НАТО дорно зүг тэлэхдээ Монголыг ашиглана

МОСКВА. /Комсомольская правда/. 2012 оны тавдугаар сарын 20-нд эхэлсэн НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улс түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд анх удаа оролцоно. Энэ хөтөлбөрт гуравдугаар сард гарын үсэг зурсан бөгөөд олон улсын аюулгүй байдалд ихээхэн хэмжээний хувь нэмэр оруулсан орнуудтай илүү уян хатан хамтран ажиллах хүрээнд НАТО болон Монголын хооронд зөвшилцсөн анхны баримт бичиг юм. Хоёр тал аюулгүй байдал, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх болон боловсон хүчин бэлтгэх салбарт хамтран ажиллана.
Энэ нь хоёр тал ойртон дотносох бас нэг алхам болох юм. Энэ үйл явц 10 орчим жил буюу 2003 онд Монгол Улс цэргээ Афганистаны армийг бэлтгэх хөтөлбөрт оролцуулахаар анх илгээснээс хойш үргэлжилж байна.
Афганистан дахь НАТО-гийн бүрэлдэхүүнд 1300 орчим монгол цэрэг алба хаажээ. Монголын 1200 цэрэг Иракт олон улсын эвслийн хүчний талд байлдсан. Тэрчлэн Косовод НАТО-гийн энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс оролцжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, Монгол Улс НАТО-тай ойр дотно болох эрмэлзэлтэй байгаагаа “гурав дахь хөрш”-тэй болох хүсэлтэй гэдгээр тайлбарладаг.
Орос, Хятад гэсэн хоёр их гүрний хооронд “хавчигдсан” Монгол Улс бусад улстай харилцаагаа хөгжүүлэх замаар аюулгүй байдлаа хангахыг хичээж байгаа юм. ЗХУ задарсны дараа Монголын “гурав дахь хөрш”-ийн үүргийг Герман, Япон, Өмнөд Солонгос, Европын Холбоо гүйцэтгэж байна. АНУ болон НАТО-тай ойртон дотносох гэсэн эрмэлзэл нь Монголын армийг шинэчлэх шаардлагаас үүдэлтэй аж. Зөвлөлтийн үеэс үлдсэн цэргийн техник, галт хэрэгсэл нэгэнт үеэ өнгөрөөсөн тул шинийг Өрнөдөөс худалдаж авах шаардлагатай болсон, Санхүүгийн тусламжаас гадна НАТО-гийн ажиллагаанд оролцож байгаа нь Монголын цэргийнхэн байлдааны бодитой туршлагатай болох боломжийг олгож байна.
АНУ болон НАТО Монголыг газар зүйн байрлалынх нь хувьд ихээхэн сонирхож байгаа юм. Хятадын шинжээчдийн үзэж буйгаар, Монголтой харилцаагаа хөгжүүлэх нь АНУ болон НАТО сүүлийн үед стратегийн хувьд улам бүр чухал ач холбогдолтой болж байгаа Ази-Номхон далайн бүс нутагт нөлөөгөө өргөжүүлэхэд нь тус болно.
З.Амгалан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих