Ардчилсан намын фракцууд квотоо ингэж хуваажээ
ҮЗХ 28-ын жагсаалтын журмаа өнөөдөр хэлэлцэнэ-
АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны өнөөдөр үдээс хойш 17 цагаас болох хуралдаанаар УИХ-ын сонгуульд намын рейтингээр буюу 28-ын жагсаалтад орох нэрсийг гаргах журмаа хэлэлцэх гэж байна. Ингэснээр намын жагсаалтад орох хүмүүсээ эрэмбэлэх, анхан шатны байгууллагаасаа гарах, эсэх гэх мэт асуудлыг тодорхой болгох учиртай юм. Харин 48-ын жагсаалтад орох нөхдийн нэрс хэд дахин шинэчлэгдсэнээр нэр дэвшигчид бараг тодорч байгаа юм байна. Энэхүү нэрсийг фракцуудын дарга нар хэдэн өдөр шөнийг товлон хуралдаж байж гаргасан аж. Мэдээж хэрэг тэрүүхэндээ дайн дажин ч их бага хэмжээгээр өрнөөд авсан юм байх. Фракцуудын тохироо хэд хэдэн УИХ-ын гишүүний нүдэнд нулимс цийлэгнүүлэхээр болсон байна. Тойргийн гадна үлдэгсэд нь одоо 28-ын жагсаалтад урдуурхан бичүүлэх талаар хөөцөлдөж наймаа тохироондоо ороод байгаа гэнэ. Тойрогт нэр дэвших квотоо хувааж авахдаа фракцуудын дарга нар залуусаа дэмжих бодлогыг дуу нэгтэй дэмжин гаргасан гэсэн. Ингээд задаргааг тоймлон харуулъя.
АЛТАНГАДАС
Эл фракц 13 квотыг өөрийн болгожээ. Намдаа хамгийн томд ордог, намын даргын гэх хаягтай Алтангадас ийнхүү бусад фракцууддаа томоо үзүүлэв.
Баян-Өлгий аймагт А.Бакей, Ч.Куланда хоёр нэр дэвшихээр тодроод байна. Ч.Куланда анхнаасаа энэ фракцид байсан бол А.Бакей уг нь МҮДН-ных байсан ч саяхнаас эл фракцид хамаарах болоод байгаа юм байна.
Ховдод Д.Кекүшюзан Батбаяр нэр дэвших гэнэ. Тэрбээр Сонгинохайрхан дүүргээс парламентад гарсан ч энэ удаа 20000 иргэн ажиллах хүчнээр Японд гаргана гэсэн амлалтаа биелүүлээгүй тул бултан тус аймгийг онилоод байгаа ажээ. Харин эл тойрогт очоод эрхэм гишүүн гадаадад ажиллах хүч гаргах бус архины хэмжээг багасгах гэсэн нааштай үр дүн гарахгүй амлалтаар нүүрээ тахлах чигтэй байгаа.
Завхан аймгийн засаг ноён нутагтаа Я.Санжмятав нутагтаа нэр дэвшинэ. Өмнө нь ч эл аймгаас нэр дэвшин 2004-2008 онд парламентад сууж байсан. Тэрбээр, энэ удаад УИХ-ын гишүүн болохгүй бол хэний хүү болох вэ хэмээн ханцуй шамлан эцсийн хүчээ шавхаж байгаа гэсэн.
Хөвсгөл аймгийг бүхэлд нь эл фракц авсан байна. Одоогийн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Л.Гүндалай хоёр дахин нэр дэвшихээр болж байгаа гэнэ. Гэхдээ Л.Гүндалай эл фракцид хамаардаг гэдгээ үргэлж нуудаг билээ. Уг нь түүнийг өмнөх парламентад сууж байхдаа Алтангадаст гарын үсэг зуран элссэн гэдэг ч өөрөө эрс үгүйсгэдэг.
Архангай аймагт ЭБЭХ-ний дэд сайд асан Б.Ариунсан нэр дэвшинэ. Тэрбээр чимээгүйхэн тойргоо эргэж тойглосоор, намын даргаа ч ятгаж дөнгөсөөр ногоон гэрлээр гарч байгаа юм байна.
Дундговь аймагт намын даргын баруун гар Ургамалцэцэг, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн хоёр нэр дэвших болж. Ургамалцэцэгийн хувьд улстөрчийн замнал байхгүй ч намын дарга нь амины хүнээрээ өргөмжлөн гацаа саадгүй гаргана гэдгээ бусад фракцийнхандаа урьдчилан анхааруулсан гэсэн. Р.Эрдэнбүрэнгийн хувьд зөвлөх энэ тэр хийсэн шигээ өнгөрсөн дөрвөн жилийг үдэхдээ фракцдаа онц гойд наалдаагүй ч Ургамалцэцэгт “зөөлөн хань” гэдгээр нь Н.Алтанхуяг сонгож байгаа гэсэн.
Дорнод аймагт УИХ-ын гишүүн П.Алтангэрэл нэр дэвшинэ. Хаашаа ч эргэж мэдэх хачин гэсэн тодотголтой Дорнод аймагт түүнийг нууц ордтой гэдэг юм билээ.
Сонгинохайрхан дүүрэгт Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа нэр дэвшихээр эл фракцаас тодроод байгаа бололтой. Архангайдаа нүхгүй болсон тэрбээр сумо гишүүнээ Ховд руу цөлчихөөд суга үсрээд эл тойрогт орж ирсэн байна.
Баянзүрх дүүрэгт Ч.Сайханбилэг нэр дэвшинэ. MCS-ийн хувьцаа эзэмшигч. Цөмийн хаягдлыг Монголд булшлах, Америкийн цэргийн бааз байгуулах ажлыг дэмжигч.Шууд телевиз, Скайнетворк зэрэг компанид хувьцаа эзэмшигч. “Алтангадас” фракцийн голлох дүр. Гол санхүүжүүлэгч. Айл бүрийг компьютертэй болгож, интернеттэй холбоно гэсэн амлалт өгсөн ч одоог хүртэл биелээгүй.
МОАХ
Х.Баттулгын гэх тодотголтой МоАХ фракц гурван хүн оруулна.
Х.Баттулга Баянхонгор аймагтаа нэр дэвшинэ. Тус фракцийн дарга тэрбээр мөнгөний хүчээр МоАХ-г өөртөө нааж чадсан. Улмаар фракц болгосон. Төгрөг нуур, хүрэн нүүрсний орд эзэмшигч. Төгрөг нуурын ордоос хятадад өгөх нууц гэрээг хийсэн. МАХ импекс компанийн хувьцаа эзэмшигч. Монголд махны үнэ хөөрөгдлийг өөрөө хэлж байгаад бий болгосон. Ер нь монголчуудын ямар үнэтэй мах, талх, гурил идэхийг Женко мэддэг.
Сүхбаатар аймагт М.Зоригт нэр дэвшинэ. Тэрбээр МоАХ-ны дэд дарга болсон. Түүнийг нэр дэвшихийн тулд намдаа ихээхэн мөнгө хандивласан гэж хардаж байгаа. Иргэний зориг намаа, С.Оюуныгаа чимээгүйхэн хаясан. ИЗН-аас парламентад сууж байсан ч эрх мэдлийн төлөө түүнд эргэлзэх сэтгэл төрөөгүй гэдэг. Монголын толгой баячуудын нэг. Бодь группын нэг ерөнхийлөгч.
Дарханд П.Мөнхдаш нэр дэвшихээр яригдаж байна. Гэхдээ эцэслэн шийдэгдээгүй. Тэрбээр 2008 оны сонгуульд өрсөлдөж байхдаа хүн зодсон хэргээр баригдаж байсан. Ах дүү нартайгаа нийлэн Дарханы намаа өмч мэт байлгадаг.
МӨНХТЭНГЭР
Саяхан мэндэлсэн 70-аад оныхноор түүчээлсэн эл фракц харин ч архаг гаруудаа бодвол зургаан квот авахаар болж байгаа юм байна.
Увс аймагт Бат-Амгалан хэмээх шинэхэн залуу нэр дэвшинэ гэнэ. Өмнө нь “1-Ардчилал” клубт харъяалагдаж байсан тэрбээр бууриа сэлгэн он чацуутнуудтайгаа нэгдсэн байна.
Төв аймгийн намын дарга Доржпүрэв, Го.Баярсайхан хоёр нэр дэвшинэ. Тэд фракцийн үүсгэн байгуулагчдын нэг ажээ. Мөн энэ тойрогт намын дотоодод нь сүртэй өрсөлдөөн гараагүй гэсэн.
Хэнтий аймагт Хүдэрбаатар нэр дэвшихээр гараад байгаа.
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг нэр дэвшихээр тодроод байна. Нийслэлийн цорын ганц сөрөг хүчний төлөөлөл Засаг дарга гэдэг үзүүлэлтээр намын удирдлагууд нь эл залууд ихээхэн итгэл хүлээлгэн дуу нэгтэй санал нийлсэн байна. Иймээс нэр дэвшигчдээс ногоон гэрлээр гарч өрсөлдөгчгүйгээр УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ.
Чингэлтэй дүүрэгт намын дарга Б.Батбаатар нь нэр дэвшинэ. 2004-2008 оны хооронд УИХ-ын гишүүн байсан тэрбээр газрыг үнэжүүлэх томоохон төслийг санаачлаад байгаа. Намынхаа 70-аад оныхныг нэгтгэн эл фракцийг байгуулсан нь тус намд дутагдаад байсан орон зайг дүүргэсэн явдал болсон.
Мөн тус дүүрэгт Ардчилсан намын Дотоод хяналтын хорооны дарга Алтанхуяг нэр дэвших гэнэ.
1-АРДЧИЛАЛ
Даргын цүнх мөрлөхгүй гэх үндэслэлээр байгуулагдсан залуучуудын “1-Ардчилал” клуб хоёр квот авах нь. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тойроггүй үлдсэн тул жагсаалтад оруулахаар фракц нь ихээхэн анхаарал тавин ажиллаж байгаа гэнэ.
Ховд аймгийн намын дарга Пүрэвдорж хүчтэй яригдаж байгаа боловч эцсийн шийд нь гараагүй байна.
Сүхбаатар дүүрэгт тус фракцийн дарга Л.Гантөмөр дахин очино. Төсвийн мөнгийг хэмнэх талаар найман жилийн туршид санал санаачлага гаргаж байгаа эл гишүүн өдгөө намын бүлгийн дэд даргын давхар ажилтай.
Ж.Батзандан Баянзүрх дүүрэгт яригдаж байна. 2006 оноос О.Магнайтай нийлэн захиалгын жагсаал зохион байгуулж баяжсан. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний гол зохион байгуулагч гэгддэг. Тиймээс ч эл хэргээрээ хоригдож байгаад Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болоход Ардчилсан намд элсэн өршөөлд хамрагдсан. Тус фракцийн улс төрийн бодлогын зөвлөлийн дарга гэсэн албан тушаалтай.
ЗҮҮН ХОЙД АЗИ
Бялуу хуваалт бүрт үнэд ордог энэ фракц хоёр суудал авахаар байна.
Хан-Уул дүүргийн гишүүн Л.Болд ахин нэр дэвшинэ. Түүнтэй МоАХ фракцийн Х.Баттулгын дүү Х.Баттуул өрсөлдөж магадгүй гэсэн яриа бий ч сайдын зангараг давамгайлах нь тодорхой болов уу.
Батж.Батбаяр Баянхонгортоо эргэн очихоор болж байгаа. 2004 онд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихдээ залуу гэр бүлийг 11-13 сая төгрөгийн үнэтэй орон сууцаар хангана гэж гарч ирсэн. Гэвч энэ бүхэн нь худлаа байж, нэг ч залуу хос байртай болоогүй. Дараа нь 2008 онд чингэлтэйчүүдээ хулхидсан учраас тойргоо сольсон. Ингээд Баянхонгор аймагт ноолуурын үнийг 58 мянгад хүргэнэ, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж үйлдвэржүүлнэ гэх зэргээр баахан амласны хүчинд гарсан ч мөн л сурсан зангаараа хулхидсан. Баянхонгорчууд түүнийг одоо сонгох нь битгий хэл нутгийнхаа газар шороон дээр гишгүүлэхгүй гэдэг юм гэсэн. Тэрбээр, өөрийгөө Спейшл корпорац, Спейшл интернэйшнл компаниудын наймхан хувийг эзэмшихээс өөр хөрөнгөгүй гэж зарладаг. Гэвч уран зурагт хэдэн саяар зуун саяар нь цацдаг эл эрхмийг хөрөнгөтөн гэдгийг хүн бүхэн гадарладаг билээ.
МҮДН
Шинээр сэргэж зарлагдсан МҮДН таван квот авна. Архангай аймагт Ч.Болор нэр дэвшихээр болж. Намынхаа залуучуудын холбооны ерөнхийлөгч. Гадаад харилцааны дэд сайд байхдаа Ц.Хурцын асуудлаар байнга мэдээлэл хийн олны танил болсон. Тийм ч учраас Ц.Хурц эх орондоо ирснээр Болор ажилгүй болсон гэх онигоо ч улстөрийн хүрээнд гарч байлаа. Тэрбээр ихээхэн амбицтай учраас улстөрчтэй холбоотой бүхий л мөнгөний гэж хэлж болох шалгаруулалтуудыг алгасалгүй нэрээ оруулдаг. Мөнгөө ч төлдөг гэх юм билээ.
Өвөрхангайд Д.Зоригт гарах нь. Монгол шуудан банкны эзэн байсан. Банкаа нэлээд ашигтайгаар дампууруулсан гэдэг. Ажилтнууддаа өгсөн байсан хөнгөлөлттэй зээлээ шууд шууд цуцалсны улмаас олон мянган ажилтан нь хүндхэн байдалд орсон. Гермес төв, Сансрын геологи хайгуул-газрын тосны талбай эзэмшдэг.
Өмнөговь аймагт Б.Бат-Эрдэнэ нэр дэвшинэ. Ажнай корпорацийн ерөнхийлөгч тэрбээр 2004-2008 онд парламентад сууж байсан.
Хэнтий аймагт Гарамгайбаатар нэр дэвшинэ. Түүний эзэмшдэг “Монроуд” ХХК “Анод” банкийг дампуурахтай зэрэгцэн өртэй хэмээн зарлагдсан. Тэрбээр Монроуд, АР ПИ ЭМ, Дээд цэг, Улбаа гэдэг дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум төгрөг зээлсэн гэдэг. Дээд цэг компани нь хоёр тэрбум 800 сая, Улбаа компани таван тэрбум 715 сая төгрөгийн өртэй. Банкны зүгээс эдгээр зээлийг хэвийн гэж үзэж байгаа ч, хяналт шалгалтын комиссынхон эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулжээ. Yүний долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийн нэр дээр авсан байна. Ар Пи Эм ХХК-ийн нэг тэрбум 349 саяын зээлийг 2007 оны есдүгээр сарын 13-нд олгосон байх юм.
Р.Амаржаргал тус фракцаа шинээр сэргээж байгаагаа хэдэн сарын өмнө зарласан. Ерөнхий сайд явсан эл эрхэм өдгөө намдаа “ганцаардсан чоно” болчихоод байгаа. Иймээс ч фракцаа сэргээн зарласан. Ховд аймгийг төлөөлөн сууж байсан ч эртний сонгож байсан тойргоо бараадан эцсийн шансаа үзэхээр шийдсэн гэнэм.
ШОНХОР
Ардчилсан хүчний холбоо гэж байгаад сүүлд Шонхор болон өөрчлөгдсөн эл фракц намын даргынхаа эсрэг ажилладаг гэдгээрээ алдартай. Гэхдээ тэд тохироог сайн хийж одоогийн байдлаар гурван квотоо баталгаажуулаад байна.
Г.Баярсайхан гишүүн Чингэлтэй дүүргээс гишүүн болсон ч Ховд руу явахаар болж магадгүй байгаа гэнэ. Шийд эцэслэн гараагүй. С.Эрдэнэ Баянгол дүүрэгт нэр дэвшинэ. Нийслэлийн Ардчилсан намыг есөн жил толгойлсон. Энэ хугацаандаа намаа гэр бүлийнхээ компани мэт болгосон гэх шүүмжлэл гарч байсан. Нэлээд хэл ам болж байж даргын суудлаа өгсөн. Мөн Нийгмийн даатгалын газрыг хувийн компаниа мэт халаа сэлгээгээр доргиож байсан нэгэн. УИХ-д ч жил гаруй хэл ам татлан байж суусан. Түүнийг тохироо сайн хийсэн учраас суусан гэдэг юм билээ.
Д.Ганхуяг Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ. Бридж гурппийн эзэн. Япончуудтай ойр ажиллаж, монголд орж ирсэн хөрөнгө оруулалт бүрийг хувьдаа ашигтайгаар эргүүлдэг. Өвсний үндэс хэмээх том төслөөр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд халаасаа ахиухан түнтийлгэсэн нь илэрсэн. Улаанбаатарын цэвэр усны эхийг сүйрүүлэн Бридж барилгын компани нь үйл ажиллагаа явуулж байсан. Японоос ерөнхий боловсролын сургуулиудыг буцалтгүй тусламжаар өргөтгөхөд бүгдийг сурсан зангаараа Д.Ганхуяг гишүүн л авсан.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ
Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээлээр УИХ-д нэр дэвших квот авч байгаа нөхөд байна. Тухайлбал:
Э.Батчимэг Орхон аймагт нэр дэвшихээр болж байна. Тэрбээр Хятад талын зардлаар сурсан гэдэг юм билээ. Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх эл бүсгүй намынхаа эмэгтэйчүүдийг хэл амаараа доромжлон дайрсан гэх эвгүй асуудалд орж байсан.
Л.Эрхэмбаяр Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр дахин очих гэнэ. Анхан шатны намаа хоёр хуваан байнга асуудал үүсгэж байдаг тэрбээр Ерөнхийлөгчийн талаас хатуухан тохироотой яригдаж байгаа аж.
Хөвсгөлд нэр дэвшээд өвдөг шороодсон Ц.Оюунгэрэл энэ удаа Хан-Уул дүүргийг Ерөнхийлөгчөөр яриулан авахаар үзэлцэж байна.
ФРАКЦГҮЙ НӨХӨД
Булганд Я.Эрхэмбаяр 2008 онд өвдөг шороодсон. Орон нутгийнхаа засаг захиргааг шүүмжлэхэд гололон анхаарч ажилладаг. Бүх фракц руу хадаг барин гүйдэг ч яг шийдвэр гарган ордоггүй.
Дорнодод нэр дэвших Б.Отгонбат аль нэг фракц түшээгүй өдий хүргэж. Америкт оюутан сурагчдыг амралтаар нь ажиллуулна гэсэн сайхан уриагаар “хулхидсан” Б.Отгонбат анхнаасаа улс төрд санаатай байсан. Аль ч намд төлөөлөлтэй гэдэг шиг МАХН-ын генсек Д.Удвалын хамаатан энэ залуу үнэхээр хулхи гэдгээрээ алдартай юм билээ. Ямар сайндаа л намынхаа хоёр залуутай нийлэн Глобал удирдагч сан гэж байгуулан ажиллаж байснаа яваандаа өөрийнхөө эзэмшилд авчихсан байх вэ дээ.
М.Мөнхчимэг
URL: