Иргэдийн хувьцааг булаацалдаж эхэллээ
Иргэн бүрт 1-1,5 сая төгрөг болон хувьцаа эзэмшүүлнэ хэмээн өнгөрсөн сонгуулиар МАН, АН амласан.
Гэтэл өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирийн хэмээн иргэдийг 3-4 хэсэгт тэд хуваав. Мөн сонгуулийн амлалт нь сонголтоор биелэгдэх шинжтэй болов. Энэ нь иргэдийн эрх баригчдад итгэх итгэл алдрах нэг шалтгаан болж байна.
Эхний ээлжинд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настанд нэг сая төгрөгийг гурав хуваан бэлнээр олгох шийдвэрийг Засгийн газраас гаргав. Өнгөрсөн сараас өгч эхлэх байсан бэлэн мөнгө өнөөдрийг хүртэл сураггүй. Харин өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар хишиг хувь авахаар хүсэлт гаргасан 272582 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт олгогдох мөнгийг ирэх даваа гаригт өгөхөөр болсныг Сангийн сайд Д.Хаянхярваа мэдээлэв.
Тэрээр санхүүгийн эх үүсвэрийг зээлээр бус төсөв бүрдүүлэх компаниуд эхний ээлжийн мөнгөө төвлөрүүлж байгаа гэлээ. Хувь хишгээ тэсэн ядан хүлээж буй буурлууд гурав хувааж олгогдох мөнгөний эхний 660 мянган төгрөгийг авч эхлэх нь.
Бэлэн мөнгө авах иргэдийн өргөдлийг энэ сарын 20 хүртэл бүртгэж авах болсныг мэдээлсэн. Үүнийг
сонссон хүмүүс хорооны халамжийн ажилтны үүдэнд дугаарлажээ. СБД-ийн 14 дүгээр хорооны иргэн Г.Даваацэрэн “Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ олгож эхлээгүй байж бидэнд хэрхэн, хэзээ өгөхийг нь мэдэхгүй юм. Сонгуулиар гарч ирэхийн тулд амлалтаа биелүүлэх байлгүй. Би итгэлгүй байгаа” гэсэн юм. Тэнд дугаарлан зогсож буй хэн бүхэн “Хувьцаа нь ямар үнэтэйг мэдэхгүй, хоосон цаас харж суухаар бэлэн мөнгөө аваад зарцуулсан нь дээр юм” гэж байв.
Мөн сонгуулиас өмнө бэлэн мөнгөө тараагаасай гэх нэгэн байхад худлаа бас л нэг шоу болгож байгаа юм гэх нь ч таарлаа.
Харин нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар бэлэн мөнгө авах сонирхолтой иргэдийн хувьцааг худалдан авах саналыг хувийн компаниудаас тавьсан гэлээ. Уг саналыг тавьж буй компанийн талаар хорооны ажилтнаас тодруулахад үүнийг эрс үгүйсгэсэн юм. “Хувьцааг чинь бэлэн мөнгөөр худалдан авъя” гэж зарим компани ажилчиддаа санал тавьсныг эх сурвалж хэлж байлаа. Тэгэхээр төр, хувийн хэвшил хоёр иргэдэд олгож буй үнэт цаасыг булаацалдаж эхэлсэн бололтой. Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэн С.Наранбаяр “Хувьцааны үнэ хэд болох, бэлэн мөнгө хэзээ өгөхийг мэдэхгүй байна, Бас л иргэдийг чирэгдүүлсэн алхам хийж байгаа биз дээ. Харин үнэхээр хувьцааг худалдаж авах компани байгаа бол шуудхан бэлэн мөнгөөр баруун, зүүнээрээ солилцох нь илүү найдвартай гэж бодож байна” гэв.
Хорооны жижигхэн өрөөг нураах шахам дугаарлаж хувьцаа авахаар шуурсан иргэдээс илүү болох төлөвтэй харагдаж байлаа. Орон сууцны төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөр төлүүлэхийг тэд тэгтлээ хүсэхгүй байгаагаас харахад бэлэн мөнгийг илүүд үзсэн нь тодорхой байна. Харин заримынх нь хэлж буйгаар хэзээ ч нэмэр болдоггүй эрүүл мэндийн даатгалыг төлүүлээд яахав дээ гэсэн юм.
Эндээс харахад доктор С.Авирмэдийн хэлсэнчлэн сонгуулийн амлалтыг Тавантолгойн ашгаас өгнө гэдэг эндүүрэл гэдэг үнэнд ойр аж. Учир нь өнөөдрийг хүртэл эхний ээлжинд өгөх мөнгөний эх үүсвэр шийдэгдээгүй байхад үлдсэн иргэдийн мөнгийг хаанаас хэрхэн санхүүжүүлэх нь тодорхойгүй бүрхэг хэвээр үлдэх нь ээ.
Сангийн сайд Д.Хаянхярваа “Ирэх сарын 1 гэхэд үндэсний аж ахуйн нэгжүүддээ Тавантолгойн хувьцааг нэрлэсэн үнээр зарахаар төлөвлөж байна. Энэ нь дараагийн бэлэн мөнгөний эх үүсвэр бол-но” гэлээ. Ийнхүү бэлэн мөнгө тарааснаар инфляц хөөрөгдөх магадлал өндөр. Харин Сангийн сайдын үзэж буйгаар бэлэн мөнгийг гурав хувааж байгаа нь инфляцаас сэргийлж буй аж.
Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “МАН, АН хоёр өнгөрсөн сонгуулиар амласан бэлэн мөнгө нь улс орны эдийн засгийн даацаас хэтэрсэн зүйл. Гадаад орноос өр тавьж ард түмэнд чихэр долоолгон, хойч ирээдүйг өрийн барьцаанд үлдээж байгаа явдал. Ийнхүү сонгогчдыг хуурч байгаа нь түүхэн гэмт хэрэг” гэж байлаа.
Ядуурал, ажилгүйдэл хоёрт нухлагдсан иргэд хувьцаагаа төрд зарах уу, компанид зарах уу гэдэг хоёр салаа замын уулзвар дээр зогсчээ. Тэдний сонголт мэргэн байг.
Д.Оюунчимэг
zuunii medee
URL: