Ирц бүрдэлгүй хуралдсан чуулганаар хэд хэдэн хуулийн төсөл батлав

Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Шүүхийн захиргааны тухай багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингэхдээ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас гаргасан саналын томъёоллууд, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгасан юм. Энэ өдэр чуулганаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулж үг хэлэх хүн байсангүй. Ер нь чуулганы хуралдаанд 10 гаруй гишүүд сууж хажуу дахь суудлын товчлуурыг хэд хэдээр нь зэрэг дарж санал хураалгасаар байлаа.

Нийт 100 орчим зарчмын зөрүүтэй саналаар санал хураахад танхимд ийм байдал ноёлж цөөн хэдэн гишүүн өөрсдийн дураар санал хураалгасаар уг хуулийн теслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Ингээд Шүүх захиргааны тухай багц хуулийг хэлэлцэж дуусахад өдрийн 13 цаг болж байв. Хуралдаанд оролцогч 16 гишүүн гарахаар бэлдэж эхлэхэд хуралдааныг даргалагч цаг сунган хуралдах болсныг дуулгав. Ийн цаг сунган хуралдсанаар Герман улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хооронд хамтран ажиллах тухай, Энэтхэг улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газар хооронд хамтран ажиллах зэрэг хэд хэдэн хуулийн төсөл, тогтоолын төслийг баталлаа. Эдгээрийг батлахад чуулганы ирц мөн л хангалтгүй байж гишүүд өмнөхийн ижил зэргэлдээх ширээний саналын кнопыг дарж байв.

Энэ өдрийн чуулганы төгсгөлд Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ сарын 1-нээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тиймээс АТГ-ын бүтэц орон тоог шинэчлэх, бас өргөжүүлэх шаардлага тулгарч байна гэж тус газраас үзэн, дээрх төслийг УИХ-д өргөн барьжээ. Төсөлд зааснаар АТГ-ыг 145 албан хаагчтай болгож өөрчлөн байгуулахаар тусгасан байна. Тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр уншиж танилцуулаад санал хэлж, асуулт асуух гишүүн байгааг лавлахад нэг ч гишүүн асуулт асуухаар нэрээ ирүүлсэнгүй. Тиймээс санал хураалт явуулахад тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Дараа нь Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн болон Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр тогтоолыг баталлаа.

Л.Мөнх


URL:

Сэтгэгдэл бичих