С.Жавхлан: Үзэл бодол нийлж явах айл маань МАХН юм байна
УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчид ирэх долоо хоногт тодорно. Нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг сонгууль товлон зарласан өдрөөс хойш 20 хоногийн дараа эхлүүлэхээр хуульчилсан.
Энэ хугацаа ирэх бямба гарагаас эхэлж, долоо хоног үргэлжлэх юм байна. Тиймээс сонгуульд оролцох нам, эвслүүдийн удирдах байгууллага ирэх долоо хоногийн лхагва, пүрэв гаригт хуралдаж нэр дэвшигчдээ тодруулах мэдээлэл байна. Тухайлбал, МАН-ын Бага хурал, АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн Бага чуулган, ИЗ-НН-ын Үндэснийхороо, Эх орон намын Бага чуулган энэ сарын 23-24-нд болох товтой байна. Нэр дэвшүүлэх ажиллагаа 25-нд дуусна. Гавьяат жүжигчин С.Жавхлан МАХН-д элсч байгаагаа мэдэгдлээ.
Тэрээр өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ч, эх орныг минь ч туйлдууллаа хэмээн онцолсон юм.
Нэг хэсэг үндэсний хувцсаа өмсөхийг уриалж, өөрөө ч үргэлж дээлтэй явсаар ирсэн тэрээр өчигдөр цэргийн ногоон хувцастай хэвлэлийн хуралд ирсэн юм. “Эх орон дуудаж байна. Эх орон амгалан, төр засаг ард иргэдээ амар тайван амьдрах цаг ирэх үед би цэргийн хувцсаа тайлах болно” хэмээн үүнийгээ тайлбарлав.
Мөн эрх баригчид Н.Энхбаяр гэдэг хүнийг эх орон шигээ туйлдуулж бүр цаашлаад яллахаар улайран дайрч байгааг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн.Тэрээр МАХН-ыг сонгосон талаараа ингэж ярилаа. “Би хөдөөгүүр явж байлаа. Замдаа төөрч, замаа мэдэхээ болиход гурван айл тааралдсан. Эхний айлынх нь гадаа очлоо. Тэнд хүмүүс дуу хуур, баяр цэнгэл болж байлаа. Мэдээж би дуу хуур, цэнгээн наадамд дуртай хүн бол тэр айл руу орох байсан. Харин орохыг хүсээгүй.Дараагийн айлруу явсан. Дараагийн айлын үүдэнд очиход тэд чанга чангаар хэрэлдэж байлаа. Юу булаацалдаж, яагаад хэрэлдсэнийг нь мэдээгүй ч ийм хэрүүлтэй айл надад зөв зам зааж өгнө гэдэг эргэлзээтэй. Аягүй бол нүүрэн дундуур минь цохиж аваад хөөгөөд явуулах биз. Харин гурав дахь айлын гадаа очиход уйлж байсан. Та бүхэн яагаад уйлж байгаа юм бэ гэж асуухад тэд “Бид газар шороогоо хамгаалж, эх орноо худалдахгүйн төлөө уйлж байва” гэсэн юм. Тэгээд би энэ хаалгаар орсон. Энэ айл маань МАХН байлаа” гэв.
“МАХН-ын даргыг баривчилж, хорьж, өлсгөлөн зарласан гээд өнгөрсөн үйл явдалд маш олон үн ялангуяа настан буурлууд санаа нь их зовж, даралт нь ихэсч хямарсан. Надад ч олон хүн хандаж, тэдний өмнөөс дуу хоолойгоо хүргэхийг шаардсан.
Би тэр хүмүүсийн дуу хоолойг хүргэх, нөгөө талаар иргэн хүнийхээ хувьд Н.Энхбаяртай уулзах хүсэлтийг АТГ-т дөрөвдүгээр сарын 30-нд гаргасан. Гэвч тавдугаар сарын 3-нд надад татгалзсан хариу өгсөн. Гэхдээ яагаад татгалзсанаа тайлбарлаагүй.
Өнөөдөр Монгол эх орон минь туйлдлаа. Монголд цианит, мөнгөн ус, цөмийн хаягдал, тонн тонноор хэмжцгдэх архи хэрэгтэй юу. Эсвэл бидэнд уух ус, цэвэр тунгалаг ариун дагшин байгаль, ан амьтан хэрэгтэй юу.
Өнөөдөр бидэнд хэрэтэй бүхэн үгүй болж, хэрэггүй бүхэн бий болж байна. Энэ амьдарч байгаа цаг үеэ харахаар бид харийнжсан, гадаадчлагдсан болж хувирч. Монголыг Монголоор нь авч үлдэнэ гэдэггүй Монголыг Америк шиг болгоно гэж амладаг хүмүүс биднийг удирдаад явжбайна. Өнөөдөр энэ шийдвэрийг дуулгаж байгаадаа би тааламжтай байна. Надтай дөрөө харшуулж, үзэл бодолд нийцсэн улс төрийн хүчин, хамт байх айл маань МАХН. Уламжлалаа ч бодоод үзсэн миний аав энэ намын гишүүн байсан. Монголд шинэ цаг авчрахын тулд би энэ гэрт байгаа хүмүүстэй нийлж байна. Чадаж байгаа хүмүүсийг, худлаа инээдэг, шунал тачаалтай хүмүүсийг дэмждэг залуу би биш. Би чадуулж байгаа, үнэнээсээ ганцаардаж байгаа, хүн гэдэг эрх нь зөрчигдөж байгаа, эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж чаддаг хүмүүстэй зам нийлэх болно. МАХН эрх баригчдын биш эх орончдын нам байгаасай. Хөгшин залуу, худалдагч, цэвэрлэгч хамаагүй хэн ч бай чиний зүрхэн дотор эх орон чинь байгаа бол энэ бүл дотор нэмж орж ирээсэй гэж уриалж байна. Эх орон дуудаж байна залуус аа” хэмээн уриалсан юм.
Хэвлэлийн хурлын үеэр тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Намын батлахаа авсан уу?
-Одоохондоо МАХН гэдэг энэ айлын өрхийн тэргүүний бие муу байна. Тиймээс тэнхрэхээр нь би тэр хүний гараас намын батлахаа авна. Таны гаргасан зүрх зориг, сэтгэл бүхнийг Монголын залуучууд дэмжиж байгаа гэдгийг би дамжуулахыгхүсч байна.
-Шийдвэрээ хэзээ гаргасан бэ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан үйл явдал танд ийм шийдвэр гаргахад хүргэв үү?
-Би саяхан шийдсэн.
-Удахгүй болох сонгуульд нэр дэвших үү?
-Мэдээж. Миний оронд байсан хэн ч ийм шийдвэр гаргах байх. Яагаад гэвэл намайг дэвшихгүй гэвэл айлаа, хулчийлаа гэнэ. Надад буцах газар байхгүй. Зөвхөн сонгуульд ялах ч жижигдэнэ. Миний өмнө маш том зорилго бий. Монголд улс төрч гэж цээжээ дэлддэг хүн биш жинхэнэ эх орончид хэрэгтэй.
Ярилцсан Б.Нямсүрэн
URL: