Аавыгаа барьж аваад зодчихдог Ц.Анандбазар ард түмнийг бол зүгээр л нулимж чадна
Хэсэг уран бүтээлч сэтгэл зорилго нэгдэн А.П.Чеховын “Түшмэлийн үхэл” хэмээх алдарт зохиолоос сэдэвлэн “Бурхан өршөөг” нэртэй кино бүтээснээ өнгөрсөн хавар олон нийтэд танилцуулав. Түшмэдийн булхай, хүнд суртал, авлига, хөшигний цаадах хуйвалдааныг илчилсэн эмгэнэлт инээдмийн кино үзэгчдэд хүрч эхэлмэгц “Өргөө” кинотеатр уг уран бүтээлийг гаргахаас татгалзаж, учир битүүлгээр хаасан юм. Киноны уран бүтээлчид мөнгөө төлж, хуулийн хүрээнд гэрээ байгуулсан байтал “Өргөө”-гийнхөн гэнэтхэн киног нь хаасанд тэд тун их гомдолтой байв. Төд удалгүй “Бурхан өршөөг” кино нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Сод Монгол” компани болон “Өргөө” кинотеатрын эзэн Ц.Анандбазарт таалагдаагүй учраас хаагдсан нь тодорхой болсон юм.
Ёстой нөгөө мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа мэрнэ үү өөрийнх нь дур гэдэг л болсон. Монгол Улс иргэндээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг өгөөд 20 жил өнгөрөхөд оюуны бүтээлийг үзэл суртлын хэмжүүрээр цензурдаж, хааж боож улайрсан иймэрхүү үйлдэл гараагүй дээ. Нөгөө махаа хулгайд алдчихлаа гэсэн чинь юун гуя гэдэг шиг л юм хөгийн зүйл болсон шиг байгаа юм. “Бурхан өршөөг” кинон дээр албан тушаал, эрх мэдлийн төлөө хоёр нүдээ ухаад өгөхөөс ч сийхгүй авлигач түшмэдийн тухай өгүүлсэн чинь мань Ц.Анандбазар өмдөндөө дусаах нь холгүй сандарсан нь тэр байж. Ер нь тэгээд “нүгэл их хийсэн хүн бурхны нэрийг барихдаа сайн” гэдэг үг ч байдаг санагдаж байна. Уг нь Ц.Анандбазарын хувийн эзэмшилд байдаг “Сод Монгол” групп шатахууны үнийг бусадтайгаа үгсэн хуйвалдах замаар нэмснийхээ хэрээр хагартлаа баяжсан. Бусдын зовлон дээр дөрөөлж баяжсанаараа бол урлагийг дэмждэггүй юмаа гэхэд хааж боох гэж хөгөө чирэх учиргүйсэн..
Бадарчин явсан газар балагтай гэдэг шиг Ц.Анандбазарын байгаа газар дандаа л хуйвалдаан, авлига, булхай луйвар дагаастай. Улаанбаатар хотын эрх мэдэлтэй болгонд авлига өгч хахуульдах замаар шатахуун түгээх станцуудаа айлын гэр, сургууль соёлын байгууллагын хашаатай тулгаад барьчихсан гэх гомдол байнга гардаг. Улаанбаатар хотынхон өнөөдөр хэзээ ч дэлбэрч мэдэх дарьтай торхон дээр амьдардаг болсон. Амь насаа хамгаалъя, хууль бусаар барьсан колонкуудыг нураая гэвч Ц.Анандбазар, түүний мөнгө хоёр төрийн хуулиас ч хүчтэй болчихсон цөвүүн цаг юм даа. Уг нь хүний амь наснаас илүү үнэтэй зүйл гэж байхгүй. Нэг хэсэг онгоцны түлш оруулж ирдэг монополь компанийн нууц эзэн нь мөнөөх Ц.Анандбазар байсныг тогтоож, хууль хяналтынхан өндөр үнээр шатахуун шахаж байсан хэргийг нь шалгаж байсан ч тэгсхийгээд нам гүм болчихсон. Бодвол дээгүүр доогуур гүйж байгаад аргалаа байлгүй.
Түшмэдэд авлига өгөх замаар иймэрхүү шахааны бизнес хийдэг бохир арга барилд Ц.Анандбазар нэлээд гаршсан нэгэн. Соёлын төв өргөөний өрөөсөн бөөрийг сугалж аваад хувийнхаа компанийн байр болгочихоод пээдэлзэж суугаа түүний өмнө Монголын төр арчаагаа алдаад л чимээгүйхэн сууж байх жишээтэй. Гэмт хүн гэлбэлзэнэ, дайрт морь дайвалзана гэгчээр Ц.Анандбазараас авлига аваад амаа үдүүлчихсэн дарга цөөн биш гэдэг нь үнэний ортой. Улсын маань соёлын нандин бүтээлүүдийг хадгалж, олон түмэнд сурталчилдаг байгууллагын нэг хэсгийг луйвардаж авчихаад даацын ханыг нь нурааж хувийнхаа бизнесийг цэцэглүүлэх гэж дураараа аашлах хүн Ц.Анандбазараас өөр байхгүй. Яагаад гэвэл түүнд мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй, хайртай зүйл байхгүй. Ийм хар мөртэй, буруу сэтгэлтэй хүнийг нийслэлийн ИТХ-д суулгаж л байдаг. Мань хүн энэ оны эхээр Дорноговийн төв Сайншандад нефть боловсруулах үйлдвэрийн шав тавьж баахан шоудлаа. Гэтэл хагас жил өнгөрөхөд нөгөө үйлдвэр барина гэсэн газартаа ганц тоосго ч авчирсангүй. Ердөө л сонгуульд нэр дэвших амин хувийн эрх ашгийн үүднээс цаасан дээр ч зураг төсөл нь хийгдээгүй үйлдвэрийн шав тавих нэрийдлээр олон нийтэд таалагдах, сонгогчдын саналыг худалдаж авах гэсэн луйврын төлөвлөгөөнийх нь нэг хэсэг байсныг орон нутгийн удирдлагууд хожим мэджээ. Тэгээд ч нефть боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөсөн газар нь Сайншанд хотын салхины дээд талд байгаа нь дорноговьчуудын аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчихөөр байгаа талаар байгаль хамгаалагчид сануулсаар байна.
Ц.Анандбазарын шунаг сэтгэл худаг мэт гүн ажээ. Мөнгө нь, эрх мэдэл нь байнга чамлагддаг болохоор Сонгинохайрхан дүүргийнхээ сонгогчдоос нүүр буруулчихаад одоо УИХ-ын гишүүн болно гээд бас л хор найруулаад явж байгаа сураг дуулдах боллоо. Дорноговь руу байн байн гүйдэлтэй болж, Ардын намынхаа гишүүдийг архи, шатахуун, авлига гурваар угжиж эхэлсэн тухай хэвлэлүүд бишгүй л бичиж байна. Нутгийн олон ч өөр хоорондоо энэ талаар жигшин ярилцах болжээ. Дорноговь аймгийн МАН-ын хорооны дарга Ч.Энхбат “Сод Монгол” компанийн ажилтан шиг болчихсон тухай гишүүд нь дээшээгээ алтан хушуу өргөх болжээ. Төрийн хуулиар бол аймгийн Засаг даргыг Ц.Анандбазар биш аймгийн ИТХ томилж, Ерөнхий сайд батламжилдаг. Гэтэл Ц.Анандбазар МАН-ын хорооны дарга Ч.Энхбатыг очих тоолондоо аймгийн Засаг дарга болгоно, өөрийн багаа бэлдээрэй гэж хошгируулдаг гэнэ. Бас зарим хүнд цалин, унаа машин хүртэл амласан гэнэ лээ.
Сумын намын байгууллагыг удирдаж байгаа хүмүүст ч албан тушаал амлаж, эгээтэй л бүх хүслийг биелүүлдэг шидтэний дүрд хувирчихсан явна гэлцэх боллоо. Монгол төрийн алба Ц.Анандбазар хэмээх хуульгүй эрийн халаасанд багтатлаа жижгэрчихсэн юмуу эсвэл мань эр УИХ-ын сонгуульд ялахын тулд шүдээ хүртэл зэвсэглэсэн нь энэ үү. Энэ янзаараа бол Дорноговьд МАН-ынхан луйвар хийх бэлтгэлээ базаагаад байгаа юм биш үү. Сонгогчдын өгсөн шударга санал иймэрхүү замаар л хулгайлагддаг. Эхлээд намын гишүүдийг худалдаж авдаг, дараа нь хүмүүсийн саналыг хулгайлдаг. Луйврын сонгуулийн дараа жирийн иргэд буудуулдаг гэдгийг дөрвөн жилийн өмнөх долдугаар сарын 1-ний хар өдөр, эмгэнэлтэй дурсамжаас харж болно. “Сод Монгол”-ын боссын эрх мэдлийн төлөөх шунал нь УИХ-ын гишүүний суудлаар хязгаарлагдахгүй.
Тэрээр Ерөнхий сайдын суудал зүүдэлж даналздаг гэнэ лээ. Сэрүүн зүүд гэж энийг л хэлэх байх. Мөнгөөр Ерөнхий сайдын албан тушаалыг ч худалдаж авч болно гэсэн атгаг санаа агуулж, сэрүүн зүүдэлж яваа ийм хүн төрд гарвал юу болохыг бодохоос ч аймшигтай. Монголын төр бүхнийг зоосны нүхээр хэмждэг хүйтэн сэтгэлтэй олигархиудаар дутаагүй. Төрөөсөө тэрбумтан болтлоо цулайсан өмнөх хэдийгээ зайлуулж амжаагүй байтал дараагийнх нь энэ мэтээр мөнгөөр зодоод ороод ирвэл Монголын нийгэмд шударга ёс тогтох найдлага тасарна.
Өнгөрсөн өвөл Дорноговь аймгийн Сайхандулаан суманд болсон хүлээн авалтын үеэр “Сод Монгол” компанийн эзэн Ц.Анандбазар төрсөн эцгээ барьж зоджээ. Энэ бол түүнээс гарах эхний, бас сүүлчийн араатанлаг авир биш. Хорвоо дээр төрүүлж өсгөн хүний дайтай хүн болгосон аав ээжийгээ зангидсан нударгаараа зодно гэдэг хүнээс, тэр тусмаа хүүгээс нь гарах авир биш. Энэ бол зүрх сэтгэлгүй араатанд л байдаг харгис чанар. Аав ээжийгээ хайрладаггүй хүн өрөөл бусдыг хайрлана гэж байхгүй. Энэ бол ах захаа хүндэлдэг, хайрладаг монгол хүнд дэндүү ойлгомжтой хэрэг. Энэ янзаараа бол Ц.Анандбазар албан тушаал, эрх мэдэлд очих юм бол өөрийг нь дэмжсэн ард түмнийг зүгээр л нулимж чадна. Аавыгаа барьж зоддог түүнд ард түмнийг доромжлох, басамжлах юу ч биш. Ардын намын дарга С.Батболд намынхаа Бага хурал дээр олигархийн засаглалаас ард түмний засаглал руу шилжих цаг болсон гэж мэдэгдсэн. Үнэхээр л МАН олигархиудаасаа салах гэж байгаа бол төрийн албыг мөнгөөр халаасалсан Ц.Анандбазар мэтийн хүмүүстэйгээ хариуцлага тооцож, сонгуульд нэр дэвшүүлэх нь битгий хэл шударга шүүхээр оруулах ёстой. Хэрэв ингэж чадахгүй бол Ардын намын дарга худал хэлсэн болж өөрийгөө ч, намаа ч хүнд байдалд оруулах том эрсдэл бийг эрхбиш анзаарч байгаа биз ээ. Ц.Анандбазарын мөнгөнд худалдагдаж, Засаг даргын албыг сэрүүн зүүдэлж яваа хүмүүсийн сонгууль будлиантуулах үйлдлээс урьдчилан сэргийлээсэй. Монголын төрийг Ц.Анандбазарын халааснаас гаргах цаг болжээ.
А.Цогтбаатар
seruuleg
URL: