн зарчмаар жагсаалтыг гаргахаар дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл намын жагсаалтын эхний зургаад нэг, арванхоёрдугаарт нэг эмэгтэй нэр дэвшигч орж ирнэ, жагсаалтын 28 дотор дөрвөн эмэгтэй л багтана гэсэн үг. Квотын үлдсэн хэсгийг аймаг, дүүргийн намууд дээр унагасан эмэгтэйчүүдийнхээ тоогоор нөхөх гэж байгаа бололтой юм. Дараа нь хэлэх үгтэй, “нам нэр дэвшүүлсэн, өөрсдөө гарч ирж чадаагүй шүү дээ” гэж. Өмнө нь өрсөлдөгч намдаа өгөөш болгож өгдөг байсан бол энэ удаа нам дотроо унагадаг болж. Ингээд дараачийн УИХ-д эмэгтэйчүүд түлхүү орж ирнэ гэсэн иргэдийн хүлээлт унтарч, Мянганы хөгжлийн зорилтод тусгасан “2015 он гэхэд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн орол­цоог 30 хувьд хүргэх” амлалт ч будаа болж байгаа юм байна.

Жагсаалтыг хэн тэргүүлэх вэ?

Өмнө хэвлэлүүдээр гарч бай­сан таамаг ёсоор намын дарга жагсаалтыг тэргүүлэх ёстой. Ялсан намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэдэг утгаараа ч тэр. Үүний араас ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн намын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга гээд эвэртэн туруутангуудаа жаг­саа­гаад байвал сонгогчдоос санал цуглуулах байтугай цааш түлхэх нь энүүхэнд. Нам­даа олон жил зүтгэсэн, гавьяа байгуулсан юм хөөрхий гээд хууччуулаа жагсаагаад байвал Р.Гончигдорж, Ц.Нямдорж нар Х.Тэмүүжин, Ж.Сүхбаатараас илүү оноо цуг­луулж чадахгүй. Тэгэхээр хуучин лидерүүдийнхээ гавьяаг үнэлэхээс гадна тухайн намыг илүү шинэлэг, бүтээлч, эрч хүчтэй харагдуулж чадах шинэ залуу улстөрчдийг жагсаалтын дээгүүр тавих нь аль аль намын шаардлага. Ардчилсан нам шиг аль өөдтэй гэсэн болгоныгоо намын хороод дээрээ татаж унагаад, намын үүр, хороодыг өмчлөөд авчихсан шинэ цагийн “феодал”-уудаа өмнөө гаргаж тавиад явбал Ардчилсан намаас илүү Ардын нам шинэлэг харагдаж магадгүй. Тийм учраас л Улс төрийн намуудынхаа хуу­лийг шинэчлээч, нэр дэвшиг­чиддээ тавих шалгуураа тодор­хой болгооч гээд байсан хэрэг.

Нэгэнт сонгуулийн тухай шинэ хуулийг дагаж Улс төрийн намуудын тухай хуульд орох ёстой өөрчлөлтүүд нь УИХ дээр явж өгөөгүй учраас Ардчилсан намын хувьд ч, Ардын намын хувьд ч энэ асуудал бүдгэрч, нэр дэвшигчдийн асуудал нэг бол намын дарга нарын эрх мэдэл, үгүй бол анхан, дунд шатны намын байгууллагуудын дур зоргын асуудал болж байна. Ямар ч байсан нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн Ардчилсан намын хорооноос гаргасан шийдвэр лав сонгогчдын харж байсан хүлээлтээс алд дэлмээр зөрж гарлаа. Сонгогчдод сонирхолгүй байтугай Ардчилсан намд өөрт нь ашиггүй байх магадлалтай. Эсрэгээрээ МАН-ынхан шиг намын дарга нь бүгдийг шийдээд эхэлбэл УИХ-ын гишүүд иргэд сонгогчид руугаа хандаж биш, намын даргаа тойрч ажиллаад байх биз. Тэгэхээр дундын шийдэл нь юу байх юм бол?

Намын үндсэн дүрэм болон УИХ-ын сонгуулийн хуульд зааснаар УИХ-д нэр дэвшигчдийн асуудлыг намын удирдах дээд байгууллага буюу ҮЗХ, МАН-ын хувьд бага хурал эцэслэн шийдэх ёстой. Тэгэхээр удахгүй /маргааш, нөгөөдөр/ хуралдах Ардчилсан намын ҮЗХ, МАН-ын Бага хурлын шийдвэр өнгөрсөн өдрүүдэд нэр дэвшилт дээр гарсан олон маргааныг шийдэх ганц гарц болж байна.

Б.СЭМҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих