Зэлтэрийн гацаа З.Энхболд

УИХ-ын гишүүн гэгдэхээсээ залхан дээшээ тэмүүлэх адийн хүсэлд автаад удаж байгаа хүн бол З.Энхболд. Тэрбээр өнгөрч буй дөрвөн жилийн туршидАрдчилсан намын даргын суудлыг өдрийн бодол, шөнийн зүүдээ болгоод байгаа. Мань хашир үүнийгээ ч олон нийтээс нуухаа больсон. Өөрөөр хэлбэл цагаандаа гарсан гэсэн үг.

“Би намын дарга болчихвол… ” гэсэн үг өгүүлбэр амнаасаа салгалгүй дөрвөн жилийг үзэж байгаа З.Энхболд намдаа өөрийн гэсэн багтай болохоор чамгүй хөдөлмөрлөсөн. Үүнийхээ ч хүчинд эрээвэр хураавархан хэдэн нөхдөөс бүрдсэн Шонхор фракцаа байгуулаад байгаа. Гэхдээ Шонхор фракцын гол зорилго өнөөгийн намын удирдлагаа унагаж өөрсдөө орыг нь эзлэх.

Хоёр жилийн өмнө Ардчилсан хүчний холбоо гэгчийг байгуулан баахан УИХ-ын гишүүдийг дэд даргаар сонгож байлаа. Гэвч холбооны ажил нь гар нийлэн явах боломжгүй болсон учраас Р.Амаржаргалаас эхлээд зайгаа барьж, З.Энхболд Шонхор гэх фракцыг байгуулсан. Түүний ийнхүү үхэн хатан намынхаа удирдах суудлын төлөө ил цагаандаа гаран зүтгэж байгаагийн цаад гаргалгаа нь Ерөнхий сайдын суудал. Ардчилсан нам энэ удаад ялна хэмээн бүрэн итгэчихээд байгаа учраас наана нь намын дарга болчихвол Монгол Улсын Ерөнхий сайдын сэнтий гулсаад л ороод ирэхээр харагдаад байгаа учраас. Мэдээж хэрэг улс төрийг эргэлт буцалтгүй сонгосон аавын хүү, ээжийн охин хэнбэгуай ч Монгол Улсын Ерөнхий сайд, цаашилбал Ерөнхийлөгчийн суудлыг сэмхэн мөрөөддөг.

Гэхдээ улс төрийг чин сэтгэлээсээ, урагшлах замаа дардан байлгаснаар өндөрлөгт хүрнэ гэсэн ойлголт нь ихэнх улстөрчдийг эрхгүй хойш суун шүүрс алдахад хүргэдэг байх. Харин З.Энхболдын тухайд ойлголтын түвшин арай өөр. Тэр ерөөсөө л бүхнийг хор найруулах, хувааж авахаар шийдэж болно гээд ойлгочихсон. Ямар сайндаа намынхаа Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг хошин шогийн тоглолт маягийн зүйл болгож байх вэ дээ. Хамтарсан Засгийн газарт ажилласан сайд нарынхаа ажлын үр дүнг дүгнэх ажлын хэсгийн ахлагчаар өөрөө ажиллаж байж түмний өмнө сайд нараа зэрэгцүүлэн зогсоож байгаад хийж чадаагүй ажлыг нь хэл амыг нь сугартал нэр цохон асуун түлж байв.

Ажлын хэсгийнхээ хурлын үеэр сайд нараа дуудаад далан булчирхайг нь дуудуулж болох л байсан. Гэхдээ түүний эл үйлдэл өөрөө товойн гарах гэсэн ганцхан зорилготой зорилтот драм байлаа. Харамсалтай нь тэр драм өөрийнх нь найруулснаар явалгүй нийт намынх нь нэр хүндийг шаварт хутгаж орхисон юм. З.Энхболд гэдэг шударга үнэнч тодрон харагдалгүй “Энэ Ардчилсан намын нөхөд чинь сайд болоод ч юм хийж чаддаггүй, хариуцлагагүй, ачаа даах чадваргүй…” гэх дүр зургийг нийгэмд шууд наасан. Улстөрчийн хувьд шаггүй хол давхиж мэдэх эдийн засаг талын түүний часхийсэн үгс араасаа харамсалтай нь энэ мэт эрх ашгийн сонирхол дагуулчихаад байдаг. Тэр Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Монгол Улсын бүхий л үл хөдлөх хөрөнгийн хувьчлалыг гардан зохион байгуулсан учраас халаас зузаантай. Геологийн төв лаборатори гэх арван давхар байшинг юутай хуйтай нь өөрийн мэдэлд бүрэн авснаа түмнээс нуугаад байдаггүй. Бас бус хөрөнгө хогшил ч байдаг л гэсэн.

Сонгогдсон аймаг Өвөрхангайн Уянга сумын нинжа нарын асуудалд ч орооцолддог юм байх. Нинжа нарын алтыг өөрийн туслах Бат-Орших гэх залуугаараа дамжуулан нааш цааш болгодог гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа харагдах болов. Ийм нэгэн эрхэм Ардчилсан намын пиарын багийг ахлан сонгуульд орох гэж байна. Харин хэзээд хувийн тоглолт хийсээр ирсэн З.Энхболд Ардчилсан намын ялалтад зэлтэрийн гацаа үүсгэх эсэхийг харах л үлдлээ.

С.Баяр


URL:

Сэтгэгдэл бичих