“Эм Си Эс”-ийн Л.Энх-Амгаланд мөнгөөр зодуулчих юмсан гэжээ

Сонгуулийн сурталчилгаа эхлэх хуулийн хугацаа нь эхлээгүй байгаа ч нэр дэвшигчдийн далд пиар хэдийнэ эхэлжээ. “Эм Си Эс” компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт нэр дэвших нь тодорхой болчихсон  пиараа хийн жинхэнэ манаргаж яваа сурагтай. Бэл бэнчингээрээ Монголын  толгой баячуудын тоонд   ордог энэ эрхэм   ой хээрийн түймрийг хүртэл  сурталчилгаандаа ашиглаж, овжин загнажээ. Саяхан Хөвсгөл аймагт гарсан их хэмжээний  түймрийн үеэр   орон нутгийн гал унтраах ангид тоног төхөөрөмж болоод мөнгө төгрөг өгч гялайлгасан юм байх. Гэвч түүний энэхүү буяны үйл ажиллагаа эцэстээ Сонгуулийн тухай хууль зөрчсөн болж таараад захиргааны хэргийн шүүхэд дуудагдсан гэнэ.  Мэдээж   нэг тойрогт нэрээ дэвшүүлэхээр зэхэж буй  олон горилогчдоос нь түүний энэхүү овжин мэхийг таслан зогсоохоор хов хүргэсэн гэж хөвсгөлчүүд шивэр авир ярих юм билээ.  Харин нөгөө хэсэг нь Л.Энх-Амгалан гэх  тэр эрд мөнгөөр нь зодуулчих юмсан гэж марзаганасан сурагтай. Учир нь сонгуулийн тухай хууль зөрчиж пиараа хийсэн гэх хэл ам татлаад байгаа ч Л.Энх-Амгалан гэх энэ нөхөр гандан буурахгүй  үргэлжүүлсээр  байгаа аж. Тэрбээр  пиарынхаа ажлыг  хөөрөгний цуглуулгаар баяжуулах маягаар хийж эхэлжээ. Хөвсгөл аймгийн төрж гарсан алдартай хүмүүс өвөг дээдсийнхээ хэрэглэж явсан хөөргийг худалдаж авахад гар татахгүй яваа гэнэ.  Хамгийн сүүлд гэхэд л Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэнээс  Сайн ноён хан Намнансүрэнгийн эдэлж хэрэглэж байсан хөөргийг 50 гаруй сая төгрөгөөр худалдаж авчээ. Ийнхүү “Эм Си Эс”  хэмээх нэрээр олны танил болсон Л.Энх-Амгалан гэх нөхөр хэтэвчтэй мөнгөөрөө  цохиж унагах нь холгүй явна.

Б.Саран


URL:

Сэтгэгдэл бичих