”G mobile” хэрэглэгчдийнхээ эрх ашгийг зөрчив уу
Хэрэглэгчдийн эрх ашиг гэдэг ойлголт Монголд алга болсоор удаж байна. Аль дуртай байгууллага нь иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа ч албаны хүмүүс арга хэмжээ авч байгаа тохиолдол тун бага. Үнэхээр том зөрчил гарвал хаашаа юм гэхээс жижигхэн асуудлыг байдаг юм гэсэн үүднээс хандаж орхидог. Зөвхөн холбогдох байгууллагууд биш иргэд ч гэсэн жижиг асуудал гээд хаядаг шүү дээ. Үнэндээ жижиг асуудлууд явсаар том хохирол авчирдаг нь хууль. Өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулдаг дөрвөн том үүрэн телефоны оператор байгаа. Тэд иргэдийн эрх ашгийг алхам тутамд нь зөрчдөг гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Уг нь эдэн дундаа хамгийн гайгүй, “хүмүүжилтэй” нь “G Mobile” байсан юм. Гэтэл ойрноос хэрэглэгчдийнхээ эрх ашгийг зөрчиж, ахиу орлого олох эрдэмд суралцаж эхэлсэн бололтой.
Асуудлын гол нь тэд шинэ багц гаргасантай холбоотой. Тэр нь цөөнгүй хэрэглэгчид таалагдаагүй учраас багагүй гомдол гарч байгаа юм. Учир юу гэвээс энэ сарын эхээр “G Mobile”-ийн 9811****-тэй дугааруудад нэгэн сонирхолтой мессеж ирж эхэлж. Тэр нь хэрэглэгчдийн утасны яриа тарифт өөрчлөлт оруулж буйг мэдэгдсэн бичил захидал. Уг нь “G Mobile”-ийн дараа төлбөрт дугаарын хэрэглэгчид G1, G2, G3 гэсэн гурван янзын багцыг сонгож хэрэглэдэг. Бүр тодруулбал 4, 8, 12 мянган төгрөгийн багц гэсэн үг. Үүний эхний хоёр нь бүх сүлжээнд 55 төгрөгөөр ярьдаг байсан юм билээ. Харин 12 мянган төгрөгийн багцын хэрэглэгчид сүлжээндээ үнэгүй, бусад сүлжээнд 55 төгрөгөөр ярьдаг байсан аж. Гэтэл энэ сарын 1-нээс эхлээд өмнөх багцуудыг хамаарахгүйгээр сүлжээндээ үнэгүй, бусад сүлжээнд 200 минут үнэгүй гэсэн шинэ багц руу шууд шилжүүлчихэж. Нэг үгээр хэлбэл, 9811-тэй дугаарын хэрэглэгчид 20 мянган төгрөгийн суурь хураамж өгч, сүлжээндээ үнэгүй, бусад сүлжээнд 200 минут үнэгүй ярих эрхтэй аж.
Үнэгүй ч юу байх вэ дээ, 20 мянган төгрөгтөө багтааж ярина гэсэн үг шүү дээ. Тухайн хэрэглэгч өдөрт 20 минут бусад сүлжээнд ярьдаг байлаа гэхэд 10 хоногийн дараа өнөөх үнэгүй ярих эрх нь дуусна. Түүнээс хойш бол 20 хоногт 55 төгрөгөөр бусад сүлжээнд ярьсан мөнгө нь нэмэгдээд явна гэж байгаа. Өнөөх 20 минут ярьдгаар тооцвол даруй 11 мянган төгрөгийн төлбөр суурь хураамж болох 20 мянга дээр нэмэгдэнэ гэж байгаа. Дээрээс нь мессеж бичсэн үнэ нэмэгдэнэ. Энд нэг зүйлийг дурьдах хэрэгтэй. 20 мянган төгрөгийн багцад тааруулж 200 минут ярина гэхээр нэг минут нь 100 төгрөгөөр ярьж байна гэсэн үг байгаа биз. Түүнээс гадна тухайн хэрэглэгч ганц минутын дуудлага хийчихээд бусад үед огт яриагүй байлаа ч гэсэн 20 мянган төгрөгөө төлнө. Энэ мэтээр хэрэглэгчид хохиролтой байх магадлал өндөр. Хэрвээ тухайн хэрэглэгч 4000 төгрөгийн багц сонгоод, бусад сүлжээнд өдөрт 20 минут ярьдаг байсан гэж тооцоод үзье. Гэхдээ 100 төгрөгөөр биш, 55-аар ярина. 200 минут болоход 20 мянга биш 11 мянган төгрөг өгөх юм. Суурь хураамж 4 мянгыг нэмээд сайндаа 15 мянга. Тэгэхээр ядахын мууд 5000 төгрөг хэмнэж байгаа биз.
Энэ мэтээр бяцхан тооцоолол хийхэд хэрэглэгчийнхээ эрх ашгийг зөрчлөө гэх гомдлын хариулт бага ч гэсэн гарч ирнэ. Түүнээс гадна тэд хэрэглэгчдээсээ ийм шинэ багц сонгох уу гэж огт асуугаагүй тухай иргэд хэлж байгаа. Тэгээд зарим хүмүүс гомдол гаргаж, яагаад асуулгүй шилжүүлж байгаа талаар асуухад “Энэ дугаар таны нэр төрийн баталгаа. Хэрвээ зөвшөөрөхгүй бол дугаараа буцааж өгч болно” гэж хэлсэн гэсэн. Уг нь гэрээ байгуулаад, дугаараа авсан бол тэр хүн хэчнээн ч хамаагүй хугацаагаар эзэмших эрхтэй болно биз дээ. Бусдад зарах, бэлэглэх, солих хүртэл шүү дээ. Тиймээс тухайн дугаар “G Мobilе”-ийн өмч биш болж байна гэсэн үг. Энэ тохиолдолд хуулийн дагуу ямар нэг шинэ үйлчилгээ, багц энэ тэр нэвтрүүлэх гэж байгаа бол хоёр тал харилцан зөвшилцөх ёстой. Нэг үгээр хэлбэл, “G Mobile”-ийнхан манайхаас ийм багц гаргалаа, та авах уу гэх маягаар сонголт хийлгэх ёстой юм. Тэгээгүй, шууд шинээр гаргасан багцаа тулгана гэдэг өөрөө гэрээгээ зөрчиж байна гэсэн үг. Хатуугаар хэлбэл, тулган шаардах үйл ажиллагаа явуулсан байна.
Тухайн хэрэглэгч уг нь өөрт ашигтай байдлаар сонголтоо хийх ёстой шүү дээ. Хэнд ч 5, 10 гэлтгүй мөнгө илүүднэ гэж юу байх вэ дээ. Энэ талаар “G Mobile” компанийн маркетингийн албанаас тодруулахад “Бид бүх 9811-тэй хэрэглэгч рүүгээ утасдаж сануулсан. Багц сонгох эрхийг нь олгосон. Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй бол хуучин багцаа сонгож болно гэж хэлсэн” гэсэн юм. Мөн “Манай дараа төлбөрт хэрэглэгчдээс бусад сүлжээ рүү ярьдаг ярианы эрх өгөөч гэсэн хүсэлт маш их ирсэн. Тэр дагуу хэрэглэгчид рүү утасдахад 90-ээс дээш хувь нь зөвшөөрсөн. Цөөн хэдэн хүн зөвшөөрөөгүй. Тиймээс хэрэглэгчдийн ихэнхийх нь хүсэлтээр шилжүүлсэн. Ер нь ихэнх хүний сарын ярианы төлбөр 20 мянгаас дээш гарсан байсан. Тиймээс боломжтой гэж үзсэн” гэв.
Тэгэхээр үлдсэн 10 хувь буюу багадаа 900 хүний хүсэлтийг харж үзэлгүй, тулгасан гэж ойлгож болох юм. Харин нэр, төрийн баталгаа, дугаараа буцааж өг гэсэн асуудлыг огт яриагүй хэмээн үгүйсгэж байлаа. Түүний дараа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраар орж, энэ төрлийн гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгааг лавлах гэсэн боловч ажлаа хийж байгаа хүн нэг ширхэг ч байсангүй. Хэрэглэгчийн төлөө ажиллах байгууллага нь ийм байхад хохироож байгаа нь даврах нь ойлгомжтой биз дээ.
Н.ПУНЦАГБОЛД
mongoliin medee
URL: