Төрөөс ”хөөгдсөн” хүн түмний төлөөлөл болж чадах уу

Ховд аймгийн АН-ын дарга Б.Пүрэвдорж гэх эрхэм АН-ын болон, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг “шороотой” хутгаж байгаа тухай мэдээлэл бидэнд ирлээ.

УИХ-ын олон сонгуульд дандаа “улаан”-д саналаа өгдөг байсан Ховдчуудын нэлээдгүй хувь нь 2008 оны УИХ-ын сонгуулиар “цэнхэр”-ээс нэр дэвшсэн Р.Амаржаргалд саналаа өгч түүнийг УИХ-ын гишүүн болгосон. Эндээс л АН-ынхан Ховдод нэр дэвшвэл УИХ-д суудал авах

боломж байна гэж үзэх болжээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн шинэчилсэн хуулиар Ховд аймаг 2 мандаттай болсон. АН-ынхан мэдээж энэ хоёр мандатаа алдахгүйн тулд нутгийн олондоо танигдсан, намынхаа кадруудаас нэр дэвшүүлэхээр бэлтгэж эхэлсэн. Энэ үед Монгол улсын Ерөнхийлөгчийн “татаас”-аар 2009 онд Ховд аймгийн АН-ын дарга болсон Б.Пүрэвдоржийн нэр яригдаж, Ховдын хоёр мандатын нэгд АН дотроо өрсөлдөгчгүйгээр тодрох нь ойлгомжтой болоодхов. Б.Пүрэвдорж өөрийгөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэг нутгийн хүн, түүний “гарын хүн”, бараг л “төрсөн дүүгээс нь өөрцгүй” хүн гэж зарлах шахам явдаг гэнэ лээ.

Түүнийг 2008-2012 онуудад аймгийн Засаг захиргааны удирдлагуудад шаардлага хүргүүлж, Аймгийн Засаг дарга Г. Нямдаваад тооны төсвийн мөнгийг үр дүнтэй зарцуул гэж тооны машин, ард түмний амьдралыг тод сайн харж бай гэж томруулдаг шил, архинаас хол бай гэж сүү бэлэглэж “сенсаци” тарьж байсныг хүмүүс санаж байгаа байх. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бүхэн зүгээр л шоу байжээ. Б.Пүрэвдорж эрх мэдэл, эд хөрөнгөтэй болохын тулд МАН-ынхан байтугай “чөтгөр”-тэй ч нөхцөхөд бэлэн нэгэн бололтой. Тэрээр “Баруун Монгол Интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд нөгөө муулаад байсан аймгийн МАН-ын дарга, Засаг дарга Г.Нямдаваатай хуйвалдан, ханцуйн дотроо наймаалцан “Баруун Монгол Интернэйшнл” ХХК-ийнхаа шугамаар Ховд аймагт махны үйлдвэр барих нэрээр 2010 онд Аймаг хөгжүүлэх сангаас 350.0 сая төгрөгийн, Улаанбаатар хотоос мөн л Ховдод махны үйлдвэр барина гээд мөн 450.0 сая төгрөгийн, нийт 800.0 сая төгрөгийн зээлийг тус компанидаа авч чадсан байна.

Хэзээ байхад аймгийн удирдлагууд МАН-ынхан байхад АН-ынхан ийм их хэмжээний зээл авдаг байлаа. МАН, АН их мөнгөний төлөө нягт хамтран ажиллаж чаддагийн орон нутаг дахь “супер” жишээг ийнхүү аймгийн МАН-ын дарга, АН-ын дарга хоёр харуулжээ. Түүнчлэн Б.Пүрэвдорж Аймгийн Засаг дарга Г.Нямдаваагаар “Баруун Монгол Интернэйшнл”-ийн Ерөнхий захирал Ө.Түвдэндоржид зөвхөн дипломатчдад олгодог ногоон паспорт гаргуулж өгчээ. Г.Нямдаваа даргын АТГ-д шалгагдаж байгаа үндэслэлүүдийн нэг нь энэ ногоон паспорттой холбоотой гэнэ.
Б.Пүрэвдорж өөрийн facebook дээрээ /www.facebook.com/purevdorjbohchuluun/ 1995-2008 он хүртэл Баян-Өлгий, Буянт-Ухаа, Улаанбаатар хотын гаалийн байгууллагад байцаагч, ахлах байцаагч, албаны даргаар ажиллаж байсан гэж бичжээ. Харин хэрхэн гаалийн байгууллагаас халагдсанаа дурьдаагүй байна. Төрийн ажилд хүндэтгэлгүй хандан, удаа дараалан урт хугацаагаар ажил тасалсан шалтгааны улмаас тэрээр гаалийн байгууллагаас халагджээ.

Бодвол тэрээр гаалийн байгууллагад ажиллаж байхдаа төрийн ажлаа орхин байж, хажуугаар нь хувийн эрх ашгийнхаа төлөө, бизнесийн ажлаа хөөцөлдөөд явдаг байсан биз. Ийм хүн Ховдчуудын итгэлийг хүлээн, төрийн түшээ болохоор өрсөлдөх гэж байна. Магадгүй Ховдчууд түүнд итгэл үзүүлэн УИХ-ын гишүүн болголоо гэхэд Ховдчуудын төлөө биш, хувийн бизнесээ өргөжүүлэхийн төлөө ажиллах нь бололтой. “Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэгсэн дээ. Төрд ажиллаж байгаад “хөөгдсөн” хүн түмэн олны төлөөлөл болж чадах уу?

Өөрийгөө Монгол улсын Ардчилсан Ерөнхийлөгчийн “хуурай дүү” гэж ярих дуртай Б.Пүрэвдорж гэх энэ эрхэм Ховд аймагт Ерөнхийлөгчийн нэрийг “сэвтээх”, өсөж яваа АН-ын рейтингийг унагах “аюул” тарьж явааг Монгол улсын Ерөнхийлөгч, АН-ын дарга Н.Алтанхуяг дарга анхааралдаа авах цаг болжээ.

Ц.Мөнх
Olloo.mn


URL:

Сэтгэгдэл бичих