Н.Номтойбаяр сайд хүүхдэд ээлгүй нэгэн

Нийслэлийн А зэрэглэлд газар­тайгаасаа болж, хэрүүлийн алим болсон бид­ний мэдэх хүүхдийн паркийн хашаанд НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаярын зочид буудал сүндэрлэх нь ээ. Тиймээс л түүнийг хүүхдэд ээлгүй гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй болов уу.

Тодруулбал, Монголын алтыг эзэгнэгч “МАК” кор­порацийн мэдлийн өндөр цам­хаг Үндэсний соёл амрал­тын хүрээлэнгийн цөөхөн тог­лоомын дэргэд сүрийг үзүүлж буй мэт баригдахаар зураг төсөл нь аль хэдийнэ бэлэн болсон гэнэ.

“МАК”-ийн өв залгамж­лагч Н.Номтойбаяр Үндэсний цэцэр­лэгт хүрээлэнгийн хэл ам, хэрүүлийн бай болсон газрыг булхайлж авсан уу, лоббидож авсан уу гэдэг нь тодорхойгүй.

Учир нь паркийн газрыг дээрх хоёр аргын аль нэгээр л авах боломжтой юм. Энд босгох барилга нь АНУ-ын сүлжээ “Hyatt” зочид буудлынх аж. Одоо барилгын ажлыг эхлүүлэхээр хэдийнэ өрөмдөөд эхэлчихсэн.

Уг нь Монголд дэлхийд алдартай, нэр хүндтэй зочид буудал байгуулах гэж буйг сайн явдал гэмээр. Гэвч Мон­голын бүх хүүхдэд цорын ганц байдаг паркийн газраас хумс­лах нь даанч ичгүүргүй хэрэг.

Хамгийн гол нь “МАК”-ийн өв залгамжлагч Н.Номтойбаяр улстөрд эргэлт буцалтгүйгээр орсон. Тиймээс түүнд цэвэр, дардан зам хэрэгтэй. Өчүүхэн өө сэвээс болж нэр хүндээ шороотой хутгадаг улстөрчид адаг сүүлд нь цэвэр замналтай гэгдэхийн тулд хүнээс гарамгүй хөгийн зан гаргахаас буцдаггүй.

“МАК” корпораци улстөрөөс ангид гэдгээрээ бахархаж, бараг сайрхдаг. Гэвч корпорацийн эзэн аав, хүү хоёрын үйлдэл бүрт улстөр холилдож буй нь түмний нүдэнд ил. Мөн эцгийнхээ буянаар улстөрд орж ирсэн Н.Номтойбаярын мэдэлд олон тооны уурхай байдгийг монголчууд бүгд мэддэг болсон билээ. Түүний эзэмшлийн “МАК” компани 131.4 га талбайд хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөлтэй. Уг зөвшөөрлийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк барьцаалсан байдаг тухай нэг биш удаа яригдаж байсан. Эрхэм өв залгамжлагчийн эзэмшилд байдаг ордуудыг нөөцтэй нь дурдлаа. Үүнд:

-Дорнод аймагт орших Адуунчулууны уурхай, 290 сая тонн хүрэн нүүрсний нөөцтэй.

-Улаанбаатар хотоос 560 км зайд, Дорноговь аймгийн нутагт орших Цагаан суваргын ил орд 250 сая хүдрийн нөөцтэй.

-Элдэв, Хөөтийн нүүрсний уурхайн 30 сая тонн нөөцтэй. Уг уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр байгуулсан нь жилд 75 мянган тонн хагас коксон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай.

-Нарийн сухайтын чулуун нүүрсний орд 229 сая тонн нөөцтэй.

-Цагаан суварга зэс, молибдений ил уурхай 250 сая тонн зэсийн нөөцтэй байдаг байна.

Ингээд бодохоор мань хүний улстөрд нөлөөлөх хүч нь том байхгүй гээд ч яах вэ гэж түүний ойр дотныхон нь шивэр авир хийдэг юм билээ. Н.Номтойбаяр сайд мөн тун удахгүй цементийн үйлдвэр байгуулна хэмээн төлөвлөж байгаа тухай түүний ойр шадарладаг хүмүүс ч ярьж байсан. Мөн улстөрчдийн анхаарлын төвд байсан иргэний агаарын тээвэр компани нь санхүүгийн хямралд орж, ажилчдынхаа цалинг арай ядан тавьсан талаар ЗТБХБЯ-ны албаны хүн ч ам алдаж байсан гэсэн.

Эл байдлыг бизнес ухаанаар сэтгэсэн Н.Номтойбаярын шадар цэргүүд нь “Монголиан эйрлайнес” компанийг хүртэл мөнгөөр цохиж аваад зогсохгүй нууц ноёнтныхоо нэр дэвших Дорнод аймаг руу нислэг үйлдэх эрх авсан тухай амтай бүхэн ярих болсон. Учир нь “МАК” компани “Монголиан эйрлайнес” группийн хувьцаа эзэмшигч гэдэг нь бараг тодорхой болсон билээ.

Тухайлбал, өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон анхны нислэгийн нээлтийн үеэр “МАК”-ийн дэд захирал бөгөөд НХХ-ийн дэд сайд Н.Номтойбаяр тус компанийн удирдлагуудтай зэрэгцэн тууз хайчилж байсан билээ. Бүр нислэгийн компанийнхаа нэрийн товчлолыг “МАК” компанийнхаа нэртэй ижил болгосон юм. Ийнхүү “Монголиан эйрлайнэс” Дорнод аймаг руу нислэг үйлдэх бүх эрхийг өөрийн болгож аваад байгаа гэнэ. Зарим эх сурвалжийн мэдээллээр “МАК” компани болон “Монголиан эйрлайнс” компанийн санхүүгийн тайлан тооцоог нэг хүн гаргадаг, тэр ч бүү хэл санхүүгийн өрөө нь нэг дор байрладаг гэж байсан юм.

Угаасаа л эрхэм дэд сайдтан “Монголиан эйрлайнс” компанийн ТУЗ-ийн гишүүн гэдгийг өдгөө мэдэхгүй хүн байхгүй болсон. Н.Номтойбаярыг Дорнод аймагт нэр дэвшихээр яригдаж эхлэх үед МАН-ын гишүүн байсан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр намаасаа гарсан түүхтэй билээ. Ямартай ч өөрийн тойргоо өрсөлдөгчгүй болгох замаа засч яваа шинэхэн сайд үүнтэй адил өөрийгөө цэвэрлэж явах хэрэг гарах нь ээ гэж түүний нутгийнхан нь ярьж байсан юм. Саяхан өөрийн сонгогдох гэж буй Дорноддоо очиж шатахууны үйлдвэр байгуулна гэж ам гарсан байсан, түүнийгээ ажил хэрэг болгоосой гэж нутгийнхан нь ярьж байсан юм.

Хамгийн сонирхолтой нь МАН-аас нэр дэвших эсэх нь тодорхой болоогүй байхад Н.Номтойбаяр өөрийнхөө сур­тачилгааг дэндүү эрт, өөртөө итгэл­тэйгээр хийж байгаад иргэд нь нэг их гайхаагүй бололтой. Учир нь сайд өөрийгөө баттай гарна гэж найдсанд л байгаа юм. Тэгэхээр мөнгөтэй хүний зүстэй хүүг гарахгүй бол алдас болох байлгүй дээ гэж сайрхаж яваа тухай сүүлийн үед маш ихээр дуулдах болсон. Юутай ч нэг бус удаа эрхэм сайд Н.Номтойбаяр “Би золбин улстөрийн увайгүй тоглогч болохоос өөрийгөө хамгаалж чадна” гэж хэлж байсан юм. Тэгвэл энэ нь хэр үнэний ортой юм бол гэдгийг харах л үлдэх шив.

Эх сурвалж: ” Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих