Өмнөговийн Засаг дарга төрийн мөнгөөр туйлж байна
Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг шалгуулахаар тус аймгийн иргэн Л.Энхболд, Д.Мөнхбат нар Аудитын газар болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт гомдол гаргасан. Тэд “Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн тул шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байна.
Тэдний өгүүлснээр Б.Бадраа нь 2009, 2010 онд арван захирамж гаргаж, 500 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авсан гэнэ. Тэд “Хагас тэрбум төгрөгөөр тансаг хэрэглээний, өндөр үнэтэй машин худалдан авахдаа тендер зарлаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Тиймээс санхүүгийн дээрх ноцтой зөрчлийг нь шалгаж өгөөч. Төсвийн хөрөнгөөс 500 сая 415 мянган төгрөг гаргасан нь дэндүү хууль зөрчсөн үйлдэл шүү дээ. Үүнээс гадна түүнд маш олон “но” бий” хэмээн өргөдөлдөө бичжээ.
Ер нь тус аймгийн Засаг даргын талаар таагүй мэдээлэл сонин хэвлэлээр байнга гардаг. Манай сонин ч мөн адил Засаг дарга Б.Бадраагийн хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байгаа, намын харьяалал зааж иргэдийг хохироож буй талаарх баримтыг дэлгэн, мэдээлж байсан билээ.
Тухайлбал, Б.Бадрааг Хүрмэн сумын сургуулийн дээврийг “Сэврэй хайрхан”-аар засварлуулсан. Уг нь энэ ажлыг тендер зарласны үндсэнд хийх ёстой. Гэтэл дээрх компанитай шууд гэрээ байгуулсан бөгөөд үнэндээ “Сэврэй хайрхан” компани нь Б.Бадраагийнх юм билээ.
Хамгийн гол нь энэ ажилд төсвөөс 120 сая төгрөгийн санхүүжилт гаргуулахыг доод хүмүүстээ үүрэг болгосон байгаа юм. Мөн төрийн албан хаагчдыг орон сууцаар хангах нэрээр 350 сая төгрөгийг орон сууцны сангийн хөрөнгөөс гаргасан. Түүний энэ үйлдэл “Сан зохих шалгуурыг хангасан арилжааны банкаар дамжуулан зээл олгоно” гэсэн журмыг зөрчсөн байгаа юм. Түүнчлэн зээл авсан гэх төрийн албан хаагчидтай ямар ч зээлийн гэрээ байгуулаагүй аж.
Өмнөговь аймгийн хувьд уул уурхайгаас өөр ажлын байр ховор. Үйлдвэрлэл хөгжөөгүй, иргэд нь уурхай түшиглэж амьдрахаас өөр аргагүй гэдэг ч энэ ажил нь мөн л болдоггүй гэсэн. Ийм байтал Засаг дарга нь тэдний үгийг огт сонсдоггүй, хүлээж авдаг ч үгүй аж. Дээр нь энэ аймагт АН-аас бусад намын харьяалалтай иргэд ажилд орох тухай санах ч хэрэггүй юм байна.
Түүнчлэн Өмнөговийн хамаг өөдтэй газрыг наймаалсан хүн нь Б.Бадраа гэж иргэд нь ярьдаг юм билээ. Жирийн иргэд хувьдаа газар авахаар хөөцөлддөг ч бүтдэггүй болохоор бүр хаясан гэнэ.
Гэтэл аймгийн хурган дарга нар, удирдах албаныханд хүссэн хэмжээгээр нь газар олддог . Уг нь Газрын тухай хуульд Засаг дарга газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах, эрх олгохыг зөвшөөрнө гэсэн нэг ч үг, өгүүлбэр байдаггүй. Ер нь Б.Бадраагийн тухай олиггүй баримт гарсаар л байх бололтой.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: