Хамгийн нөлөө бүхий хүнээр Женифер Лопес тодорлоо
“Форбс” сэтгүүл энэ удаагийн дугаартаа хамгийн нөлөө бүхий 100 хүнийг жагсаажээ. Жагсаалтын нэгдүгээрт, Америкийн дуучин, жүжигчин Женифер Лопес тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд уг жагсаалтын 50 дугаарт бичигдэж байсан түүний нэр хүнд энэ удаа огцом өсчээ. Учир нь тэрбээр “Аmerican Idol”-ийн шүүгчдийн нэгээр суух болж, олон байгууллагатай зар сурталчилгааны гэрээг амжилттай байгуулсан төдийгүй шинээр гаргасан цомгуудаас олсон ашиг гээд нийт 52 сая ам.доллар олжээ. Мөн түүний “Твиттер”-т 6.6 сая, харин “Фэйсбүүк”-т 12 сая шүтэн бишрэгчидтэй зэрэг нь жагсаалтын тэргүүнд бичигдэх нэг шалгуур болжээ.
“Форбс” сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнийг шалгаруулахдаа тухайн хүний жилд олсон орлого, хэвлэл, интернэтэд дурдагдсан байдал, нэр хүнд бүхий сэтгүүлийн эхний нүүрт хэр олон удаа зураг нь гарч байсан зэргийг үндсээ болгодог байна. Хоёрдугаарт, телевизийн нэрт хөтлөгч Опра Уинфри орсон бол өсвөр насныхны шүтээн болсон поп дуучин Жастин Бибер удаахь байрт оржээ. Мөн жагсаалтын эхний аравт дуучин Рианна, Леди Гага, Бритни Спирс, Кэтти Перри, Холливудын жүжигчин Том Круз, найруулагч Стивен Спилберг нар багтсан байна. “Форбс” сэтгүүлийн жагсаалтад байнга нэр нь бичигдэж байдаг Оросын нэрт теннисчин Мария Шарапова өнгөрсөн онд 71-д орж байсан бол энэ удаад 26 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр 59 дүгээрт оржээ. Дээрх сэтгүүл хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг 1999 оноос эхлэн гаргах болсон байна.
Д.ЦЭРЭНДОЛГОР
URL: