Увсын засаг дарга Э.Цасчихэрийг улс төрийн захиалгаар хорилоо
Увсын Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт Хан-Уул дүүргийн шүүхээс гэнэтхэн нэг өдөр 2-3 жилийн хорих ял оноож цагдан хорьсныг захиалгаар хийгдэж буй улс төрийн өшөө авалт гэж үзэх хүн олон байна.
Э.Цасчихэр нартай холбогдох дуулиан төвийн тодорхой нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2 жилийн өмнөөс давтамжтайгаар явж, хүмүүсийн тархинд болж бүтэхгүй хэдэн хүн Увс аймгийг удирдаж байдаг гэсэн ойлголтыг тарьж эхэлсэн. Увсын дарга нартай холбоотой гэх Нарийны голын гүүр, төрийн албан хаагчдын орон сууцны барилгын ажлын тендерийг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэсэн гомдлыг анх 2010 онд аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн АТГ-т гаргаж байжээ. Иргэний гэхээсээ улс төрийн зорилготой уг гомдлын дагуу АТГ-ын байцаагчид Увс аймагт ажиллаж, хэргийг прокурорт шилжүүлсэн байна.
Прокурор хянаад хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож байжээ. Гэвч Д.Дорлигжав Ерөнхий прокурор болсныхоо дараа хэд хэдэн хаагдсан хэргийг анхааралдаа авсны дотор Увсын дарга нарын хэрэг гээчийг сэргээн шалгаж эхэлсэн бөгөөд энэ нь сонгуулийн өмнөх жилтэй давцсан учир яах аргагүй улс төртэй холбон тайлбарлах хүмүүс олон байв.
Учир нь Д.Дорлигжав өөрийн төрсөн нутаг болох Увс аймгаас УИХ-ын сонгуульд 4 удаа нэр дэвшин өрсөлдөөд өвдөг шороодож байсан гашуун түүх бий. 2008 оны сонгуульд өрсөлдөж байхдаа тэр үед МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Э.Цасчихэрийг “мөсөнчихэр болгоно оо” хэмээн ил тод хэлж явсан ч сонгуульд ялагдал хүлээж, энэ санаархал нь талаар болжээ. Гэвч Ерөнхий Прокурор болсныхоо дараа Увсын дарга нартай холбоотой гэх хэргийг сэргээн шалгаж, Д.Батсайхан, Э.Цасчихэр нарт 2-3 жилийн ял оноосныг Д.Дорлигжавын өшөө авалт гэх хүн ч байгаа юм.
Нөгөөтэйгүүр АН сонгуулиас өмнө “1 сайд 12 засаг дарга, улаан тойргийг цэнхэртүүлье” гэсэн операци хэрэгжүүлж, МАН-ын нэр хүндийг олон түмний дунд унагах төлөвлөгөөгөө үргэлжлүүлж байна гэж үзэх хүмүүс ч байна. Энэ нь олон зүйлээр батлагдаж байгаа юм. Увсын дарга нараас өмнө МАН-аас угшилтай 2 ч Засаг даргад Бүгд найрамдах уншуулсан. Шалгагдаж буй Засаг даргын нэрс үүгээр зогсохгүй гэдгийг АТГ-аас мэдээлж байгаа.
Тэгэхээр Засаг дарга нарын ангуучлал цаашид үргэлжилнэ гэсэн үг. УИХ-ын чуулган дээр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нар хүчтэй тавьж АН-ын бүлэг дэмжиж байсан. Хэрвээ МАН олонхи байгаагүй бол Ж.Энхбаяр ард түмэн рүүгээ буу онилох мэргэн буучдыг бэлдсэн Батлан хамгаалахын сайд гэсэн муу нэр намтараас нь салахааргүй үлдэх байв. Үнэндээ Ж.Энхбаяр ард түмнийхээ хайр хүндлэлд явсан сайд аавын хүүхэд, өөрөө ч түмнийхээ хайр буяныг хангалттай хүртэж яваа залуу хүн, юу гэж ард түмнээсээ хамгийн өндөр саналаар сонгогдчихоод тэдэн рүүгээ буу онилох вэ дээ. Ямар Мао, Саддам Хусейн уу? Энэ бол АН-ын ээлжит улс төрийн нэг хэсэг юм. Гэвч энэ төлөвлөгөө УИХ дээр бүтэлгүйтэж нуран унасан. МАН-ын хэсэг гишүүд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын баривчилгаатай холбогдуулан Ц.Нямдоржийг огцруулах санал өргөн барьсан нь АН-д ээлжит төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх сайхан далим гаргаж өгөв.
Гэвч огцруулах санал өргөн барьсан гишүүдийн зарим нь, ИЗН, бие даагч З.Алтай нар МАН руу эргэснээр Ц.Нямдорж суудалдаа тогтож үлдлээ. Эцэстээ бол энэ бүхний цаана АН-ын “улааныг цэнхэртүүлэх” хэмээх төлөвлөгөө л явагдаж байгаа юм. Увс, Говь-Алтай бол түүхэндээ нэг ч удаа цэнхэр болж байгаагүй час улаан тойрог. Тийм ч учраас Ц.Нямдорж, Ж.Энхбаяр руу улайран дайрсан хэрэг. Шалгагдаж байгаа Засаг дарга нарын нэлээн дээгүүр Говь-Алтайн Засаг дарга Ш.Амгаланбаярын нэр ч сонсогдож буй. Увсын Засаг дарга нарт шууд ял тулган ар гэрийнхэнтэй нь ч уулзуулалгүй “Ганц” руу ачсан шиг явдал өөр дарга дээр ирэхийг ч үгүйсгэх аргагаүй. Улстөржсөн шинэ цагийн хэлмэгдүүлэлтийг Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар удирдаж, үүнд нь хэнээс ч хараат бус байх ёстой хууль хяналтын байгууллагууд татагдан оролцож байгаад олон нийт зэвүүцэж байна. Үнэхээр гэмт хэрэг хийсэн л бол хэн ч бай хуулийн өмнө хариуцлага хүлээх нь зүйн хэрэг юм. Харин шууд ял тулгах байдлаар шүүх хурал явуулна гэдэг бол ардчилсан нийгэмд байж болшгүй зүйл гэдгийг манай ардчилсан Ерөнхийлөгч мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг шүүх хурлыг даргалан явуулсан шүүгч шүүх хурлын дараа “Олон зүйлээр яллах байсан юм, харин прокурор заримыг нь хэрэгсэхгүй болгосноор гайгүй ял авлаа” хэмээн тавлаж байсныг юу ч гэмээр юм бэ дээ.
Увсын дарга нарт албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн 2-3 жилийн ял өгөхдөө чухам ямар хохирол хэнд учруулсан гэдгийг нарийн сайн тогтоогоогүй шууд л ял өгөх байдлаар хандсан хэмээн өмгөөлөгч нь үзэж байна. Тухайлбал, Э.Цасчихэрийг Төрийн албан хаагчийн орон сууцны барилгыг бариулах тендерт өөрийн “Мөнхжим-Өргөө” компанийг ялуулсан, төсвөөс мөнгө нэмж авсан атлаа 5 давхар баригдах орон сууцыг 4 давхар болгосон хэмээн буруутгасан аж. Уг барилгын тендерт аймгийн “Ундарга-Увс”, “Арвижих-Увс”, “Мөнхжим” компаниуд консирциум болон орж ялсан ч хэл ам гарсан тул “Мөнхжим” компанийн нэрийг татуулсан бөгөөд тус барилгын бүх гүйлгээ “Ундарга-Увс” компанийн дансаар хийгджээ.
Д.Батсайханыг төрийн албан хаагчын байрнаас эрх мэдлээ ашиглан байр авсан хэмээн буруутгасан аж. Үнэндээ энэ бүхнийг Э.Цасчихэр, Д.Батсайхан нар өөрсдөө дур мэдэн хийх ямар ч бололцоогүй бөгөөд ИТХ-ын гишүүдийн шийдвэрийг тэд хэрэгжүүлж байжээ. Уг орон сууц барихдах үе нь 2009 оны эдийн засгийн их хямралын үетэй давхцаж барилгын материалын үнэ нэмэгдсэний улмаас төсөв нь хүрэлцэлгүй зогссон аж. Энэ үед УИХ-аас тогтоол гарч улс орон даяар хийгдэж буй их бүтээн байгуулалтад төсвийн тодотголоор мөнгө нэмж олгож байв. Энэ дагуу тус орон сууцны барилгад аймгийн ИТХ-аас нэмж төсөв батласан ч тэр нь хүрэлцээгүйн улмаас 4 давхар болсон түүхтэй аж. Хэрвээ мөнгө нь хүрэхгүй гээд хариуцлагаас айгаад гэдийгээд байсан бол өнөөдөр Увсын 110 төрийн албан хаагч шинэ орон сууцанд орох эсэх нь эргэлзээтэй хэвээр байх байсан биз ээ.
Э.Цасчихэр, Д.Батсайхан нарыг буруутгаад байгаа орон сууцны барилгад олгосон нэмэлт мөнгийг ИТХ-ын 11 гишүүний шийдвэрээр ажлыг түргэвчлэх үүднээс гаргасан аж. Үүний 4 нь АН-ын гишүүд байсан гэнэ. Орон нутгийн төсөвт хохирол гараагүй, улсын төсөвт ч хохирол гараагүй гэдгийг Сангийн яам, орон нутгийн холбогдох хэлтэс нь бичгээр мэдэгдсэн ч нэгдсэн төсөвт 110 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн яллаж буйг хохирогчгүй, хэргийн бүрэлдэхүүнгүйгээр зөвхөн яллахын тулд ял өглөө хэмээн өмгөөлөгч нь үзэж байна. УИХ-аас гарсан тогтоолыг Засгийн газар биелүүлсний төлөө Д.Дэмбэрэл дарга, С.Батболд Ерөнхий сайдыг барьж хорьдоггүй. Тэгээд ч УИХ-ын шийдвэр нэг хүнийх байдаггүй. Түүнтэй адил орон нутагт хэрэгтэй чухал шийдвэрийг ИТХ олонхиороо гаргаж, Засаг даргын команд хэргжүүлдэг. Гэвч орон нутгийн дарга нарт УИХ, Ерөнхий сайдынх шиг бүрэн эрх байдаггүй учраас нэг л өдөр бариад хорьчихдог юм байна. Өмнө нь хуулийн байгууллага хянаад хэрэгсэхгүй болгочихсон хэргийг сэргээн шалгаж, өрсөлдөгч намынхаа дарга, Засаг дарга, Хурлын дарга нарыг сонгуулиас 51 хоногийн өмнө барьж хорино гэдэг улс төрийн зорилготой гэж хардахаас өөр арга алга.
Г.Ханбаатар soninmn
URL: