Үр удмаа утсгаж олох улстөрчийн өнөөгийн нэр хүнд

Монголд нэр алдартай том од болохын тулд их зүйл шаардагдахгүй, долоовор хуруу дохихын төдийд алдаршиж болно. Аав, ээж, хайр, морь гэсэн монгол хүний сэтгэлийг тойрсон хэдэн сэдвээр дуулаад л хөгшин, залуу, хүүхэд хөгшидгүй мэддэг од. Нутаг ус ярин гүйж гурил будаа, өвс тэжээлээр хүн, малын өлсгөлөн ходоодон дээр бяцхан тоглоод л бүхнийг мэддэг, шийддэг том улстөрч. Нэг ийм улстөрч “Энхболд миний хүслээр, илбэт цурхайн тушаалаар…” хэмээн орон нутгийнхаа бичил уурхайчид гэсэн цэвэрхэн нэр зүүсэн нинжа нарын дэмжлэгийг горьдож, тэдний өнөө маргаашийн хэрэгцээн дээр улстөрийн карьераа хийж сууна.
Бусдын эзэмшлийн үндсэн орд руу хууль бусаар орж алт олборлогчид өөрсдийгөө хууль тогтоогч байгууллагын дэд дарга Н.Энхболдын хамгаалалт, ивээл дор байдаг хэмээн аагархаж сүрийг үзүүлдэг болжээ. Тэд ил далд хэд хэдэн удаа Н.Энхболд гишүүнтэй уулзсан байх юм. Эрхэм дэд даргын хамгаалж хаацайлдаг нэрээ сольж, зүсээ хувирган бичил уурхайчид болсон Төв аймгийн Борнуур сумын нинжа нар алт баяжуулахдаа мөнгөн ус хэрэглэж хаягдал, шавартай усаа хадгалах зориулалтын далан сав байхгүй шууд асгаж байгаль орчныг хайр найргүй бохирдуулж байна. Үүнд нь нутгийн иргэд ихэд дургүйцэн яам тамгын газруудад бичиг хүртэл илгээжээ. Бичил уурхайчдын холбоо, “Хамо” компанийн алт цэвэршүүлсэн хаягдал ус нь Сүжигтэй, Найман зуугийн Булагтай голд шууд урсан ордог. Харин энэ усыг нутгийн ард иргэд ундандаа хэрэглэж, мал сүрэг нь ундаалдаг юм. Мөн аюулгүй ажиллагааг ноцтой зөрчин тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэж, тэр ч байтугай хувиараа алт олборлогчдод тэсэрч дэлбэрэх материал удаа дараа нийлүүлжээ. Энэ олон зөрчлөөс илүүтэйгээр санаа зовоож буй нэг асуудал бол хүний амь нас, тэр тусмаа нинжа нарын өөрсдийнх нь амь нас, эрүүл мэнд, үр удамд учирч буй аюул заналхийлэл юм. Зөвхөн Төв аймгийн Борнуур сумын “нинжа” нар дотроос өнгөрсөн онд гэхэд л таван хүн нас барсан байна.

Одоо арав гаруй “нинжа” суурь өвчтэй гэж сумын эмч ярьж байв. Үндсэн орд нь хатуу чулуулаг ихтэй, заавал буталж байж алт ялгах шаардлагатай байдаг учир тэсэрч дэлбэрэх болон химийн бодис хэрэглэхээс аргагүй нөхцөл үүснэ. Ийм үндсэн ордод орж хууль бус аргаар алт олборлогчид уушгины хавдраар өчиггүй шахам өвчилдөг. Энэ хүмүүсийн удмын сан гэж хэдэн үеийн дараа юу болохыг эрхэм гишүүн Н.Энхболд нэг удаа ч болов тунгааж үзсэн болов уу? “Зуун жилийн ганцаардал”-д гардаг шиг сүүлтэй хүүхэд төрвөл та сүүлийг нь авах мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгөөд сонгогчийнхоо төлөө бас нэг ажил амжууллаа гэж мөрийн хөтөлбөрийн тайландаа дурдаж суух уу? Дэлхийн цөөн бус хот суурин газарт уул уурхайн салбарын хууль бус олборлолт, химийн хорт бодис ашиглаж явуулсан үйл ажиллагааны хор уршгаар өвчин эмгэгт баригдсан, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй, гажиг хүүхдүүд төрж гамшиг нүүрлэж байсан гашуун түүх байдаг юм билээ. Монгол хүн та л монголчуудынхаа удмын сан, эрүүл мэндийг хамгаалахгүй бол гадны байгууллагууд хичнээн түмэн буян амлаж ирээд ч энэ талаар юм хийнэ гэж үү? Швейцарийн хөгжлийн агентлаг гэх бичил уурхайн төслийг дэмждэг сүртэй байгууллага байдаг ч үнэн хэрэг дээрээ монгол иргэдийн ирээдүйг харах бус өнөөдрийн өлөн ходоодон дээр нь л тоглож байгааг бид харж байна.

Өнгөрсөн сонгуулийн үеэр Өвөрхангайгаас сонгогдсон УИХ-ын гишүүд иргэдтэй уулзалт хийж явах үеэр З.Энхболд гишүүн “Алт, газарт байгаа бүх зүйл та нарын бүгдийн өмч” гэж хэлээд “Эрэл”-ийн Эрдэнэбатаас худалдаж авсан овоолгыг ашиглаж байсан 6 компанийн өмч рүү дайрч олз олдог өлөн ховдог нинжа нарыг өөгшүүлэн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг хувийн компани, нинжа нарын хооронд иргэний дайн үүсгэхээ шахаж байсан удаатай. Үг хэл ширүүнтэй З.Энхболд гишүүний хийсэн популизмаас иргэд л хохирч үлдсэн. Тэдэнд өнөө маргаашийг аргацаах нь л илүү чухал болохоос бус монгол хүний ген, хөгжил, хэтийн ирээдүй, монгол хүний удмын сангийн талаар бодлого ярих, хэрэгжүүлэх хүн манай улстөрчдийн дунд алга. Гэтэл монгол хүний удмын санд аюул нүүрлэж юун Хонгор сум гэх газар хаа сайгүй бий болжээ. Төв аймгийн Борнуурын Сүжигтэй, Төв аймгийн Октябрь уул, Залуучууд, Сэлэнгийн Зуунмод, Бороогийн талбай, Хэнтийн Батноров, Баянхонгорын Цагаан цахир гээд үндсэн ордуудад нинжа нар хууль бусаар орж тэсэрч дэлбэлэх бодис хэрэглэн, дураараа дургиж байна. Байгаль орчныг хамгийн ихээр бохирдуулагчид, байгалийн хорлон сүйтгэгчид нь хэзээ ч нөхөн сэргээлт гэгчийг хийдэггүй хувиараа алт олборлогчид болоод байгаа. Тэд байгалиа хөнөөж буй энэ ял дээрээ бас нэг ял үүрч яваа. Өнөөдрийн өлөн ходоодоо дүүргэх амь дүйсэн арга нь маргаашийн үр хүүхдээ алж байгаа, өөрөөр хэлбэл тэд Монголын ирээдүй үеийг хөнөөгчид.

Э.Мөнхтөр


URL:

Сэтгэгдэл бичих