Н.Алтанхуяг Сонгинохайрханчуудаас “Далан худалч” алдар хүртэв

УИХ-ын 2008 оны сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчид өөрсдийгөө эв гав, итгэл сэтгэл нь нэгдсэн айхавтар сүрхий “Дөрвөн бэрх” гэж рекламдсан.Гэвч тэдний хоёр зөв, хоёр нь онх буусан гэхэд болно. Сонгогдсон даруйдаа Н.Алтанхуяг гишүүн Сонгинохайрханыг нийслэлийн “бар” дүүрэг болгоно гэж амласан. Хамгийн олон хүн амтай, хамгийн том газар нутагтай. Хааш хааш нь тэлж өргөтгөж болох энэ дүүрэгт зөв бодлогоор хөгжил авчирна хэмээн хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл өнөөх амласан хөгжлийнх нь бараа ч алга. Магадгүй Увс угшилыг нь бодож нутгаас нь хөвөрсөн их нүүдлээр Сонгинохайрханд бүл л нэмсэн байх.

Өнгөрсөн жилүүдэд тойрогтоо нэг биш морилсон ч тэднийг төлөөлсөн төрийн түшээ гэхээсээ улс төрийн нам тэргүүлсэн даргын нэрээр л явсан даа. Уг нь сонгосон гишүүн нь намын дарга төдийгүй гүйцэтгэх засаглалд суудал олж, эрх мэдэл чамлахааргүй Тэргүүн шадар сайдын алба хашсан нь иргэдийн хувьд зөв сонголт хийсэн мэт харагдах байх. Гэтэл дүүргийн иргэд түүнийг өөрсдийнхөө төлөөлөл болгон УИХ- д илгээхдээ албан тушаалын төлөө улайрах биш амласандаа хүрэх ёстой гэсэн ганцхан шаардлага хаягласан. Харамсалтай нь гишүүний амлалт үлгэр болж түүнд нь итгэсэн сонгогчид тойрогтоо хэзээ ирэх бол хэмээн сураг тавин суудаг болсон.

Н.Алтанхуяг даргын амлалтаар Баянхошуу, Ханын материал, Толгойт, Их наран, Бага наранд орон сууцны цогцолбор бариад эхэлчихсэн байх ёстой. Энэ газар нь нийслэлийн хамгийн том гэр хороолол. Ихэнхдээ хөдөөнөөс ирсэн айлууд тархан суурьшсан учир тэдний хувьд орон сууц гэдэг том мөрөөдөл юм. Орон сууц барьж өгнө гэсэн хэнийг ч элдэвлэж зовоолгүй сонгож мэднэ. Хамгийн гол нь тэд үлгэрт итгэдэг гэнэн, үүнийг нь далимдуулаад Н.Алтанхуяг гишүүн ч толгойг нь 180 градус эргүүлж чадсан шийртэй эр. Орон сууц гэдэг нийслэлчүүдийн мөрөөдөл. Нийслэлийн иргэдийн талаас илүү хувь нь зөвхөн байранд орохын төлөө ажилладаг гэхэд болно. Харин сүүлийн жилүүдэд 100 мянган айлын орон сууц хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр цөөн боловч айл зээлийн байранд орсон. Үүнд Н.Алтанхуягийн оролцоо байхгүй. Энэ бол Монголын төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого.

Тэр бас гэр хорооллын цахилгаангүй газрыг эрчим хүчний эх үүсвэрт холбож, хүчдэлийг тогтвортой болгон цахилгааны өртгийг шөнөдөө тэглэнэ гэж амласан. Гэтэл түүний ярьж байсан Толгойт, Тахилтын захын гэр хорооллын айлууд өнөөдрийг хүртэл лааны гэрэлд амьдарч байна. Цахилгааныг шөнөдөө тэглэх боломжтой гэнэ. Үүнийг нийслэлд нэр дэвшсэн хүн бүр мөрийн хөтөлбөртөө оруулсан. Харамсалтай нь шөнийн цахилгааны үнэ бага зэрэг буурснаас тэглэгдээгүй. Түүний дараагийн амлалт нь гэр хороололд цэвэр усны шугам тавьж. айл бүрийн хашаанд хүргэнэ гэсэн. Сонгинохайрхан дүүрэгт түүний буянаар хашаандаа цэвэр усны шугамтай болсон айл байхгүй гэхэд болно. Ганц хоёр айл хашаандаа худаг гаргасан. Худаг төдийлөн элбэг биш, зөөврийн голдуу ус хэрэглэдэг учир ойр хавийн айлууд тэднийхнээс ундны усаа хангана. Амьдрал бодит байдал дээр нэг иймэрхүү л байна. Хашаандаа цэвэр устай болж тохилог орон сууцанд амьдарна гэдэг тэдний хувьд мөрөөдөл хэвээрээ. Ядаж л хэдэн худаг шинээр гаргаад өгсөн бол амьдралд тус болох байв. Километр гаруй зайтай худгаас усаа авдаг айлууд ч бий.

Жаргалант тосгонд эрчимжүүлсэн аж ахуй байгуулж, мах, сүү, ногоо зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх агуулах байгуулан Сонгинохайрхан дүүргийн иргэдийг хуу хангана гэсэн. Нэг үгээр, тус дүүргийнхэн Н.Алтанхуягийн амласнаар бол нөөцийн маханд оочерлохгүй, ногоо цагааны эрэлд хотын төв орохгүй амар амьдрах байлаа. Гэтэл Жаргалант тосгонд эрчимжүүлсэн аж ахуйн тухай ярианаас илүү зүйл алга л байна. Байнгын ажиллагаатай спорт комплекс, соёл амралтын парк байгуулна гэж тус дүүргийн иргэдийг хулхидсан. Шав тавьж байна гэж хадаг, цай газарт булсан цэг ч алга. Байруудын гадна талбайг тохижуулна гэсэн үг мөрийн хөтөлбөрт нь бий. Соёл амралтын парк байгуулахад, хөрөнгө мөнгө, эрх мэдэл нь хүрсэнгүй гэж бодъё. Ядаж байруудын гадна хөгшид нарлаж, хүүхдүүд тоглодог талбайг тохижуулсан бол нэр хүнд нь тэгж унахгүй л байсан болов уу. СӨХ иргэдээс авсан мөнгөөрөө жилдээ ганц удаа будаг түрхэж нүд хуурах төдий өнгөрөөдөг нь хэвээрээ л дөрвөн жилийг үдэж байна даа.

Номын сан, хурлын болон үзэсгэлэнгийн танхим бүхий иргэдийн ордон байгуулах нь 2008 онд Н.Алтанхуягийн хийнэ гэж амласан ажлын нэг байлаа. Одоо Сонгинохайрхан дүүрэгт ийм ордон хайгаад ч олохгүй. Хаа нэг газар зураг төсөл нь явж байж мэдэх л юм. Гэхдээ ер нь зураг ч байхгүй л болов уу. Итгэл алдрахын тухайд энэ дүүрэгт баар, цэнгээний газар нэмэгдсэнээс иргэдийн ордон гэх юмны суурь ч байхгүй. Энэ бүгдийг хийж гүйцэтгэхэд хангалттай. Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга гээд ноён шиг эрх мэдэл түүнд байсан. Эдгээрээс гадна “Монголдоо үйлдвэрлэв” төслийг санаачилж хэрэгжүүлнэ. Иргэд өөрийн гэсэн бизнестэй болно гэж ярьж байснаа одоо мартчихсан тууж яваа ч байж мэднэ.

Одоо бол түүнд энэ бүгдийг ярьж тайлбарлах шаардлага байхгүй. Намын дарга учраас сонгуульд намынхаа 28-ыг тэргүүлж жагсаалтын тэргүүнд нэрээ зооно. Монголын улс төрийн өнгийг тодорхойлж буй хоёр намын нэгийг толгойлж буйн хувьд яаж ч бодсон тэр шууд сонгогдож таарах юм. Тийм болохоор Сонгинохайрхан руу давхиж, сонгогчдоосоо хатуу үг сонсон, царай алдаж санал гуйхгүй хэмээн тооцоолчихсон яваа. Тийм зовлон үгүй учраас намаас нэр дэвших хүмүүсийн хэтэвчтэй ярих сонирхолтой ажил хийж суугаа гэнэ билээ.

Л.Цэрэнжаргал


URL:

Сэтгэгдэл бичих