О.Зоригтод зэс засал хийсэн нь онош тодруулах зорилготой байжээ
ГЕНЕРАЛ Ч.АМАРБОЛД, ХУРАНДАА О.ЗОРИГТ НАР ХАВСАРСАН ӨВЧТЭЙ БАЙСАН НЬ СЭДЭРЧЭЭ-
“Долдугаар сарын 1″-ний үймээний үеэр үүргээ хангалттай биелүүлээгүйн улмаас дөрвөн хүн амь нас хохироход хүрсэн гэх үндэслэлээр яллагдаад буй Цагдаагийн ерөнхий гаэрын дарга асан, дэслэгч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт нар П.Н.Шастины нэрэмжит Клиникийн III эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тэднийг шүүх хоёр дахь хурлын үеэр бие нь муудаж Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэнд хоёр хоног эмчлүүлээд Урьдчилан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжсэн. Хорихын эмнэлэгт Ч.Амарболд, О.Зоригт нарт эмчилгээ хийлгэж байгаад ШШГЕГ-ын эмч нарын зөвлөгөөнөөр орж гуравдугаар шатлалын эмнэлэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. Учир нь тэдний бие эрс муудаж, зүрхний хэм алдагдах, үе мөч мэдээгүй болох ззрэг хүнд шинж тэмдгүүд илэрч байсан учраас нарийн мэргэжмийн эмнэлгийн төрөлжсөн тасагт энэ сарын 2-нд шилжүүлсэн юм.
Ч.Амарболд генералын бие нэлээд хүнд байгаа юм байна. Тэрбээр тус эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасагт эмчлүүлж байгаа аж. Албаны эх сурвалжийн хэлснээр Ч.Амарболдын элэг хатуурч хүндэрсэн шатандаа орсон, архаг дутагдалтай. Мөн сахарын хэмжээ эрс ихэссэн, цусны даралт ихэссэн шинжтэйгээр эмчлүүлж байгаа юм байна.
Харин О.Зоригт хурандаагийн хувьд зүрхний үнхэлцэгийн хөндийд цус хурснаас дутагдалд орсон. Судас нарийссан, сахарын хэмжээ мөн л эрс ихэссэн шинжтэй эмнэлэгт ирсэн байна. Түүнийг хоригдохоос өмнө эмч нар сахараа нэн даруй эмчлүүлэхгүй бол аюултай гэж зөвлөж байсан ч ойшоохгүй байсан гэнэ. Тиймээс сахарын өвчин үе мөчинд нь нөлөөлж, хөлийнх нь хуруу мэдээгүй болсон байна. Гэхдээ эмчилгээ хийж байгаа учраас биеийн байдал нь тогтворжиж байгаа гэнэ. Тэрбээр Зүрхний эмгэг судлалын тасагт эмчлүүлж байна.
Эмч нар өвчтөнийхөө биеийн байдлын талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байв. Учир нь өөрсдийнх нь талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл гарахаар сэтгэл санаа нь тогтворгүй болдог гэнэ. Өвчин нь тайван байхыг шаарддаг учраас эмч нар болон ар гэрийнхэн нь тэдний сэтгэлийг аль болох үймрүүлэхгүйн төлөө байх ёстойг учирлаж байлаа. Эх сурвалжийн мэдээлснээр Ч.Амарболд, О.Зоригт нар хориход очоод хүнд өвчтэй болсон биш, харин хэдэн жилийн өмнөх суурь өвчин нь сэдрээд байгаа аж. Тиймээс тогтворжуулах эмчилгээг хийсний үр дүн гарч байгаа ч суурь өвчин хүндрэхээр хэцүү байдгийг учирласан.
О.Зоригт хурандааг хүнд мэс засалд орсон гэх мэдээлэл байсан. Энэ талаар Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч “Онош тодруулах зорилготой мэс засал хийснээс өөр зүйлгүй” гэсэн юм.
Ч.Амарболд, О.Зоригт нарыг өнөөг хүртэл батлан даалтад гаргаагүй. Харин шүүхийн шийдвэрээр эмнэлэгт шилжүүлсэн. Тиймээс ШШГЕГ-ын хуяг тэднийг харгалзаж байх учиртай. Өчигдөр тус эмнэлэгт очиход ар гэрийнхэн нь ч, хуяг ч харагдсангүй. Харин тасгийн асрагч, сувилагч нар өмнөхөөсөө илүү хяналттай байх шиг байна. Тасгийн үүдэнд зогсч байгаа, хүмүүсээс байсхийгээд ямар зорилготой, яах гэж явааг нь асууж, гадны хүн оруулахгүй байгааг сануулах юм. Ч.Амарболдын эмчлүүлж буй тасгаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагч гарч яваа харагдав. Сүхбаатар дүүргийн шүүхээс Ч.Амарболд, О.Зоригт нарын биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээл гэсэн албан бичгийг Клиникийн III эмнэлгийн захиргаанд хүргүүлсэн байна. Тэр дагуу уржигдар эмнэлгээс өвчтөнүүдийнхээ талаарх тайланг хүргүүлжээ.
“Долдугаар сарын 1″-ний үед цагдаагийн байгууллагыг удирдаж байсан генерал, хурандаа нар өмгөөлөгчөө сонгосон гэх ч шүүхээс албан ёсоор томилоогүй байгаа аж. Генерал, хурандаа нар энэ удаад Г.Оюунцэцэг, Д.Батсүх, Г.Орхон, Г.Амгалансуурь, З.Мөнхбат, Г.Золжаргал, Ё.Энхбулган нараар үйлчлүүлэхээр тохиролцоод байгаа. Тэднийг томилох шийдвэр шүүхээс гараагүй учраас хавтаст хэрэгтэйгээ танилцаж эхлээгүй гэсэн үг.
Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэл Эрүүгийн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэж гомдол гаргасан ч Үндсэн хуулийн Цэц үндэслэлгүй гэж дүгнэсэн. Тиймээс дээрх хурандаа нар Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлд зааснаар, яллагдсан хэвээр байгаа юм. Эргүүл хамгаалалтын газрын даргаар ажиллаж байсан Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга байсан П.Ганбаатар нар Урьдчилан хорих 461 дүгээр ангид хордож байгаа юм.
Ц.ӨРНӨХ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: