Хэрэгт холбогдсон ч “хуурай” гарсан гишүүд дахин сонгогдох уу?
АТГ-ын хатуу “гар” парламентийн танхим руу ширүүхэн дайрах боллоо. Энэ байгууллага шинэ дарга нартай болсон, сонгуулийн өмнөх бужигнаан давхацсан энэ үед нэлээн хэдэн УИХ-ын гишүүн “АТГ-д шалгагдаж байсан” гэх “хар данс”-тай болоод байгаа. “Жижиг жараахай биш, том тул барих хэрэгтэй “гэж олон нийт захиж байсанчлан АТГ-ын дэгээнд том “загаснууд” орж ирээд байна. Гэхдээ тэдний олонхийг нь “УИХ-ын гишүүн” гэсэн сэтэр хаацайлан хамгаалж байгаа юм. Гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар хэцүү даваатай тулах цөөнгүй хүн байна. Хэрэг нь мартагдаж эхэлсэн Л.Гүндалай, С.Эрдэнэ нараас эхлээд Н.Энхбаярын хэрэгтэй болоотойгоор АТГ-т шалгуулах болсон Ц.Батбаяр, H.Наранхүү нараар энэ жагсаалт үргэлжилж байгаа юм.
Сонгууль дөхөж байна. Толгой эргэм сурталчилгаа дунд хэн нь хэн бэ гэдгийг зарим нь мартаж эхэлжээ. Нүүрээ угааж, “нөгөө” хувцсаа өмсөхөөр холбогдсон хэрэг нь ор сураггүй алга болох мэт санаж яваа зарим нь 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр мөнгө, хөрөнгө хаяад эхэлсэн нь олон хүний нүдэн дээр ил байна.
Нэг хүн парламентад олон дахин сонгогдох нь мэргэшсэн парламетач бий болгох ч хэрэгт холбогдож, хууль зөрчсөн хүнийг дахин дахин сонгох нь хэр зөв бол гэдэг асуултыг танд тавья. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсээгүй тул эдгээр гишүүд хуулийн дагуу сонгуульд нэр дэвших эрхтэй.
Л.Гүндалай: Анх парламентийн танхимд бие даагчийн дүрээр орж ирсэн Л.Гүндалай гишүүн гурван парламентийн нүүр үзлээ. Сөрөг хүчнийхэнтэйгээ байнга сөргөөцөлдөж, нэрээ хэвлэлээр мандуулж байдаг тэрбээр хуулийн байгууллагынханд цөөнгүй удаа шалгуулж байсан. Улсын нууц задалсан, Эрүүл мэндийн сайд байхдаа улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон. Түүнийг Эрүүл мэндийн яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэж байв. Мөн Тайванийн Тайпэй хотоос тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан гэж шалгасан ч хэрэгсэхгүй болгосон билээ. Л.Гүндалай гишүүн энэ мэт тээгтэй байгаа ч оны өмнө Хөвсгөл нутгаас сонгогдоно гэж бардам хэлж байсан. Харин одоо АН-аас энэ тойрогт нэр дэвших хүмүүсийн нэрс дунд түүний нэр харагдахгүй байгаа юм.
О.Чулуунбат: МАХН-ын нэрийн өмнөөс нийслэлийн Хан-Уул дүүрэгт нэр дэвших гэж байгаа түүнийг Монгол банкны ерөнхийлөгч байхдаа дансны аргаар мөнгө “идсэн” гэж шалгаж байв. 2006 онд эрх мэдлээ хэтрүүлэн “Стоунлей интернэшнл” компанитай 200 сая ам.долларын баримтат аккредитив гэрээ байгуулснаас “Монгол банк”, “M and P” компанид гурван сая гаруй долларыг хүү болон торгуулийн хамт их хэмжээний хохирол учруулсан гэсэн асуудлыг дэлгэж байсан. Мөн 2003, 2004 онд валютын улсын нөөцийг гадаадын банк санхүүгийн байгууллагад байршуулахад тогтоосон таван сая долларын хэмжээг хэтрүүлэн 10 сая долларыг ОХУ-ын “Кредит транс” банкинд байршуулсан гэх мэдээлэл байдаг. Хуулийн байгууллага дээрх асуудлыг нэхэн шалгасан ч УИХ-ын гишүүн гэдгээр нь түдгэлзүүлээд байгаа.
С.Эрдэнэ: 2008 оны сонуулийн үеэр Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа “Хөтөл цемент шохой” компанийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хувь хүний эзэмшлийн зочид буудлын барилгыг 95 сая төгрөгөөр Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгөх шийдвэр гаргаж, албан тушаалаа хэтрүүлсэн гэж нэг хэсэг шуугисан. Мөн 2005 онд тэтгэврийн сангаас таван сая төгрөг авч, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга С.Чинзоригт өгсөн гэж буруутгаж байсан. С.Эрдэнэд холбогдох хэргийг 2008 оны аравдугаар сарын сүүлчээр яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорт шилжүүлсэн ч одоогоор мөн л түдгэлзсэн гэсэн статустай байнгаа юм. Харин С.Эрдэнэ гишүүн Баянгол дүүрэгтээ дахин нэр дэвшихээр хүч үзэж байна.
Ш.Сайхансамбуу: Чуулганы танхимд, хэвлэлийнхний өмнө Ш.Сайхансамбуу гишүүн өөрийгөө авлигал өгч байсан гэж зарласан нь АТГ-т өгөөш, бусад гишүүдэд инээдэм болж байлаа. Тэрбээр “Хэнд авлигал өгч байсан бэ гэвэл би нэрлэнэ дээ. Өгч байсан юм чинь нэрлэж чадна. Авлига авч байсан нөхөдтэйгээ бид нар зэрэгцээд сууж байна” гэсэн гэнэн үгнээсээ болж хуулийнханд шалгуулаад авсан. Сүүлд Ш.Сайхансамбуу гишүүн энэ тухайд дэгсдүүлж ярьсан гэж өчсөн тул хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм. Тэрбээр одоо Завхан аймагт сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхээр бэлдэж байгаа.
Х.Баттулга: Засгийн газрын дөрвөн гишүүнийг АТГ-т шалгуулахаар зориг гаргаж байсан Х.Баттулга гишүүн нэгэн цагт энэ байгууллагынхантай нүүр тулж байсныг залуу үеийнхэн төдийлөн мэддэггүй. Х.Баттулга дүүгийнхээ хамт Гаалийн баталгаат агуулахын хяналтын талбайд байсан 17 чингэлэг спирт зөөж оруулж ирсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж л байсан. Х.Баттулга буруутай эсэхийг шүүхийн байгууллага тогтоогоогүй, харин иргэд өөр өөрсдийнхөөрөө дүгнэсээр явна. Ц.Нямдорж сайдтай илт сөргөөцөлдөх болсон түүний нэр хүнд сүүлийн үед эрс өсөөд байгаа. Х.Баттулга энэ жил төрөлх нутаг Баянхонгороосоо нэр дэвших нь тодорхой болсон билээ.
Ц.Батбаяр, Х.Наранхүү: Хамгийн сүүлд АТГ-ын “цонхоор шагайсан” УИХ-ын гишүүд. Тэднийг МАХН-ын дарга Н.Энхбаярын авлига авсан, хууль бусаар эд хөрөнгө хувьдаа авсан гэх хэрэгт шалгаж эхлээд байна. УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг нийслэлийн засаг даргаар ажиллаж байхдаа Н.Энхбаярыг “Өргөө”, “Дүнжингарав” зочид буудлыг өмчилж авахад гар бие оролцсон гэж үзсэн байна. Дээрх зочид буудлуудыг хувьд шилжүүлэхдээ хотын дарга асан ямар ч тендерийн сонгон шалгаруулалт явуулаагүй гэдгийг АТГ-ынхан мэдэгдээд байгаа.
АТГ-ынхны хэлснээр Х.Наранхүү гишүүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргаар ажиллаж байхдаа Н.Энхбаярын үүрэг өгсний дагуу Хонконгод бүртгэлтэй “Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” гэдэг компаний захирал Мягмаржаргал гэдэг хүнтэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээ хийсэн гэв. Мягмаржаргал гэгч гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан ч Н.Энхбаяр дээрх компаниудтай дахин гэрээ хийх үүрэг өгсөн гэж АТГ мэдээлсэн юм.
Одоогоор Ц.Батбаяр, Х.Наранхүү нар УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байгаа тул хэргийг нь Н.Энхбаярынхаас тусгаарлан шалгахаар болсон. Тэдний хувьд 2012 оны сонгуульд өрсөлдөх боломж нь энэ хэрээр багасаж байна. Намынхан нь ч эдгээр гишүүдэд нэр дэвших тойрог өгөх бодолгүй байгаа гэж нам доторх эх сурвалжууд хэлж байгаа юм.
24tsag.mn
URL: