Авлига авах социалист уралдаанд түрүүлсэн Засаг дарга нараа өмөөрөөд байх уу

Монголын ард түмэн авлигад боорлуулсан шударга ёсыг цаг ямагт нэхэж ирсэн. Тэгээд ч хөгжлийн чөдөр тушаа болсон авлигыг булшлаад өгөөч, арилгаад өгөөч гэж гуйж байсан билээ. Тэр ч бүү хэл авлигын хэргийг жижиг гаруудаас бус үүсгэн байгуулагч, загалмайлсан эцгээс эхлэн шалгахыг шаардаж байсан юм. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн авлигач дарга нараас салахыг хүсч, захиалж байсан гэхэд болно.

Гэтэл өнөөдөр авлига  зайлуул, хөөрхий минь. Учраа мэдэхгүй баахан юм идчихсэн байна. Авлига  гэдгийг нь мэдсэн бол авахгүй байсан. Авлига зайлуул, хөгшин настай аав ээжтэй юм байна. Авлига зайлуул, одоо өндөр албан тушаал хашаагүй юм байна. Авлига зайлуул, хөөрхий сая л албан тушаалын бараа харсан. Зайлуул, хөөрхий минь  жаахан л өмч хөрөнгө идсэн байна, авлига зайлуул, сая л ухаан суугаад ард түмний төлөө ажиллана гэх болов.

Өөрөөр хэлбэл  авлигад хайртай, түүнийг шүтэн биширдэг хүмүүс хаанаас ч юм бэ гарч ирээд  нулимс унагах боллоо. Монгол Улс авлигад идэгдсэн гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас авлигаас салахыг хүсдэг, авлигачдыг үзэн яддаг юм шиг байсан. Гэтэл тийм биш бололтой. Өнөөдөр авлигачдыг өмөөрөөд, хайрлаад ч байх шиг. Авлигач ноёдын тод жишээ бол аймаг, дүүргийн  Засаг дарга нар юм.

2000-2008 оны хооронд улс оронд төрийн ямар ч хяналт байгаагүй гэхэд болно. Аймаг, дүүргийн Засаг дарга  нар энэ хооронд маналзтал авлига авсан, төрийн эд хөрөнгө шамшигдуулсан билээ. Яагаад гэвэл авлига авч болдог, төрийн өмч идэж болдог гэсэн ойлголтыг намынхаа удирдлагаас суралцаж байсан юм. Увс аймгийн Засаг дарга улсын хөрөнгө идээд байхад би яаж хоцрох вэ гэсэн социалист уралдаан явагдаж байв.

Тийм ч учраас бараг бүх аймгийн Засаг дарга авлигын хэргээр шалгагдаж байгаа юм. Үүнийг АН-ын захиалга, Ерөнхий прокурор Д.Дорлигжавын өшөө авалт хэмээн тайлбарлаж байгаа дуулдав. МАН-ыг авлигад ийм хайртай гэж бодож байсангүй. Хэдхэн хоногийн өмнө Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар шоронгийн хаалга татлаа.

Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчдын эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгасан. Ингээд бичихээр зарим хүмүүс ойлгодоггүй юм шиг байгаа юм. Бүр ойлгохыг ч хүсдэггүй бололтой. Дээрх дарга нар таван давхар барилга барь гэхээр  нэг давхрыг нь хусчихдаг. 20 км зам тавь гээд мөнгө өгөхөөр 15 км зам тавьчихдаг. Бүхэл бүтэн гүүр барь гээд таван тэрбум өгөхөөр хэдэн шон босгочихдог.

Айл өрхөд бод мал тараа  гээд мөнгө өгөхөд  хэдэн төлөг, борлон аваачаад өгчихдөг улс шүү дээ. Эд нарыг авлигал авсан уу, аваагүй гээд маргаад байх зүйлгүй. Таван давхар байшин нэг давхраа идүүлчихээд байж л байна шүү дээ. Гүүр нь хэдэн шон болчихоод байх жишээтэй. Ийм бодит баримт байсаар байтал “АН-ын захиалга, Ерөнхий прокурор Д.Дорлигжавын захиалга” хэмээн улс төржүүлж буй нь “Аргаа барсан хүн аавынхаа толгойг илнэ” гэдэгтэй адил юм. Тэгээд ч Засаг дарга нарыг бүхэл бүтэн байшин ид, илбийн юм шиг гүүр алга болго гэж АН хийгээд Ерөнхий прокурор Д.Дорлигжав захиалаагүй шүү дээ.

Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат Баянзүрх дүүргийн шүүхээс 2,6 жилийн ял авсан билээ. Тэрээр Эрдэнэт хотод таван тэрбум төгрөгөөр  цэнгэлдэх хүрээлэн барьсан. Гэтэл МАН-ын гишүүдийн хүсэлтээр аудитын шалгалт хийлгэхэд хоёр тэрбумаар л босох цэнгэлдэх хүрээлэн байсан  гэнэ. Тийм учраас үтэр түргэн шоронгийн хаалга татаж, бүтээн байгуулалтын цаана ямар луйвар булхай явагддаг болохыг илчилж орхисон юм. Ширхэг хадаасыг мянган төгрөгөөр авч байсан нь тодорхой болжээ.

Шүүхээр уншуулах дарааллаа хүлээж буй эрхмүүд бол Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг, Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав, Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа нар юм.

Эдгээр нөхдүүд дээлээ нөмрөх нь тодорхой. Яагаад гэвэл хийсэн хэрэг нь илэрхий байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд гэдэг нөхөр байна. Замын халтиргааг арилгах  бодис асга гээд төрөөс 320 сая төгрөг өгсөн. Гэтэл мань эр бодис ч аваагүй, асгаагүй, 320 сая төгрөгийг нь зүгээр л идчихсэн. Үүнээс тодорхой хэрэг гэж байх уу.

Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнх гэдэг нөхөр байна. Бас л хийсэн хэрэг нь тодорхой. Төрийн өмчит “Шивээ Овоо” компанийн нүүрсний ордоос хэлтэлж аваад бусдад өгчихсөн. Тэр газар нь шинэ эзэнтэй болчихсон хэрэлдээд сууж л байна. Иргэн  Доржийн өмчлөөд авчихсан газрыг эзнээс нь асуулгүйгээр хятадуудад зарчихсан. Нэг их гайхаад л, нотлох баримт нэхээд байх шаардлагагүй хэргүүд байгаа юм. Энэ авлигын гол хохирогчид ард түмэн. Тэдний орох ёстой байсан орон сууц нэг давхраа хусуулж, явах гүүр нь алга болчихоод байхад хохироогчийг өмөөрнө гэж баймааргүй.

Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр солонгосчуудад 50 мянган ам.доллараар газар зарсан байгаа юм. Тэгтэл тэр газар  нь бүтсэнгүй. Мэдээж нөгөө солонгосчууд нь 50 мянган ам.доллараа нэхэхэд мань эр өгсөнгүй. Үүнээс болоод солонгосчууд хууль хяналтын байгууллагад хандсан.  Өөрөө өөрийнхөө унах нүхийг ухчихсан хэрнээ буруугаа бусдаас хайгаад л байна.

Эдгээр нөхдийг сайн ажилла, ард түмнийхээ төлөө ажилла гэж томилсон болохоос биш авлига ав, газар зар гэж сонгоогүй. Хэзээ нэгэн цагт төрийн хараа хяналт ажиллана, сэргэнэ гэдгийг тооцоололгүйгээр хэтэрхий бүдүүлэг, ил тод идэж уусан. Тийм учраас хийсэн хэргийнхээ үйл лайг үүрэх дээрээ тулаад байгаа билээ.

Авлигатай тэмцэх ийм хэцүү гэж төсөөлж байсангүй. Нийгмийн захиалгын дагуу хууль тогтоох байгууллагууд ажиллаж эхэлсэн. Тэдгээр албан хаагчдын зориг зүрхийг мохоох, нэр төрийг гутаан доромжлох, үйл хэргийг нь саармагжуулах гэсэн оролдлогуудыг хийж эхлэв. Бид өнөөдөр Авлигатай тэмцэх газрыг сайн ажиллаж байгааг харж байна. Авлигачид айн чичирч, шоронд орохгүйн тулд юу ч хийхээс буцахгүй болжээ.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих