Гадныханд татвараас зугтдаг ямар хууль үйлчлээд байна вэ

ИХ ХӨЛИЙН НАЛАЙХ

Улаанбаатараас Налайх хүрэх замд яриа дэлгэж явахад ихээхэн зүйл сонсох бололтой. Нийслэлийн хаяаг дэрлэсэн уурхайчны тосгон гэж эртнээс нэрлэгдсэнНалайх дүүрэг нийслэлтэй бараг холбогдчихсон гэж хэлэхээр. Налайхын зам тухайн үедээ жолооч нарын хурд сорьж үзсэн хамгийн сайхан зам гэгдэж байсан удаатай. Өрсөн хавтан шиг энэ зам цагийн уртад элэгдэж хурд сорих аргагүй болжээ. Анх 1962 онд хятадууд тавьж өгсөн гэдэг. Монгол орны хэвтээ тэнхлэгийн нэгээхэн хэсэг энэ зам завсаргүй машин сүлжсэн их хөлийн урсгал болжээ. Налайхынхан анхнаасаа Улаанбаатарыг нүүрсээр хангаж амьдралаа тэтгэж ирсэн түүхтэй. Бас болоогүй хүмүүс нь хоорондоо налайхынх гэж нутгархах аястай. Налайхын нүүрсийг анх хятадууд нээсэн гэдэг бол өнөөдөр нээснийхээ хэрээр ил далд хэтэвчээ зузаалсаар байгаа нь сонин. Харин тус дүүргийн зургаан хороонд амьдран суугч иргэд урин цаг ирж нүүрсний хэрэглээ зогсоход амьдрал хүндэрдэг гэцгээж байна. Иргэдийн худалдан авах чадвар муу. Уурхайн хортой нөхцөлд ажиллаж байсны тэтгэмж төдийхөн авдаг ажлын чадвар алдсан 20 гаруй мянган иргэн байдаг аж. Үе үеийн УИХ-д сонгогдсон гишүүд нь Налайхыг “үйлдвэрийн хот болгоно” гэж амласаар байгаад хашраачихсан гэнэ билээ.

Удахгүй нийслэлийн утааг бууруулах төслийн хүрээнд утаагүй түлш үйлдвэрлээд эхлэхээр хот руу нүүрс оруулахгүй болно. Тэгэхэд амьдрал хүндэрнэ гэж Налайхынхан ярьдаг юм байна. Оюутны хотхон барина гэж хуурсан гэцгээнэ билээ. Түүгээр зогсохгүй өнгөрсөн оны хавар хотын орлогч дарга Д.Ганболд Налайхын иргэдтэй уулзалт хийхдээ Улаанбаатар Налайхын хооронд хоёр урсгалтай хурдны зам тавина. Удахгүй эхэлнэ гэж амлаад явжээ. Гэвч зам эхлэх байтугай сураг нь тасарсан гэцгээж байна. Дүүргийнхээ даргыг цэцэрлэгт хүрээлэн барина гэхээс өөр юм ярьж мэддэггүй хүн гэх юм. Тухайн үед уурхайн тосгон гэгдэж олон ястан цугларсан нутаг, цалин сайтай элдэв зүйлээр элбэг баян байсан Налайх өнөөдөр нийслэлийн хаяа дэрлэсэн их хөлийн хот гэгдэхээр зүсээ хувиргажээ. Европ маягийн олон жижиг хувийн сууц олноор баригджээ. Энэ нь нүүрсний ач бизээ. “Налайх гэхээр нүүрсний уурхай бодогдоно. Налайх орно гэхээр уурхайчдын үр удамтай уулзана гэсэн үг” гэж нэгэн сэтгүүлчийн бичсэн нь бий. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын

Уран болоод баян байгалийн
Уул усыг бахдаж явахад
Урьдын ярьдаг лусын хаадтай
Уурхай дотор учирч байх юм.
Та бидний дээрх тэнгэр цэлийж харагдахгүй
Тас хар тэнгэр орой дээр минь
Талст оддоо гялалзуулж харагдах юм
Мэдээж таныг Увс, Ховдынхон
Манай нутгийн күмүнэ байна гээд угтана гэсэн “Налайх” найраглалыг замдаа бодож явлаа.

БАГАНУУР, ТАВАН ТОЛГОЙ СУРАГГҮЙ БАЙХ ҮЕД
Саяхан болтол ундааны шилнээс эхлээд чимэглэлийн шилэн эдлэл үйлдвэрлэдэг байсан шилний үйлдвэрийн өндөр яндан л үлджээ. Багануур, Таван толгойн нүүрс сураггүй байх үед Налайхын нүүрс монголчуудыг илч дулаанаар тэтгэж байсан даа. Өнөөдөр Налайхад цементийн нэг, тоосгоны 13 үйлдвэр ажиллаж байна. Уурхайн хэчнээн цооног байгаа нь мэдэгдэх арга алга. Нүүрсний цооног улам л урагшаагаа тэлээд байгаа аж. Зөвшөөрлийг Налайхын ЗДТГ-аас олгодог гэх юм. Нийт 80 гаруй жижиг цооног бий гэнэ. Энд тэнд гурвалжилж гаргасан ам, дэргэд нь хэлбэр муутайхан гэрүүд үзэгдэнэ. Налайхын уурхайн хуучин барилгуудыг харахад байлдаантай киноны бөмбөгдүүлчихсэн хэсэг шиг хэрзийгээд нурчихсан байгаа нь нэг л эвгүй. Уурхайн орчин нэлдээ бөмбөгөнд сийчүүлсэн аятай. Энд ямар ч удирдлага дэг журам гэж байхгүй.

Уурхайн амыг өөрийн болгож аваад гаргаж чадаж байвал хөдөлмөр хамгаалал зэрэг нь хамаагүй. Он гарснаас хойш найман хүн амиа алдсан гэж ярих юм. Эмгэнэлт ийм явдал хажууханд нь гарсаар байхад хашрахгүй гүн цооног руу орсоор л байдаг гэнэ. Цагийн дулаарлаар нүүрсний хэрэгцээ хумигджээ. Тэгэхдээ манай хөдөөнийхний хэлдгээр золбин “портер”-ууд нүүрс аччихсан явж байна аа. Зарим уурхай нүүрсээ гаднаа хамарлан хурааж цагаалчихаж. Хэдхэн хоног ажиллаад болино оо гэж ярьж байна. Өдөр уурхайчдад хоол хийж борлуулагчид ирдэг аж. Тэд бас зүгээргүй архи авч ирж борлуулдаг гэнэ. Зарим нь орой ажлынхаа хөлсийг авчихаад нөгөө архийг авч ууцгаагаад халтар нүүрлэн сууцгаана. “Та өвлийн улиралд ирсэн бол их л юм үзэх байсан даа” гэж байна. Юу үзэх юм бэ гэхээр согтуу хүүхнүүд олон байна шүү дээ гэнэ. Зарим нь хоол зарсан мөнгөөрөө нийлээд уучихсан суудаг гэнэ. Уурхайчдын амьдрал нэг иймэрхүү.

ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ТООСГОНЫ ҮЙЛДВЭРҮҮД
Харин Налайхын тоосгоны үйлдвэрүүд хятадууд нь ирчихсэн ажлаа эхлүүлээд язгануулж байна. Хятадууд нь аравдугаар сард яваад тавдугаар сарын эхээр ирдэг юм байна. Яг л нүүдлийн шувууд шиг. Тэд монгол хүний нэр дээр зөвшөөрлөө авчихаад үйл ажиллагаа явуулдаг аж. Нууц ноёнтноо хэлэх шинжгүй. Энд 13 үйлдвэрийн найм нь хятад эзэнтэй гэнэ. Бүгд 100 хувь Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд гэх юм билээ. Биднийг өнгөрсөн баасан гаригийн орой “Күн Лүн” компанийн тоосгоны үйлдвэр дээр очиход Налайх дүүргээс хоёр цагдаа ирчихсэн, архи уусан нэг залуу зэмлүүлчихсэн зогсож байхтай таарлаа. Монгол ажилчид нь архи уугаад хоорондоо зодолдсон учир цагдаа дуудсан юмсанж. Тус үйлдвэрийн эзэн Лю Жин Санаас, орчуулагч өвөр монгол залуу Цагаанаар дамжуулан хэдэн зүйл тодрууллаа. Энэ үйлдвэр ашиглалтад ороод таван жил болж байгаа аж. Жилдээ 4-5 сая тоосго үйлдвэрлэдэг гэнэ. 67 ажилчинтай түүний 22 нь хятад гэнэ. Ажилчид 260 мянгаас нэг сая төгрөгийн өндөр цалин авдаг гэлээ. Харин нэг монгол залуугаас “Та нар цалин сайтай юм байна” гэхэд “Худлаа өөрсдөө л тэгж авдаг биз” гэлээ.

Ажилчдадаа өглөө мантуу, өдөр, орой хоол өгдөг гэж байна. Өнгөрсөн жил ширхэг тоосгоны үнэ 130 төгрөг байсан, энэ жил яагаад 230 төгрөг болов гэж асуухад бүх юмны үнэ өсөөд байна шүү дээ гэнэ. Тоосгоны улаан шаврын үнэ өсчихөө юу гэхэд тэд хоорондоо инээлдэж хэлэх үггүй болов. “Сард хэдий хэмжээний татвар Налайх дүүрэгт төлдөг вэ” гэж асуухад хоорондоо хятадаар ярьцгааж байснаа “Улсад HӨT төлдөг, сайн мэдэхгүй байна аа, санхүү мэднээ” гэхээс өөр үг хэлсэнгүй. Ийнхүү тоосгоны үйлдвэрийн хятад эзэн татвар төлдөг эсэхэд хэлж мэдсэнгүй. Төдөлгүй нэг эмэгтэй орж ирээд өөрийгөө тус үйлдвэрийн Монголын талыг хариуцсан дарга нь гэж танилцуулаад “Та нар юун улс вэ, яагаад зураг аваад байгаа юм бэ, Өчигдөр “Хөх Монгол хөдөлгөөн”- ийнхэн гэж хүмүүс ирж манай хятад ажилчдыг заамдаж элдвээр хэлж, биднийг доромжлоод буцсан. Та нар яах гээд байгаа юм бэ” гэж загналаа. Бид зураг авахуулахгүй, сонинд бичүүлэхгүй гэлээ. Ажилчид олдохгүй, олдсон хэд нь архи уугаад хэцүү юм. Дээрээс нь янз бүрийн хүмүүс ирж дарамтлаад байх юм. Саяхан би аргаа бараад Завхан аймгаас 10 ажилчин олж ирлээ. Ажилгүй гэсэн хэрнээ ажил хийх дургүй. Тэгэхээр хятадуудаа оруулж ирэхээс яах вэ дээ гэлээ. Тэд Налайх дүүрэгт огт татвар төлдөггүй гэдгийг нэгэн эх сурвалжаас сонссон билээ. Татвар төлдөггүй гээд бодоход арай дэндүү байгаа биз. “Завхан” гэсэн нэртэй үйлдвэрийн харуул залуутай яриа өдөх зуурт өнөө л татварынхаа тухай асуулаа.

“Арван жил ажиллуулаад энэ бааюугаа өгчихөөд явчих юм гэсэн. Одоо гурван жил ажиллахад түрүүчээсээ нурж байгаа юм чинь арван жилийн дараа энэ юу үлдэх вэ дээ” гэж байна. Дүүргээс тоосгоны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж байгаа нь харагддаггүй гэнэ. Тоосгоны энэ үйлдвэрүүд Налайхын нөлөө бүхий дарга нарын ивээлд байдаг тухай л дуулснаа сонирхуулав. Та нар тоосго хийхийг сураад өөрсдөө хийж болохгүй юу гэж асуухад. Хятадууд тоосгоны шавар зуурч байгаа усандаа нэг юм хольдог юм. Түүнийгээ бидэнд харуулдаггүй юм. Тэрийг л мэдэх хэрэгтэй байгаа юм байна. Жилд хэдэн саяар нь тоосго үйлдвэрлэн борлуулж байгаа Энэ үйлдвэрүүдээс дүүрэг нь татвар авахгүй байна гэдэг хятадуудыг давруулж байгаагийн нэг жишээ юм. Өнгөрсөн жил нэг тоосго 110-135 төгрөг байжээ. Харин энэ жил нэг тоосго 230-250 төгрөгт хүрчээ. Нэг үйлдвэр жилдээ таван сая тоосго үйлдвэрлэдэг гэж бодоход овоо их мөнгө олж байгаа биз.

Бидэнд хэлж байгаа таван саяыг тоолсон хүн байхгүй. Хэд дахин илүүг үйлдвэрлэсэн байж болох. Үүнд нийслэл, дүүргээс хяналт тавьдаггүй нь илт байна. Энэ үйлдвэрүүдэд нийтдээ 400-гаад хятад ажилчид байгаа гэнэ. Тоосгоны үйлдвэрүүдэд Налайхын охид хөвгүүд олноороо ажилладаг юм байна. “Зарим охид хүүхнүүд ичиж зовохгүй хятадууд руу гүйлдээд байх нь бий шүү” гэж байна. Хятадууд намар буцахдаа цулайгаад буцдаг улс шүү дээ. Нэг тоосгоны үйлдвэрт 20-40 хятад ажилчин бий. Хаанаас хэний зөвшөөрлөөр ирж, олон cap хоногоор Монголд амьдарч болдог юм мэдэхгүй. Жил жилээс хятадуудын тоо нэмэгдээд байдаг. Монголчуудад ажлын хөлс өгөхдөө гар чанга. Эд хийхгүй яадгийм гэсэн хандлага байдаг юм гэж байна. Цементийн үйлдвэр нь сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Мөн л хятадууд ажилладаг юм байх. Өнгөрсөн жил 50 кг-тай нэг уут цемент үйлдвэр дээрээс нь авахад 6000 төгрөг байсан. Одоо барилгын ажил эхэлсэн болохоор 8000 төгрөгт хүрчээ. Ийнхүү ажил голдоггүй хятадууд манайд хамгийн их эрэлттэй барилгын материалыг үйлдвэрлэж хэтэвчээ зузаалсаар байгаагийн дүр зургийг Налайх дүүргийн өмнөд хэсэгт үйл ажиллагаа явуулж буй тоосгоны үйлдвэрүүдээс харж болохоор байна. Хэрийн хүн тоож очихгүй, улирлын чанартай үйлдвэрлэл явуулдаг тоосгоны үйлдвэрийн эзэд татвараас зайлсхийж түрийвчээ зузаалсаар усны шувууд шиг намар буцдагийг дүүргийн удирдлагууд анхаарна бизээ.

Н.Лхагва


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих