АМГ-ын гурван хүнийг нэмж шалгаж эхэлжээ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэдгийг гадна дотны эрдэмтэн, судлаачид мэдэгдсэн билээ. Энэ мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газрууд орсон. Тэр тусмаа Ашигт малтмалын газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн албан хаагчдыг бүтэн таван сарын турш шалгаж байгаа юм.

Тус газрын дарга асан Д.Батхуягийг албан тушаалаа урвуулан ашиглаж, 192 аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл олгосон хэмээн буруутган баривчилсан. Түүний дараагаар Кадастрын хэлтсийн дарга асан Л.Даваацогт шалгагдаж байсан ч саяхан баригдан Төв аймгийн цагдан хориход хоригдсон мэдээлэл байна. Энэ хоёр даргыг Өмнөговь аймгийн Овоот толгойн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби Сэндс” компанид хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон хэмээн буруутгаж байгаа бололтой.

Мөн, тус газрын орлогч дарга М.Ариунбаяр, Эрх зүй, хуулийн тасгийн дарга Ч.Алтанбаатар, Статистикийн тасгийн дарга Х.Батбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн хуулийн тасгийн мэргэжилтнүүд ч гэсэн тайлбар, мэдүүлэг өгөөд эхэлсэн аж. Олон жил яригдсан тусгай зөвшөөрлийн хил дамнасан наймаа, түүнийг дагасан авлига таслан зогсоогдоход ойрхон байгаа бололтой.

Т.ЭРДЭНЭ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих