Ирэх долоо хоногоос сая төгрөгийг олгож эхэлнэ
Засгийн газрын хуралдаанаар «Хүний хөгжил сан»-гаас олгох 1.5 сая төгрөгийн үлдэгдэл болох сая төгрөгийг олгох асуудлыг авч хэлэлцсэн байна. Ингээд Сангийн сайд Д.Хаянхярваагаас энэ талаар тодрууллаа.
-Иргэдэд олгох нэг сая төгрөгийн ажил ямар шатандаа явна вэ?
-НХХЯ-наас хийж буй бүртгэл, хувьцааг эзэмшихтэй холбоотой үйл ажиллагаа нэлээн сайн явагдсан байна. Үндсэндээ энэ долоо хоногийн төгсгөл гэхэд улсын хэмжээнд явагдах бүртгэлийн ажиллагаа дуусах шатандаа орно гэж Т.Ганди сайд хэлсэн. Бид ч мөн Таван толгойн нэрлэсэн үнэтэй хувьцаа гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах бэлтгэл ажлаа дуусч байна.
Ерөнхийдөө ирэх долоо хоногийн нэг дэх өдөр юм уу, лхагва гаргийн Засгийн газрын хуралдаанаар нэг сая төгрөгтэй холбоотой нэрлэсэн үнийн хувьцааны шийдлийг Засгийн газраас гаргана. Ингэсний үндсэн дээр иргэддээ хувьцаа эзэмшүүлэх, нэг сая төгрөг олгох асуудлыг эхэлнэ.
-Тэгэхээр ирэх долоо хоногоос иргэд сая төгрөгөө авч болно гэсэн үг үү?
-Ирэх долоо хоногт нийслэл хотоос эхэлж хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудад сая төгрөг олгож эхэлнэ.
- Энэ мөнгийг хэзээ орон нутгийн иргэдэд өгөх вэ?
-Эхний ээлжинд нийслэл хотод ажлаа эхэлнэ. Мэдээж, ирэх долоо хоногтоо багтаад орон нутаг руугаа үйл ажиллагаа чиглүүлэх тооцоотой ажиллаж байгаа.
-Дөрөв, тавдугаар сарын мөнгийг хамтад нь олгох уу?
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сая төгрөгийг гурав хувааж олгох шийдвэр гарсан. Тэгэхээр дөрөв, тавдугаар сарын мөнгийг хамтад нь олгоно. Харин зургаадугаар сарын мөнгийг зургаадугаар сарын 20 гэхэд өгч дуусна.
-Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох мөнгөний эх үүсвэр хэрхэн бүрдэж байгаа вэ?
-Төсөвт суусан эх үүсвэрээс бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Зээлээр биш гэсэн үг.
-Нийт иргэдийн хэчнээн нь хувьцаагаа, хэчнээн нь бэлэн мөнгөө авах хүсэлт гаргасан бэ?
-Урьдчилсан байдлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны тооцоо гаргаж үзсэн. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настай иргэдийн 270 мянга нь мөнгөө авъя, үлдсэн 90 орчим мянга нь хувьцаагаа авъя гэсэн байна.
-Хувьцаагаа бэлэн мөнгө болгох сонирхолтой иргэдийн асуудлыг яаж шийдэх вэ?
-Одоо хийгдэж байгаа бүртгэлийн ажил дуусаад, Тавантолгойн хувьцааны нэрлэсэн үнэ тодорхой болсны дараа буюу зургаадугаар сарын 1 гэхэд үндэсний аж ахуйн нэгжүүддээ нэрлэсэн үнээр нь хувьцаагаа худалдаалах асуудлыг хийж эхэлнэ. Таван толгойн хувьцааг арилжаалж эхэлсэн тохиолдолд хувьцаагаа сая төгрөг болгох гэсэн иргэдээ мөнгөжүүлэх ажлыг зохион байгуулах боломжтой болно.
-Хувьцааны нэрлэсэн үнэ хэдэн төгрөгөөр тогтох бол?
-Хувьцааны үнийг одоогоор зарлах боломжгүй. Тооцоо судалгаа нь хийгдэж дууссаны дараа буюу ирэх долоо хоногт шийдэгдэнэ.
В.Дондовдорж
URL: