Монгол улсын гавьяат тамирчин Н.Баярсайхан: Надад гавьяат тамирчин гэдэг цолноос өөр ямар ч шагнал байхгүй

Энэ онд “Барселона-92” зуны Олимпийн XXV дугаар наадмын 20 жилийн ой тохиож байна. Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон Олимпийн тоглолт нь таван тив, дөрвөн далайд орших улс үндэстэн бүрийн оролцохыг хүсдэг наадам билээ. Үүний нэгэн адил талын Монголын охид хөвгүүд 1964 оны Токиогийн наадмаас эхлэн Олимпийн хөдөлгөөнд  нэгдэж анхны эмэгтэй тамирчин 1992 оны “Барселона”-гийн наадмаас медаль хүртсэн. Мөн боксын спортын төрлөөр Н.Баярсайхан хүрэл медаль хүртэж Монгол улс багийн дүнгээр
“Барселона-92” түүхэн Олимпийн гэрч Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн хүрэл медальт, Монголын Олимпийн боксын холбооны дэд ерөнхийлөгч Намжилын Баярсайхантай ярилцлаа.

-Барселонагийн Олимпийн наадмийн 20 жилийн ой энэ онд тохиож байна. Та тэрхүү түүхэн наадмын тухай эргээд дурсахгүй юу?
-Энэ тухай олон ярьсан даа. Бараг үлгэр домог шиг манай хүүхэд хүртэл ааваа та худлаа яриад байгаамуу гэдэг.Гэхдээ танай сонины уншигч нарт сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс товч ярья. 1992 онд би 27 настай ерөнхийдөө ахмад тамирчны тоонд ороод байлаа. Олимпоос өмнө Азийн аваргад хоёр түрүүлж, Дэлхийн аваргад мөн хоёр удаа шагналт байранд орсон. Тэгээд Сөүлийн Олимпод оролцож чадаагүй байсан болохоор Барселонагийн наадам миний сүүлчийн боломж байсан.60 кг-д 32 боксчин сугалаанд оролцож миний орсон хэсэгт боломжийн үзчихмээр тамирчид байсан. Эхний даваанд Мавританы боксчинтой оноолт таарсан чинь миний өрсөлдөгч гарч ирээгүй. Тэгээд шууд 16-д үлдэж шилдэг наймд үлдэхийн төлөө Гватемалын тамирчинтай тоглож 16:0-ээр хожлоо. Медалийн төлөөх тулаанд Танзанийн боксчинтой учраа таарахад надад аз таарлаа гэж бодсон. Куба, Орос, АНУ гэх мэт хүчирхэг улсын тамирчинтай таарсан болюун медаль, хоосон хоцрох байлаа. Тэр Танзанийн боксчин насаар дүү, хурдтай, эрчтэй тоглолтыг өмнөх тойргуудад үзүүлж байсан болохоор би эхлээд оноо авч илүү гараад дараа нь хамгаалах тактик барьж тоглосон. Миний  санаснаар ч болж эхний үед зургаан оноо авч сүүлийн хэдэн үе хамгаалан тоглосоор байгаад 9:6-гаар хожиж байлаа. Харин тоглолтын төгсгөлд хөмсөг задарч, хагас шигшээд тоглож чадаагүй.
-Хөмсөг задраагүй байсан бол медалийн өнгө хувирах байжээ?
-Эмч нар үзээд тоглохыг хориглосон. Хэрэв хагас шигээд тоглосон бол байдал хаашаа ч эргэж болно. Нэг талаар би өөрийгөө азтай гэж боддог. Тоглолтын цаг дуусахаас 2 секунд биш 2 минутын өмнө хөмсөг задарсан бол намайг шууд хасаж Танзаний боксчин хүрэл медаль хүртэх байлаа.
-Хүрэл медальтай эх орондоо ирэхэд хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Тухайн үед маш сайхан угтан авч байлаа. Би чинь Испанид байхдаа гавьяат тамирчин болсон хүн. Бас нэг сонирхолтой зүйл нь Монгол улсын анхны гавьяат тамирчин болсон. Миний өмнөх гавьяатууд  БНМАУ гэсэн үнэмлэхтэй.
-Боксын спортоо хэзээ орхисон бэ, дараагийн Олимпийг хүлээж болоогүй юу?
-Спорт бол залуу насны ажил болохоор дараа  жил нь зодог тайлсан. “Атланта”-гийн Олимп болоход хэтэрхий хол тухайн үеийн нийгмийн байдал шилжилтийн үе нөлөөлсөн. Бас залуу үе хүч түрэн гарч ирж Т.Үйтүмэн зэрэг боксчидод зай тавьж өгсөн дөө.
-Тамирчин хүнд бэлтгэл сургуулиалтыг зардал гээд хөрөнгө мөнгө их шаадрагдана. Энэ асуудлыг яаж зохицуулдаг байсан бэ?
-80-аад оны сүүл 90-ээд оны эхээр нийгмийн шинэчлэл болж ард түмний амьдрал хүндхэн болсон. Энэ нь тамирчин бид нарт ч нөлөөлж Олимпийн эрх авах тэмцээндээ хүртэл явж чадахгүй байлаа. Харин хэрэгтэй үед нутгийн ах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг агсан тус болж Олимпийн эрхийн тэмцээндээ явж байсан. Ахынхаа итгэлийг алдалгүй медаль хүртсэндээ баярлаж явдаг.
-Энэ хорин жилд таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Яг үнэндээ хорин жил болж байна гэж би ганцаараа л дуугарч байна.Төр засаг, Биеийн тамир спортын газар, холбогдох газар нь энэ асуудлыг авч хэлэлцээсээ гэж боддог. Амжилт гаргасан тэр үед нь бөөн юм болчихоод дараа нь мартдаг.Надад хорин жилийн өмнө авсан гавьяат тамирчин гэдэг цолноос өөр ямар ч шагнал байхгүй. Тамирчдын амжилтыг үнэлэх тал дээр Ерөнхийлөгч дахиж нэг хараасай гэж боддог.Ганцхан би биш бусад Олимпийн медальт тамирчдаа алдаршуулах, амжилтыг нь зохих ёсоор нь урамшуулах тал дээр бид сэтгэл дундуур явдаг. Тэгээд Олимпийн медаль хүртсэн баатрууд алдаршуулах зорилгоор “Олимпийн медальт тамирчдын холбоо” байгуулан ажиллаж байна.
-Шагналын системийг хэрхэн өөрчилнө гэж?
-Спорт бол урлагаас тэс өөр зүйл. Хэдхэн жил  Улаанбаатартаа дуулаад гавьяат жүжигчин цол авч байгаа хүн байхад эх орныхоо нэрийг Дэлхийн тавцанд гаргаад ирсэн хүнд бас л гавьяат цол өгч байна. Монгол төр оршин тогтнох, Монгол улсын тусгаар тогтнолыг дуучдаар нь биш Олимпод амжилт гаргаж байгаа тамирчдаар нь Дэлхий харж байгаа. Миний хэлэх гээд байгаа санаа бол гавьяат зүтгэлтэн, ардын зүтгэлтэн гэсэн цолны дунд бас нэг шагнал байвал олон хүн сэтгэл дундуур хоцрохгүй.
-Та холбооныхоо ажлын талаар ярихгүй юу?
-1964 оноос эхлэн Монголчууд Олимпийн наадамд оролцож нийт 19 тамирчин медаль хүртсэн байдаг. Тэдгээрийн гурав нь бурхны оронд очсон болохоор дурсгалыг нь мөнхжүүлэхээр төрсөн нутагт нь хөшөө босгоё гэж шийдсэн. Энэ ажлыг нутгийн удирдлагууд нааштай шийдэж газрыг нь хүртэл гаргаж өгсөн. Хөшөөний зураг төсөл нь гарчихсан гээд ажил урагштай л байгаа. Одоо хөрөнгө мөнгөний тал дээр жаахан асуудал байна. Увс аймгийн Тэс сумын уугуул “Мехико-68” Олимпийн наадмыг хүрэл медальт Т.Артаг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул “Москва-80” Олимпийн наадмын хүрэл медальт Д.Оюунболд, Булган аймгийн Тэшиг сумын уугуул “Москва-80” Олимпийн наадмын мөнгөн медальт Ж.Даваажав нарынхаа хөшөөг нутагт нь босговол их буян болно. Мөн Олимпийн мөнгө, Дэлхийн аваргын хоёр алт, нэг хүрэл медальт З.Ойдов гэж Дэлхийд алдартай тамирчин одоо болтол хоёр өрөө байрандаа л амьдарч байна. Гэтэл гадаадын улс орнуудад тийм хэжээний амжилт гаргасан тамирчинг төр засгаас нь хангалттай харж үздэг. Олимпийн медальт тамирчид үүнийг нь хүсэж байна.
-Энэ онд бас Монгол хүн боксын спортын төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны медаль авсан 30 жилийн ой тохиож байгаа юм байна?
-Тийм, 1982 оны Мюнхены Дэлхийн аваргаас Д.Отгонбаяр агсан анхны мөнгөн медалийг хүртэж байлаа. Энэ онд бас 30 жилийн ой нь тохиож байгаа болохоор нэрэмжит тэмцээнийг хийе гэж бодож байгаа. Үүнээс гадна багш хоёр багшийхаа болон өөрийнхөө нэрэмжит тэмцээнийг ирэх 10-р сард хийхээр төлөвлөсөн. Гэхдээ нөгөө л зардал мөнгөний асуудал эдгээр тэмцээнүүдийг хийхэд саад болж байна.
-Олимпийн хүрэл медаль гэдэг том амжилт, та нутагтаа өөрийнхөө нэрэмжит тэмцээнийг хийх үү?
-Төрөлх Завхан аймагтаа ирэх 10-р сард хийхээр бодож байна. Тэмцээн зохион байгуулахад заалны түрээс, тамирчдын шагнал, медаль, ажлын хөлс гээд нэлээд зардал гарна. Тийм болохоор одооноос ивээн тэтгэгч байгууллага, нутгийн ах дүү нартай уулзаад л явж байна.
-Саяхан эмэгтэй боксын Ази тивийн аварга Улаанбаатар хотноо болж манайхан ч амжилтаа ахиулан Азийн хошой аварга төрсөн. Эмэгтэйчүүдийн төрөл манайд хөгжих бүрэн боломтой гэдэг нь эндээс харагдсан. Энэ тухай?
-Эмэгтэй боксын төрөл манай улсад хөгжөөд удаагүй байна. 2000 оны эхээр анхны тамирчдаа бэлтгэж байсан. Харин дараа нь Азийн аваргаас медаль авч эхэлсэн. Энэ онд нутагтаа Азийн хошой аваргатай болсноос харахад эмэгтэйчүүдийн амжилт цаг хугацааны асуудал болж байна. Бид Азидаа эхний гуравт орж байна гэдэг нь Дэлхийн хэмжээнд өрсөлдөх цаг нь болсон гэсэн үг. Одоо холбогдох байгууллага нь зөв бодлогоор дэмжиж 2016, 2020 оны Олимпийн наадамд оролцох тамирчдыг одооноос бэлдэх хэрэгтэй. Зөвхөн эмэгтэй төрөл биш эрэгтэйг ч бас.Олимпийн наадам дуустал ажил их байгаа. Эмэгтэйчүүд Дэлхийн аваргад оролцохоор урд хөршийг зориод байна.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярллаа.


URL:

Сэтгэгдэл бичих