Ц.Батбаяр: АТГ намайг хоёр удаа л дуудаж байцаалт авсан

УИХ-ын гишүүн Ц.Батбаяртай ярилцлаа.

-Таныг АТГ-аас шал­гаж байгаа. Харин сая яллагдагчаар тат­сан юм уу?

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой нэг хэрэг бол “Өргөө” зо­чид буудлын хувьчлал юм. 2007 онд намайг хо­тын дарга байхад энэ зочид буудлын үйл ажил­лагааг төр, хувийн хэвш­лийн оролцоотойгоор сайж­руулъя гэж шийдсэн. “Өргөө” зочид буудал хо­тын хамгийн бохир, муу­хай газар байлаа шүү дээ. Үүнийг өөрчилж,  эдийн засгийн үр ашиг­тай болгоё л гэсэн үүд­нээс ИТХ-аар оруулж дэмж­сэн. Хөрөнгө оруу­лагч тал зочид буудлыг иж бүрэн шинэчилнэ. Хот өөрөө тэндээс тодорхой ашгаа авна гэсэн зарчмаар л явсан байгаа. Түүнээс биш “Өргөө” зо­чид буудлыг хууль бусаар хувьчлаагүй.

-АТГ-аас таныг хэзээ дуудсан бэ?

-Намайг хоёр удаа дуудаж байцаалт авсан. Өөрийнхөө зүгээс шаар­дагдах бүх материалыг АТГ-т өгсөн.

-Яллагдагчаар тат­сан юм биш үү. Та­ныг болоод ах дүү нарыг чинь гадагшаа гаргахгүй хөл хорио тогтоочихсон гэх юм…

-Тийм зүйл байхгүй. Би зүгээр л явж байгаа биз дээ. Яллагдагчаар татсан тухай мэдэхгүй байна. Он гарснаас хойш АТГ намайг хоёр удаа л дуудаж байцаалт авсан. Түүнээс хойш чимээгүй байна.

-Яагаад байгуулагдаад удаагүй, дүрмийн сандаа бага мөнгөтэй компанид шилжүүлсэн юм бэ. Ерөн­хийлөгчийн хүүгийн ком­пани учраас тухайн үедээ өгсөн юм биш үү?

-Тэр компанид шилжүү­лээгүй шүү дээ. Хүн сайн сайхан зүйл хийе гэж байхад үгүй гэж хэлэх эрхгүй. Ерөн­хийлөгчийн хүүгийн компани гэдгийг тэр үед мэдээгүй. “Өр­гөө” зочид буудлыг өөд нь татах газар байна уу гэхэд ганцхан компани саналаа ирүүлсэн. Тэгээд л өгсөн. Өөр ямар ч асуудал байхгүй.

-Ерөнхийлөгч асан Н.Энх­баяр батлан даалтад гарчихлаа. Гэх­дээ тэр хүн ял авах нь гарцаагүй гэсэн яриа байна…

-Би яаж мэдэхэв. Хууль хянал­тын байгууллагын өм­нөөс хариу­лах эрх надад байхгүй.

-Хэрвээ Н.Энхбаяр ял сонс­вол араас нь явах хүн нь гар­цаагүй таныг гэх юм.

-Мэдэхгүй. Шүүхийн шийд­вэ­рийг урьдчилж хэлж мэдэхгүй. Ямар ч байсан алдагдалтай ажиллаж бай­сан зочид буудлыг “Хар дун” компани аваад ашигтай ажил­луулж байна. Би өөрий­гөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Энэ хотод өнгө зүс нэмсэн, соёлтой үйлчилгээтэй байгууллагын тоог нэмье л гэснээс өөр зүйл хараагүй.

-МАХН-ын дарга Н.Энх­бая­рыг баривчилсан нь авлигатай тэм­цэж байгаа хэрэг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Баривчилсан байгуул­лага нь юу гэж үзсэнээс нь хамаарна. Хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгог.

-Танай намын бүлэг МАХН-ын дарга Н.Энх­бая­рын биеийн байд­лын та­лаар хэлэлцэж, батлан даал­тад гарга гэсэн бичиг хий­сэн байна билээ. Ямар учиртай юм бэ?

-Тэр хуралд би суугаагүй. Ямар ч байсан манай намын бүлэг Н.Энх­баярыг батлан даалтад гар­гаж, эмчилгээг хийх шаардлагатай гэж үзсэн байна лээ.

-Танай нам хууль хянал­тын байгууллагын ажилд хөнд­лөн­гөөс нь оролцох эрхтэй юм уу?

-Саналаа өгч байгаа хэрэг шүү дээ. Яагаад гэвэл Н.Энх­баяр гэдэг хүн энэ намын дарга, Монгол тө­рийн тэргүүн явсан гэдэг үүднээс хүн чанар гаргасан хэрэг. Зарим нэг гишүүн Н.Энхбаярын асууд­лаар хуралдах санал гарга­сан юм билээ. Гишүүдийнхээ саналыг харгалздаг зарч­маараа хуралдсан байх.

-Ардын намынхан Н.Энх­бая­рыг муу үгээ ба­руун солгойгүй балбаж бай­сан нь саяхан. Тэгтэл өнөө­дөр өмгөөлөөд сууж бай­гааг юу гэж ойлгох вэ?

-Манай намынхан Н.Энх­бая­рыг муулж байгаагүй. Энэ хүн манай намын дарга бай­сан хүн.

-Та Н.Энхбаярын араас явж магадгүй гэж айгаад байна уу?

-Тийм зүйл байхгүй.

-Тантай хамт МАН-д фракц байгуулж магадгүй гэж яригддаг байсан хү­мүүс МАХН руу явчих­лаа. Та юу хэлэх вэ?

-Хүн өөрийнхөө үзэл бо­долдоо үнэнч учраас сон­голтоо хийсэн болов уу.

-Та хотод цахилгаан автобус оруулж ирэх асууд­лыг тавьж байгаа гэл үү?

-Азийн хөгжлийн банк­наас Улаанбаатар хот 300 гаруй сая ам.долларын зээл авах гэж байгаа юм. Энэ мөн­гийг гурав, төрлийн ажилд зарцуулна. Автобус авна, зам, гүүрийг сайжруулна.  Ер нь нийслэл хотод 1000 гаруй автобус явуулбал ачаалалгүй болно гэсэн судалгаа бий. Энэ хүрээнд нийтийн тээв­рийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй.

-Ямар автобус юм бэ. Трамвай маягийн юм уу?

-Цахилгаан автобус шүү дээ. Шонтой, шонгүй гэсэн хоёр төр­лийн автобус л даа.  Бензин ша­тахуун хэмнэнэ гэсэн үг.

-Танд тойрог олдсон уу?

-Манай намын Бага хур­лаар шийднэ.

-Ер нь нэр дэвшинэ биз дээ?

-Дэвшинэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих