“Нямдорж оо, чи сонгуулийн булхай хийх гэж сайдынхаа суудалд үлдсэн”

УИХ-ын сонгуулиар цахим үнэмлэхийг тарааж амжихгүй гэж хариуцсан сайд нь мэдэгдээд байгаа ч Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэсэн томоохон хотуудад ашиглах боломжтой гэж УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуяг хэлж байгаа. Тэрбээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн үгэндээ “Би баргийн юманд дуугардаггүй ч үгээ хэлэхгүй бол болохгүй нь. Иргэний үнэмлэхтэй холбоотой сонгууль будлиантуулж байгаа нь зохион байгуулалттай гэж би хэлнэ. Үүнийг та нар өмнө нь хариуцаж байсан хүнтэй холбож гурван сар үлгэр ярилаа. Харин ч би завхарлыг цэгцэлж байсан. Хуучин 21 аймаг, нийслэл хотод 22 машинаар иргэний үнэмлэх хэвлэдэг байсныг чинь би зогсоосон. Иргэний цахим үнэмлэх хэвлэж амжина гэсэн үзлээр зогсоосон юм. Цахим үнэмлэхийг хариуцаж ажиллаж байсан хүмүүсийг та нар халчихсан. Та нар сонгуулийн өмнө иргэний бүртгэлийн газраар бүтэн тоглолоо.

Дээр нь та нар үнэмлэхний асуудлаар сонгуулийг гацааж байгаагаа баяр баясгалантайгаар зарлах юм. Цахим үнэмлэхийг тараах боломж бий. Ядаж нийслэл, Дархан, Эрдэнэтэд тараах боломж өнөөдрийг хүртэл байсаар байна. Үүнийг Ц.Нямдорж, УБЕГ-ын дарга Л.Амарсанаа нар хийхийг хүсэхгүй байна.
Одоо гурван секундын дотор иргэний таньдаг хурууны хээг нь яаж ашиглахгүй байх вэ гэдэгт толгойгоо ажиллуулж байна. Та нар шударга байдал, ил тод явдлыг завааруулдаг байдлаа зогсоо. Сэтгэл байвал сонгуулийн үеэр хуучин үнэмлэхийг цоолж болно. Тэртэй тэргүй хуучин үнэмлэхийг дахиж ашиглахгүй шүү дээ. Та нар булхайцахдаа яагаад залхдаггүй юм бэ. Төрийн үйлчилгээг шударга, ил тод, хурдтай болгоё гэж цахим үнэмлэхийг хийхээр болсон. Та нараас өөдтэй, олигтой юм гарахгүй юм байна” гэв.

Н.Алтанхуягийн дээрх үгэнд эгдүүцсэн Ц.Нямдорж сайд “Сонгууль будлиантуулах гэж байгаа юм биш. Н.Алтанхуяг энэ ажлыг гурван жил хийсэн, би гурван сар хийж байна. Бид халаа сэлгээ хийж байгаа нь иргэний бүртгэлээр 10-аад жил ажилласан хүнээр энэ байгууллагыг бэхжүүлж байгаа” гэсэн юм. Ийнхүү Н.Алтанхуяг, Ц.Нямдорж нар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр би, чидээ тулан хэрэлдсэн юм.

Н.Алтанхуяг хууль зүйн сайдад хандан “Нямдорж оо, чи бууны нохой шүү дээ. Чи сонгуулийн булхай хийх гэж сайдынхаа суудалд үлдсэн” гэсэн бол Ц.Нямдорж сайд “Чи тийм юм бол Засгийн газартаа байж байхгүй яасан юм” гэчихэв. Үүний хариуд Н.Алтанхуяг “Чамд хайртайдаа МАН-ынхан авч үлдсэн гэж бодож байгаа бол битгий горьд” гэв.

www.time.mn


URL:

Сэтгэгдэл бичих