Өвөрхангайчууд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаа, санаачилгуудыг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны анхны орон нутаг дахь томилолтоо Өвөрхангай аймгаас эхэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  тус аймагт очсон өдрөө нутгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч  хийж хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаагаа зургаан үндсэн чиглэлээр танилцуулсан.

“Юуны өмнө аливаа улс орны хамгийн чухал зүйл бол тухайн улсын аюулгүй байдалтай холбоотой асуудал байдаг. Монгол Улсын төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болон, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувьд аюулгүй байдалд анхаарч ажиллаж байна. Өнгөрсөн жил Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдэн батлагдлаа. Цаг үеийн шаардлагаар аюулгүй байдлыг илүү өргөн утгаар харж,  шинээр олон зүйл нэмэх шаардлагатай байсан. Аюулгүй байдал гэдэг зөвхөн төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого төдийгүй иргэдийн оролцоогоор хангагдах болсныг энэ үзэл баримтлалд тусгалаа.

Дараагийн нэг анхаарч ажиллаж байгаа чиглэл бол шийдвэр гаргахад иргэний оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Төр иргэнээсээ асууж шийддэг, тэднээс хамааралтай байх ёстой. Төр бол эрх мэдлийн  үргэлжлэл биш иргэний үргэлжлэл. Энэ ойлголтыг иргэд өөрсдөө ч сайн ухаарч ойлгодог болжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд  анх удаа “Иргэний танхим” гэж байгуулагдлаа. Иргэд энд ирж чөлөөтэй үгээ хэлдэг, тэр хэлсэн санал нь шийдвэр, дүрэм журамд тусгагдаад явдаг энэ хэлбэр одоо тогтож эхэлж байна. “Иргэний танхим” байгуулагдсанаас хойш олон хуулийн төслийг хэлэлцүүлж, иргэдээс санал авлаа. Хөдөө орон нутагт, нийслэл дүүргүүдэд Иргэний танхим байгуулах шийдвэрүүд гарч  байгааг сонсоход сайхан байна. Ер нь хүмүүсээс өөрсдөөс нь асууж шийдсэн шийдвэр хэрэгжихдээ амархан байдгийг аль ч шатандаа ойлгодог болжээ. Цаашдаа бид төлөөллийн ардчиллаас , шууд ардчилал буюу эцсийн шийдвэрийг ард түмэн гаргадаг тэр хэлбэр рүү явах ёстой гэж бодож байна. Орон нутагт эрх мэдэл өгнө гэдэг бол тэнд ажиллаж байгаа даргад эрх мэдэл өгнө гэсэн үг биш, иргэдэд эрх өгнө гэсэн үг. Энэ чиглэлээр хуулийн төслүүдийг санаачлаад ажиллаж байна. Тухайлбал төсөл хэлэлцэх үеэр  тухайн орон нутгийн иргэдийн саналыг заавал  авдаг байх нь зөв гэж бодож байгаа. Төрийн тодорхой чиг үүргийг ч төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоодоор хийлгэдэг болох хэрэгтэй гэж үзэж байна.

Гурав дахь гол асуудал бол шударга ёстой холбоотой. Шударга ёс тогтох гэдэг бол нийт ард түмний хүсэл юм. Хамгийн гол нь та бүхэн өөрөө өөртөө шударга ажиллах, бусадтай шударга харьцах шийд гаргаарай. Өөрөө өөртөө гаргасан шийдвэр шиг хүчтэй шийдвэр  байдаггүй. Төрийн байгууллагынхан иргэдийн төлөө, хүний эрхийг хүндэтгэн ажиллах шийдвэрээ өөрсдөө эхэлж гаргах хэрэгтэй.Бид шударга ёсыг тогтоох тухай ярихад  зарим төрийн байгууллагын үйл ажиллагааг шударга болгох, ингэхийн тулд  хуулинд өөрчлөлт оруулах шаардлага байгааг олж харсан.  Одоогийн байдлаар энэ чиглэлийн 4 шинэ хуулийн төсөл өргөн бариад байна. Дахиад хэд хэдэн хуулин дээр ажиллаж байна.

Би Монгол Улсын  Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан ард түмэндээ хандаад өглөө бүхэн  та бүхний захисныг санан санан ажиллах болно гэж хэлж байсан тэр амлалтаа нэг ч өдөр мартдаггүй. Энэ бол зөвхөн Ерөнхийлөгчийн биш, төрийн бүх шатанд ажиллаж байгаа хүмүүсийн хүсэл эрмэлзэл байх ёстой гэж бодож байна” гэж ярилаа. Тэрээр мөн  байгаль орчныг хамгаалах, монголыг дэлхийтэй холбох , монголын уламжлал соёл зан заншлыг хадгалах сэргээх чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцуулав.

Дараа нь нутгийн иргэдийн сонирхсон асуултад хариуллаа. Иргэд орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх  , архидалтыг бууруулах, боловсролын чанарыг сайжруулах, шүүх хуулийн байгууллагуудын шинэчлэл, үндэсний аюулгүй байдал, ажлын байр, ёс заншлаа сэргээх зэрэг маш өргөн хүрээнд асуулт тавьж, санал хүсэлтээ хэлж байлаа.

Орон нутгийн иргэд, малчдыг дэмжих хангалттай олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа боловч зээлийн барьцаа хөрөнгө шаардагддаг, банкны хүү өндөр байгаа, танил тал хамаатан саднаа ажилд авдаг, намын харьяаллаар ялгаварладаг гэхчилэн ажил, бизнес хийхэд хүндрэлтэй байдаг асуудлуудыг ч Ерөнхийлөгчид  ярив.

Ерөнхийлөгчийг Дээд боловсролын санхүүжилтын тухай хууль санаачилсныг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ хууль хэрэгжиж эхэлбэл олон мянган айл өрхөд эдийн засгийн дэмжлэг болох юм гэж байлаа.

“Дээд боловсролын асуудлыг  зарим хүмүүс нэг салбарын асуудал гэж ойлгодог. Энэ бол салбарын биш нийгмийн асуудал юм.  Өнөөдөр манай улсын нийт өрхийн 65 хувь нь  оюутантай байна. Оюутнаа их дээд сургуульд оруулсан айл өрх эдийн засгийн асар их дарамтад ордгийг төрөл бүрийн судалгаа харуулж байгаа. Монголд дээд боловсролын зардалын 85 хувь нь оюутны төлбөрөөс бүрдэж байна. Энэ бол маш өндөр тоо. Бусад оронд энэ тоо 9-20 хувь л байдаг. Шинэ хуулиар оюутныг цалинтай болгоё гэж байгаа. Дээд боловсролыг төрөөс санхүүжүүлж, оюутанд сурах нөхцөл бололцоог хангахын тулд цалинтай болгох энэ тогтолцоог бид нэвтрүүлэх ёстой. Оюутан хариуцлагатай, сонголттой, боловсрол чанартай болох бүх нөхцөл бололцоог судалж энэ хуулинд тусгаж өгсөн байгаа. Бид хуулийн төслөө их хурлын гишүүдэд танилцуулсан, хоёр намын бүлэг дэмжиж байгаа учраас удахгүй энэ хууль батлагдана гэдэгт итгэж байна” гэж Ерөнхийлөгч ярив.

Монгол Улсын Ерөнхийлөгч архинаас татгалзахыг уриалсныг өвөрхангайчууд талархан хүлээж авснаа энэ уулзалтын үеэр илэрхийлж, цаашдаа архидалтыг бууруулах, чанаргүй архи үйлдвэрлэхийг зогсоох, энэ чиглэлээр хүүхэд залуучуудад зориулсан сургалт сурталчилгааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар их зүйл хийнэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ. Түүнчлэн  ашигт малтмалын лиценз олголтыг түр зогсоох шийдвэр гаргасан нь цаг үеэ олсон хэмээн үзэж байгаагаа тэд Ерөнхийлөгчид хэлсэн.

Уулзалтад УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Эрхэмбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд Х.Золжаргал, ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан болон зарим агентлаг,  яамдын газрын дарга нар орон нутгийн удирдлага оролцож, иргэдийн асуултад хариулт өглөө.


URL:

Сэтгэгдэл бичих