Эрдэнэ баавайн үг үнэд орж мэдэх нь

Үүлэн чөлөөний нар шиг нэг нөхөр юунд зориод, яах гээд ч байгаа юм адал явдалт драмын жүжгийг жинхэнэ утгаар нь дэглэх болов. Өөрөө гол дүрийг нь чадварлаг гэгч нь бүтээн үр хүүхэд, хань ижпээ туслах дүрд нь тоглуулжээ. Нөгөөдүүлд нь ч аавын юм байнаа, байна.

Э.Батшугар хүү хэвлэлийн хурал хийхийнхээ яг өмнөх өдөр аавтайгаа уулзаж, баахан хууч хөөрчихөөд маргааш нь “Бидэнтэй аавыг огт уулзуулахгүй байгаа” хэмээн өрөвдөлтэйгөөр хоолойгоо чичрүүлэн сэтгүүлчдэд мэдэгдэв. Монголчууд ч угийн өрөвч сэтгэлтэй юм хойно эцэг, хүү хоёрыг ингэж амьдын хагацал үзүүллээ хэмээн баахан мунгинав. Гэтэл өнгөрөгч баасан гаригийн өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдээлэл хийж, Э.Батшугар хүүгийн худал хэлснийг илчлэн (аав, ээж, хүү гурвын уулзалт) тухайн үед хийсэн бичлэгийг олон нийтэд дэлгэж орхив.

Түүгээр зогсохгүй экс эрхэм Төв аймгийн хорих болон 461 дүгээр ангид хоригдож байхдаа эрх нь зөрчигдөөгүйгээр үл барам харин ч зарим үед шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажилтнуудтай зүй бусаар харьцаж байсныг нь нотлох бичлэгийг дэлгэсэн нь нийгэмд томоохон сенсааци дэгдээж орхилоо. Энэхүү бичлэгээс хэсэгчлэн хүргэвэл “Цагдаагийн хулгайч п… зогсч байна. Хуцав аа чи, дахиад хэрэг үүсгэ. (тэрбээр ингэж хэлэхдээ салаавч гаргав) Яаж ч чадахгүй та нар намайг. Чи зайл, зайл чи, зайл. Үхсэнээ хийгээд зогсоод байгаа юм… Тэр Ц.Нямдорж баасыг дууд. Ерөнхийлөгч чинь чамайг дуудаж байна, муу хулгайч аа гэж хэл” хэмээн албан үүргээ гүйцэтгэж яваа хууль cахиулагчдын өөдөөс зүй бусаар авирлаж байна.

Мөн ” Би монгол улсын ерөнхийлөгч за юу. Чи муу п… юу юм бэ. Намайг яллаж амжихгүй шүү, та нар” хэмээн эмнэлгийн орон дээр хэвтчихээд хоёр дахь удаагаа салаавч гаргав. Тэрбээр энэ үйлдлээрээ төрийг бас тавлаж байна. Энэхүү бичлэгийг үзсэн хэн хүнд багагүй зүйл бодогдох янзтай. Н.Энхбаяр гэдэг хүн Монгол төрийн гурван өндөрлөгийн сэнтийд 10 гаруй жил сууж, дэлхий нийтэд энэ улсын нүүр царай болж явсан нэгэн. Тийм ч учраас Монголын ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг байж, хууль цаазыг хэн хүнээс ч илүү ёсчлон биелүүлэх учиртай гээд эрүүл хүний толгойд их юм эргэлдэхээр. Гэвч энэ хүний сэтгэхүйд ердөө л өндөр дээд албан тушаал, хөрөнгө бэл, өшөө хонзонгоос өөр зүйл алга гэдэг нь энэхүү үйлдлээс нь харагдаж байна. Монгол төрийн их хаалгаар үзэгнээс өөр өмчгүй анх орж ирсэн тэрбээр төрд салаавч гаргаж, хариу барилаа. Гэхдээ л түүнд хуулиас дээгүүр эрх мэдэл байна. Энгийн жишээ. Хоригдож буй хэнбугай ч таван өрөөнд тарж хэвтдэг шоронгийн түүх байсангүй. Амралт, зугаалгын газарт саатаж буй юм шиг хорих төвийн ахуй амьдралтай ар гэрийнхнээ танилцуулдаг амьдралын “хууль” байхгүй. Эцэст нь хэлэхэд, түүний итгэсэн, дагасан, өрөвдсөн, уйлсан, өлссөн, өмгөөлөн хамгаалсан ард олонд өгсөн хариу нь ч бас салаавч байлаа.

Харин түүний дараагийн нүүдлийг одоо үүсээд буй нөхцөл байдал дээр нь үндэслэн тодруулахыг зоръё. Ямартай ч Н.Энхбаярын хоригдох хугацааг сунгаж, шүүх хурлын тов зарлагдсан болохоор тэрбээр энэ сонгуульд нэр дэвших боломжгүй болж байгаа юм. Тэр ч утгаараа Н.Энхбаяр, М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нарын үүсгэн байгуулсан улс төрийн холбоо шангаа татаж амжилгүй бутран унав. Тэгэхээр таван намын нэгдэл болгон зарласан энэхүү холбоо ганцхан Н.Энхбаярын гараар бүтэж байсан нь илт боллоо. Учир нь экс эрхмийг хоригдож эхэлмэгц М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар өөр өөрийн дагуулуудаа чирч гулдран энд тэнд битүүхэн уулзалдаж, МАХН-ын үүд хаалгыг онголзуулахаа болиод байсан гэх мэдээлэл чих дэлссэн.

Хамгийн гол нь Ерөнхийлөгч байсан хүний хөрөнгө мөнгө ч улс төрийн хүрээнд эргэн орохыг санаархагчдад ихээхэн хэрэгтэй байсан бололтой. Учир нь улс төрийн холбооны үйл ажиллагаа зогсонги байдалд орсон гол шалтгаан нь хөрөнгө мөнгөгүй болсонтой холбоотой гэнэ. Энэ тайлбарыг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал ч ил цагаан хэлж л байсан. Харин үүний цаад учир нь Н.Энхбаярыг эзгүй хойгуур эхнэр О.Цолмон нь “Юмыг яаж мэдэх вэ” гэсэн далд санаагаар хөрөнгө оруулалтаа түр зогсоосон юм байх. Ийнхүү элдэв зургийн цуглуулга болсон Н.Энхбаярын холбоо “хаан”-ын эзгүйд бутран унах нь тэр. Гэхдээ ч хэдхэн жилийн өмнө бие биедээ дайсан байсан хүмүүс нэгдэж нийлдэггүй. Улс төрд найз байдаггүй гэдгийг ийнхүү эл холбоо харуулав. Н.Энхбаяр 1997 онд парламентад орж ирмэгцээ хамгийн түрүүнд М.Энхсайханы Засгийн газрыг унагаж байсан. Харин түүний хариулт болгож, М.Энхсайхан өөрийн дотны анд Ж.Наранцацралт агсантай нийлэн Н.Энхбаярыг казиногийн хэрэгт хамаатуулан яллах гэж байсан гээд тоочвол олон хувь тавилангийн эргүүлэгт бие биенийхээ эсрэг явсан тохиолдлууд байдаг. Тухайн үед буюу 1999 онд казиногийн хэргээс Н.Энхбаярыг 20 мянган ам.доллар авсан хэмээж, тавдугаар сарын 15-нд барьж яллана гэдгээ талийгаач Ж.Наранцацралт хэдийнэ төлөвлөчихсөн байсан гэдэг. М.Энхсайхан ч эл төлөвлөгөөнд ихээхэн үүрэг гүйцэтгэж байжээ.

Мөн Н.Энхбаярт одоогийн дотны анд болоод байгаа Г.Уянга л анх “Авлигын загалмайлсан эцэг” гэдэг нэрийг өгч, олноо алдаршуулан хэлц үг болгож байлаа. Г.Уянга “Гадаад, дотоод хэргийн яам, цагдаа, тагнуул, Элчин сайдуудыг нэгтгэн нэг гарт барьж байгаа хүн бол Ерөнхий сайд Н.Энхбаяр. Түүнийг шинэ цагийн дарангуйлагч гэж нэрлэж болно.Өнөөдрийн болохгүй, бүтэхгүй байгаа бүхэн ганцхан  Н.Энхбаяртай холбоотой. Үндэсний дэвшлийн нам, МҮДН зэрэгт элсэх шахаж байсан Н.Энхбаяр МАХН-д элссэнээр улс оронд томоохон дарангуйлагч шинээр бий болсон түүхтэй. Н.Энхбаяр бол холын бодолтой бус холын шуналтай хүн гэж нэгэн цагт Эрдэнэ баавай үнэн зөв тодорхойлж байжээ. Б.Энхмандахтай нийлэн казиногийн хэргээс 20 мянган ам.доллар хувьдаа авч дөнгөсөн энэ хүн хэдэн ч удаа намын нэрээр, хашиж байгаа албан тушаалынхаа ачаар аврагдаж болно. Гэхдээ хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй учраас хэзээ нэгэн цагт баригдаж яллагдаж л таараа” гэж ирээд үлджээ.

Н.Энхбаяр төрийн өндөр сэнтийгээс буумагцаа ийм л хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлсэн. Энэ нь л түүний гол алдаа байж. Нэгэн цагт нэгнийгээ намнаж байсан хүмүүс баг болно гэдэг нь улс төрд бүтэхгүй асуудал гэдгийг яг одоо М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёрын дунд үүсээд буй нөхцөл байдлаас харж болохоор байна. Н.Энхбаярыг баригдсанаас хойш М.Энхсайхан ямар үйл ажиллагаа явуулав. Маргааш нь түүний Т\/-9 телевизэд нэг удаа ярилцлага өгснийг эс тооцвол өнөөг хүртэл хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Холбооны тэргүүн болох Н.Энхбаярын орыг залгамжпах дайнд л оролцож байсан болохоос намын нөхрийнхөө төлөө ганц ч үг ганхийсэнгүй. Ийнхүү удахгүй болох сонгуульд “толгой”- гүй холбоо хүнд байдалд орчихоод байна.

Дашрамд дуулгахад, МАХН-МҮАН-ынхан өчигдөр хуралдаж,НИТХ болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах ёстой байсан. Гэвч хуралдаан тодорхой шалтгааны улмаае болж хойшиллоо. Зүй нь улс төрийн намууд нэр дэвшигчдээ энэ сарын 25-н гэхэд тодруулж дууссан байх ёстой. Гэтэл эвслийнхэн ийнхүү их сунгааны зам мөрөө ч засч чадахгүй, яахаа мэдэхгүй мунгинах болов. Ямартай ч МАХН-ын дарга Н.Энхбаярыг тойрсон энэ бүх дуулианууд түүний цаашдын улс төрийн карьерт ямар үр нөлөө үзүүлэхийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Эх сурвалж: ” Нийгмийн толь”

О.Сэлэнгэ


URL:

Сэтгэгдэл бичих