Ерөнхийлөгч асан П.Очирбат байшингаа заржээ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайг албанаасаа буухад төсвөөс хөрөнгө гарган Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Гэрлэх ёслолын ордны дэргэд орон сууц барьж өгсөн юмдаг.

Тухайн үедээ улсын хөрөнгөөр үнэтэй тансаг хаус барьж өглөө гэсэн сөрөг яриа ч гарч байсан юм. Одоогоос арав гаруй жилийн өмнөх тэрхүү хаус өдгөө Гүнт, Яргайтын ам битгий хэл гэр хороололд цөөнгүй харагдах хоёр давхар байшин.

Гэхдээ л тухайн үедээ хүн бүрийн орж үзэхийг хүсдэг гоё хаус байлаа. Тэр хавиар явсан хүн зог тусан “Очирбат гуай хашааныхаа хогийг цэвэрлэж байна лээ” гэсэн сонин мэдээ дуулгадаг байв. Саяхан тэр хавиар явтал анхны Ерөнхийлөгчийн маань хаусыг нурааж байгаа харагдлаа. Сонсох нь ээ Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай хаусаа зарсан аж. Тэр авсан компани нь байшинг нь буулгаж хаяад оронд нь олон давхар орон сууц барих гэнэ.

“Хуучин юм ул болж шинэ юм зул болдог” хорвоо ч гэлээ энэ байранд харамсах сэтгэл төрлөө. Монголчууд бид зах зээлийн хямралын хүнд цаг үед энэ орон сууцыг (хаус гэнэ үү) анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайд барьж өгсөн. Бусад орны Ерөнхийлөгч нараас дутаахгүй, орон байртай байлгах гэсэндээ барьж өгсөн ард түмний сэтгэлийн бэлэг билээ. Бидний нүдэн дээр өгсөн бэлгийг нурааж, няцалж байгаа мэт эвгүй харагдах юмаа.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, “Тэнгэрийн цаг” компанийн захирал П.Очирбат гуай энэ байшингаа зарахгүй байж болоогүй юм байх даа. “Миний ард түмэн өгсөн” гээд яриад сууж байвал олон хүнд таатай санагдана. Хэзээ нэгэн цагт ханан дээр нь “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад ард түмнээс нь барьж өгчээ” гэж бичих л байв. Ер нь бусад улс орны Ерөнхийлөгч тэр болгон орон байраа зараад байдаггүй. Хожмоо тухайн хүний намтар, түүхийг өгүүлсэн гэр музей болдог түүхтэй. Тэр байрнаас нэг их холгүй Монгол Улсын Ерөнхий сайд агсан Пэлжидийн Гэндэн амьдарч, ажиллаж байсан байр бий. Тэр байранд ороход 1930-аад оны түүх сэвэлзэх шиг болдог. Гашуун ч гэлээ 1937 оны түүхийн сургамж тэр байшинд байдаг юм. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайн байшин одоо ч гэсэн түүх өгүүлсээр байна. Үнсэн блокоор барьж, тоосгоор бүрсэн ч гэлээ энэхүү байшинд ардчилсан хувьсгал, зах зээлийн нийгэм тодоос тод ул мөрөө үлдээжээ.

Т.ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих