Т.Билэгт, Ц.Батбаяр, Х.Наранхүү нарыг яллагдагчаар татаж, бүрэн эрхийг нь дуустал хэргийг нь тусгаарлаад байна

Н.Энхбаяр нарт холбогдох таван үйлдэлтэй хэрэг 7 тэрбумын хохирол учруулжээ-

Энэ сарын 14-ний өдөр АТГ-ын албаны хүмүүс Н.Энхбаярт холбогдох хэргийн талаар болон бусад баримт материалуудын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шал­гах хэлтсийн комиссар Д.Наран­баа­тар Н.Энхбаяраас байцаалт авах, яллагдагчаар татах тог­тоолыг танилцуулах үед гарсан хүнд­рэл болон бусад асуудлын та­лаар дэлгэрэнгүй мэдээлэл өг­сөн юм. Түүний хийсэн мэ­дээл­­лийг бүрэн эхээр нь хүргэж бай­на.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлт­сийн комиссар Д.Наранбаатар: “…Хуулийн заалтын дагуу бид Нийслэлийн прокурорын газарт ал­бан ёсоор хүсэлтээ тавиад, хав­таст хэргийг Эрүүгийн хэ­рэгт шалгасан мөрдөн бай­цаал­тын мэдээ материалыг тодор­хой хэмжээнд мэдээлэх гэж бай­на, та нар зөвшөөрөл өгөөч гэж хүсэлт тавьсан. Үүний да­гуу Нийслэлийн прокурорын ор­лог­чоос зөвшөөрөл аваад товч мэдээлэл хийж байна.
Ерөнхийдөө Эрүүгийн хэр­гийн хувьд Долгорын Чулуун­баа­тар нарт холбогдуулан 2011 оны нэг­дүгээр сарын 20-нд УМБГ-аас Эрүүгийн хуулийн тус­­гай ангийн 148 дугаар зүй­лийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүү­­гийн хэрэг үүс­гэн мөр­дөн бай­цаал­тын ажил­ла­гаа явуул­сан. Мөн УМБГ-аас Н.Болор­маад хол­богдуулж 2010 оны арван­хоёр­­дугаар сарын 31-нд Эрүүгийн хуу­лийн тусгай ан­гийн 150 дугаар зүйлд заас­ны дагуу тус тус Эрүүгийн хэрэг үүс­гэж, шалгасан энэ хоёр хэр­гийг 2011 оны долдугаар сарын 20-нд  Долгорын Чулуунбаатар нарт холбогдуулах Эрүүгийн 21147024 дугаартай хэрэгт УМБГ-аас нэгтгэж, шалгаж, мөр­­дөн байцаалтын ажиллагаа явуул­сан юм.
Энэ хэргийг үндсэндээ АТГ-т харьяаллын дагуу ирсэн тухайд УЕПГ-аас 2011 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр мөрдөн байцаалт явуулах хяналтын харьяаллыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс болон УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг шалгах хэлтэс тогтоосон. Энэ бол Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлд “АТГ нь УЕПГ-ын шийдвэрээр цагдаа болон ТЕГ-тай хамтарч хэргийг шалгаж болно” гэсэн хуулийн заалтын дагуу хамтарсан ажлын хэсэг гарч шалгасан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд миний бие ажлын хэсгийг ахалж ажилласан. Гишүүдэд  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч Тамир, Даваатогтох, Болд нар ажилласан. Мөн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг шалгах хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Буянтүмэн, цагдаагийн хошууч Отгонжаргал нар мөрдөн байцаалтын ажиллагааг бид хамтарч, шалгаж, Н.Энхбаяр нарын нийт дөрвөн хүнд холбогдуулж, бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.3-т заасны дагуу холбогдчдод ял сонсгож, 2012 оны тавдугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн. Хэргийн хувьд та бүхэн бүхэн мэдэж байгаа байх. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн тухайгаа ч албан ёсоор мэдэгдсэн. Сүүлийн үед хэргийг шалгасан мөрдөн байцаагч нарын хувьд алхам тутамдаа хууль зөрчсөн ажиллагааг хийж байсан гэдэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бишгүйдээ нэг мэдээлсэн. Тиймээс миний бие энэ хэргийг шалгасан мөрдөн байцаагчдын ахлагчийн хувьд бодит байдал дээр хэрхэн ажилласан талаар мэдээлэл өгье гэж бодсон юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ асуудал яригддаг л даа. Н.Энхбаярыг цагдан хоригдож байхад АТГ-ын мөрдөн байцаагч нар өмгөөлөгч нарыг байлцуулаагүй, байцаалт авсан гэж яригдаж байгаа.

Энэ хэргийг шалгах хугацаанд Н.Энхбаярыг сэжигтнээр цагдан хорьсноос хойш бид түүнтэй гурван удаа уулзсан. Ингэж гурван удаа уулзаж, байцаалт авах үед тухай бүрт нь өмгөөлөгч нарт мэдэгдсэн. Н.Энхбаяр нарын хэрэг дээр өмгөөллийн бүхэл бүтэн баг ажиллаж байгаа. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Таван өмгөөлөгч энэ хэрэг дээр ажиллахаар өөрөөс нь болон ар гэрийнхнийх нь хүсэлтээр ажиллаж байгаагаа манайд албан ёсоор мэдэгдсэн юм. Тиймээс бид эдгээр таван өмгөөлөгчид Н.Энхбаярыг байцаах болгондоо утсан харилцаа холбоогоор, мессежээр хүртэл нэг хоногийн өмнөөс мэдэгдэж байсан. Тухайлбал, нэг удаагийн байцаалтан дээр Н.Энхбаярт өмгөөлөгч О.Баасанхүүг Төв аймгийн ШШГГ-т мөрдөн байцаагч байцаалт авах гэж байна, тиймээс товлосон хугацаанд ирэх үүрэгтэйн дагуу үүргийг нь мэдэгдсэн. Ингээд очиход өмгөөлөгч О.Баасанхүү тухайн өдөр өөр ажилтай байна гэдэг байдлаар Н.Энхбаярт энэ асуудлыг өөрт нь хэлж, Н.Энхбаяртай уулзаж, уулзалтын тэмдэглэл хөтөлж, зөвхөн биеийн байдлыг нь л асуусан. Хоёр дахь удаагаа бид сэжигтнээс байцаалт авахад өмгөөлөгч О.Баасанхүүг байлцуулсан. Ингэхдээ эрх үүргийг нь тайлбарлахад Н.Энхбаяр өөрөө “Би байцаалт өгөхгүй. Та бүхэн сэжигтнээр тооцсон тогтоолоо албан ёсоор надад танилцуулаагүй учир би байцаалт өгөхгүй” гэсэн асуудлыг ярьдаг. Өмгөөлөгч О.Баасанхүү ч энэ асуудлыг тавиад, эрх үүргийг нь тайлбарлах явцад өөрөө байцаалт өгөхгүй гэдэг үндэслэлээ тавиад байцаалтын өрөөнөөс гарсан. Ерөөсөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулиараа сэжигтэн хүн байцаалт өгөхгүй байх эрхтэй. Ерөнхийдөө ийм л байгаа юм.
Гурав дахь удаагаа бид мөн байцаалт авсан. Ингэхэд бол бид яллагдагчаар татсан. Яллагдагчаар татах ажиллагааг бид Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 196 дугаар зүйлд заасны дагуу яллагдагчаар татдаг. Мөрдөн байцаалтаар хангалттай нотлох баримт цуглуулж, тогтоогдсон тохиолдолд тухайн этгээдийг яллагдагчаар татах тогтоол үйлдэнэ гэсэн заалтын дагуу Н.Энхбаярт мөрдөн байцаалтаар хангалттай нотлох баримт цуглуулж, тогтоогдсон гэсэн үндэслэлээр ял сонсгох, яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан.

Ингэж танилцуулахынхаа өмнөх өдөр тухайн өмгөөллийн багийн бүх өмгөөлөгч нарт албан ёсоор мэдэгдсэн. Өмгөөллийн багийн өмгөөлөгч нараас бидэнд хариу өгөхдөө өмгөөлөгч Ганбаатар албан ёсоор мессежээр ажлын хэсгийнхэнд мэдэгдсэн байгаа. “Бид хоорондоо ярилцаж байгаад энэ удаагийн байцаалтын ажиллагаанд өмгөөлөгч Оюунбилэг оролцоно” гэсэн. Ингээд бид ял сонсгох ажиллагаанд өмгөөлөгч Оюунбилэгийг өглөөний 09.30-11.00 цаг хүртэл Төв аймгийн ШШГГ дээр хүлээсэн. Өмгөөлөгч Оюунбилэг ирсэн. Ирээд “Би бол энэ хэргийн байцаалтын ажиллагаанд оролцохгүй. Би бол зөвхөн таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд л өмгөөлөл хийх үүрэгтэй. Тиймээс би байцаалтын ажиллагаанд оролцохгүй” гэсэн. Энэ асуудлыг Төв аймгийн ШШГГ-т хоригдож байсан Н.Энхбаярт хянагчаар дамжуулж мэдэгдсэн. Ингээд бид байцаалт авах гэж байна гээд дуудахад хянагчаараа дамжуулан Н.Энхбаяр “Би өрөөнөөсөө гарч ирэхгүй” гэдэг байдлаар байцаалт өгөхгүй гэсэн. Тиймээс бид Төв аймгийн ШШГГ-ын албаны дарга, хурандаа Болдтой уулзаж, албан ёсны зөвшөөрөл авсны дагуу бид хуулийн хүрээнд Н.Энхбаярын хоригдож байсан камерт нь орж, яллагдагчаар татсан тогтоолыг болон эрх үүргийг нь танилцуулсан. Яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах үеийн бичлэгийг үзүүлж танилцуулъя” хэмээгээд Н.Энхбаярыг яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулах үеэр түүний хоригдож байсан камерт хийсэн бичлэгийг үзүүлж танилцуулав.
“…Яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах үед Н.Энхбаяр хүндрэл учруулсан. Зарим хүмүүс ярьдаг юм аа. Мөрдөн байцаалтад сэжигтэн Н.Энхбаярт бид 10 удаа зарлан дуудах хуудас өгсөн байдаг юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гадуур шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагч болон гэрч, хохирогчийг зарлан дуудах хуудсаар дуудна. Мөн утсан харилцаа холбоогоор дуудна гэдэг. Бид бол үндсэндээ 10 удаа дуудахдаа хуульд заасан хүрээнд Н.Энхбаярт өөрт нь биеэр болон түүний ар гэрт нь, оршин суугаа хорооны Засаг даргаар дамжуулан, мөн утсаар мэдэгдсэн байдаг. Яг өөрт нь албан ёсоор хоёр удаа, түүний хүү Э.Батшугарт мөн мэдэгдсэн. Үндсэндээ зарлан дуудах хуудсаар 10 удаа мэдэгдсэн талаар 2011 оны тавдугаар сарын 18-наас 2012 оны дөрөвдүгээр сарын 20-ны хугацаанд дуудсан байгаа.

Энэ бол хавтаст хэрэг дээр зарлан дуудах хуудас нь байгаа. Өөрөө гарын үсэг зураад зарлан дуудах хуудсыг авсан байдаг. Ер нь ял сонсгох ажиллагаан дээр ч тэр, сэжигтнээс байцаалт авах ажиллагаан дээр ч тэр ганц тавьдаг асуудал нь “Сэжигтнээр тооцсон тогтоолыг та нар албан ёсоор танилцуулаагүй” гэдэг. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дээр мөрдөн байцаагч тухайн этгээдийг ямар хэрэгт сэжиглэгдсэн үндэслэлийг л танилцуулах, мэдэгдэх ёстой. Энэ дагуу тухайн үед манай дээр хавтаст хэрэг ирээгүй байсан. УМБГ дээр байхад чиглэлийн ахлах мөрдөн байцаагч Отгонжаргал мэдэгдсэн байгаа. Монгосросцветметийн байран дээр очоод, өөртэй нь уулзаад сэжигтнээр тооцсон тогтоол гарсан тэр өдрөө нэн даруй өмгөөлөгч Ганбаатар болон өөрт нь мэдэгдэж, зарлан дуудах хуудас өгч, гарын үсэг зуруулж, өөрт нь таныг сэжигтнээр татлаа шүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасны дагуу тиймээс та мөрдөн байцаалтан дээр сэжигтнээр байцаалт өгөх ёстой гэдэг байдлаар тайлбарласан. Зарлан дуудах хуудсыг аваад тэр хүн мөрдөн байцаалтад ирээгүй. Тиймээс бид дараа дараагийн арга хэмжээг авсан юм аа. Зарлан дуудах хуудастай холбоотой асуудал ийм байна.
Мөн ар гэрийнхэнтэй нь болон өмгөөлөгчтэй уулзуулаагүй, уулзуулах зөвшөөрөл өгөөгүй гэсэн асуудал яригдаж байгаа. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Н.Энхбаярыг сэжигтнээр татан цагдан хорьсноос хойш өлсгөлөн зарлах хүртэл хугацаанд Н.Энхбаярын ар гэрээс АТГ-т хандаж, “Бид уулзалт, эргэлт авмаар байна” гэдэг байдлаар албан ёсоор хүсэлт гаргаагүй. Үүнийг албан ёсоор хэлмээр байна. Яг өлсгөлөн зарласан өдөр түүний гэр бүлийн хүн эхнэр О.Цолмон нь хүү Э.Батшугарын хамт хүсэлт гаргаж, бид хуульд заасны дагуу хүсэлтийг хүлээн авч уулзуулсан. Өмгөөлөгч нарын хувьд 2012 оны дөрөвдүгээр сарын 13-наас өнөөдрийг хүртэлх хугацаанд өмгөөлөгч Ширнэн, Ганбаатар, Оюунбилэг, Энхээ, Баасанхүү нартай нийт 18 удаа 30 минутаас 4 цаг хүртэлх хугацаанд уулзсан байдаг.
Мөн Н.Энхбаярыг буруутгаж байгаа хэргийн материалтай яагаад танилцах боломжийг олгоогүй юм бэ гэдэг асуудал яригддаг. Бид бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулиараа мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тохиолдолд хэрхэн дууссан талаар сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгч, оролцогчдод мэдэгддэг. Тэрний дагуу Н.Энхбаярт өөрт нь албан ёсоор ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар очиж, мөрдөн байцаалтын ажиллагаа дууслаа шүү, та хавтаст хэрэгтэйгээ танилцах эрхтэй гэж мэдэгдсэн. Ингэхэд Н.Энхбаяр хавтаст хэрэгтэй танилцахгүй гэсэн. Тиймээс энэ талаар прокурор болон түүний шадар хамгаалагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ажилтнууд зэрэг холбогдох албаны хүмүүсийг байлцуулаад бид гарын үсэг зурж баталгаажуулаад тэр баталгаажуулсан тэмдэглэл бол хавтаст хэрэгт хавсрагдаад байгаа. Мөн хавтаст хэрэгтэй танилцах асуудалтай холбоотойгоор өмгөөлөгч нарыг хавтаст хэрэгтэй ерөөсөө танилцуулаагүй, өмгөөлөгч нар үндсэндээ хоёрхон хоногийн хугацаанд танилцах боломж олгосон гэдэг асуудал ярьдаг. Би түрүүн хэлсэн Н.Энхбаяр нарт холбогдох Эрүүгийн хэрэг дээр өмгөөлөгч нарын бүхэл бүтэн баг ажиллаж байгаа. Иймээс энэ өмгөөлөгч нарт бид тухайн үед мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаныг мэдэгдсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссан тул та бүхэн хавтаст хэрэг материалтайгаа танилцаарай гэж мэдэгдээд хавтаст хэрэгтэй танилцах боломжийг олгосон. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 212 дугаар зүйл дээр тодорхой заасан байдаг. Мөрдөн байцаагч хавтаст хэрэг дууссан бол өмгөөлөгч нарт хавтаст хэрэгтэй танилцах боломжоор бүрэн хангаж өгнө гэсэн байдаг. Үүний дагуу бид боломжоор хангасан. Тавдугаар сарын 3-7-ныг хүртэлх хугацаанд хэргийн материалтай танилцах хугацааг тогтоож өгсөн. Мөрдөн байцаагч хугацаа тогтоож өгөх эрхтэй байдаг юм. Энэ дагуу бид өмгөөлөгч нарт албан ёсоор албан бичиг хүргүүлж, хандсан. Гэсэн хэдий ч өмгөөлөгч нар маань мөрдөн байцаагчийн товлосон хугацаанд ажлын найман цагийн 2-3 цагт нь ирж танилцаад өөр ажилтай гээд явсан. Тэгэхдээ товлосон хугацаа нь пүрэв, баасан, бямба, ням гараг таараад байгаа юм л даа.

Өмгөөлөгч нар пүрэв, баасан гарагийн ажлын цагаар 2-3 цаг л ирж танилцсан. Ингээд бямба, ням гараг амралтын өдөр учраас бид ажиллахгүй гэсэн. Бид бол хавтаст хэрэгтэй танилцах боломжоор хангаж, бямба, ням гарагт ирж ажилласан. Нөгөө талаар Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа тасралтгүй явах зарчимтай байдаг. Тиймээс тэр багаар ажиллаж байгаа тавын таван өмгөөлөгч хавтаст хэрэг, материалыг хоорондоо ярьж байгаад хувааж аваад танилцахад хангалттай хугацаа. Мөн 7-ноос хойш нэг өдрийг нэмж өгсөн юм. Тиймээс хугацааны хувьд ийм байгаа. Прокурорын хувьд яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг маш шуурхай явуулсан гэдэг байдлаар мэдээлсэн бол энэ дашрамд нэмж хэлэхэд АТГ-т эл хэрэг ирснээс хойш прокурорын хяналт тасралтгүй явж байсан. Манайд ирснээс өмнөх асуудлыг бол би мэдэхгүй. Энэ хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Мөнхбаатарын хяналт тасралтгүй явж байсан, ажиллагаанд шүү дээ. Тиймээс тэр хүн хавтаст хэрэг, материалаа маш сайн мэдэж байсан. Манай хуулийн тогтолцоо байгаа шүү дээ. Мөрдөн байцаагч хэргийг шалгаад Эрүүгийн хэрэг үүсгээд мөрдөн байцаалтаар хангалттай нотлох баримт цугларсан тохиолдолд яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлдэг. Прокурор хэргийг хянаад  мөрдөн байцаагч хангалттай нотлох баримт цугларсан байна аа гэвэл яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлж, улмаар цаашаа шүүх рүү шилжиж, нотлох баримт хангалттай гэвэл яллагддаг. Энэ бол манай хуулийн байгууллагын тогтолцоо. Энэ хэрэг ч энэ дагуу л явж байгаа шүү дээ. Тиймээс прокурор хавтаст хэрэг, цуглуулсан материалаа мэдэж байгаа болохоор богино хугацаанд яллах дүгнэлт үйлдүүлэхээр шүүхийн шатанд шилжүүлсэн байна. Миний хувьд та бүгдэд өгөх мэдээлэл ийм байна” гэснээр түүний мэдээлэл өндөрлөсөн. Ингээд АТГ-ын албаныхан сэтгүүлчдийн асуултад хариулахаа мэдэгдсэн.
“Н.Энхбаярыг ямар учраас яллагдагчаар татсан юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар Д.Наранбаатар “Н.Энхбаярт нийт таван үйлдэл дээр яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татсан.  Өмнө бол манай Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат яг ямар үйлдлээр шалгаж байгаа талаар тодорхой мэдээлсэн.

Тиймээс би энэ талаар дахиад мэдээлэх боломжгүй” хэмээсэн. Харин дараагийн сэтгүүлч “Н.Энхбаярын 12 хуудас бүхий захидалд АТГ-ынханы хууль бус үйлдлийн талаар бичигдсэн гэсэн. Мөн Н.Энхбаярын хэрэгт УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Х.Наранхүү нарыг холбогдуулж сэжигтнээр татсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу” гэх асуултад тэрбээр “Н.Энхбаярын 2012 оны тавдугаар сарын 12-ны өдөр өөрийнхөө гараар бичсэн өргөдөл байгаа шүү дээ. Үндсэндээ хоёр хоногийн өмнө бичсэн. Өргөдөл дээр АТГ-ын мөрдөн байцаагчид намайг цагдан хоригдсоноос хойш хэргийн талаар нэг ч удаа уулзаж мөрдөн байцаалт аваагүй гэж энд бичсэн л дээ. Энэ нь тодорхой хэмжээний хэвлэл мэдээллээр цацагдсан шүү дээ. Гэтэл бодит байдал дээр яг хэргийг шалгасан мөрдөн байцаагчдын ажлын хэсгийн ахлагчийн хувьд гурван удаа уулзсан. Мөн зарим нэг тодорхой бичлэгээ та бүхэнд үзүүллээ. НИТХ-ын дарга Т.Билэгтийн хувьд энэ хэрэг дээр сэжигтнээр тооцогдсон. Хэрэг манайд ирэхэд энэ хүн бол гадаадад гараад явчихсан байсан. Гадаад руу явснаасаа хойш өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бид хэргийг нь тусгаарласан. АТГ Т.Билэгтийн хэргийг тусгаарлан шалгаж байна” хэмээн хариулсан. Харин УИХ-ын нэр бүхий хоёр гишүүнийг эл хэрэгт холбогдуулан шалгах үндэслэлтэй эсэх талаар “Сая асуусан хоёр гишүүний хувьд энэ хэрэгт сэжигтнээр татсан. Сэжигтнээр бүү хэл яллагдагчаар татсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлаар хэргийг нь тусгаарласан. Тусгаарлана гэдэг бол энэ хэргийг хэрэгсэхгүй болгож байна гэдэг ойлголт биш. Мөн ялгаагүй тусгаарлаж аваад хэргийг нь шалгаад хуулийн хүрээнд шийднэ” хэмээлээ.
Н.Энхбаярт холбогдох хэргийн хохирлын хэмжээний талаархи асуултад “Мөрдөн байцаалтад учруулсан хохирлын хэмжээ долоон тэрбум 260 сая” гэсэн юм. Мөн Н.Энхбаяр болон түүний гэр бүлийн гишүүдийн дундаас уул уурхайн лиценз эзэмшдэг болон лицензийн асуудалтай холбоотой эсэх асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар Д.Наранбаатар “Тийм асуудал байгаа” хэмээн хариуллаа. Түүнчлэн Н.Энхбаяр даргыг сонгуулийн өмнө заавал хорих шаардлага байсан уу гэсэн асуултад “Эрүүгийн хэрэг тодорхой хугацаатай байдаг юм. Үндсэн хугацаа хоёр сар байдаг.

Шат шатны прокуророор дамжаад 23 сар хүрвэл УЕП уг хэргийн хугацааг сунгадаг. Тиймээс энэ эрүүгийн хэргийнхээ журмаар бид хугацаагаа сунгуулаад шалгаж байгаад тухайн нотлох баримт цуглаад яллагдагчаар татлаа, ял сонсголоо, прокурорт өгсөн юм. Гэтэл цаг хугацааны хувьд сонгуулийн асуудалтай таарсан л даа. Магадгүй үүнийг гишүүд дэмжигчид нь сонгуультай холбож, улстөржүүлсэн өнгө аястай байнгын мэдээлэл гарч байсан. Бид бол эрүүгийн хэрэг шалгасан. Тэгэхээс биш бид ямар нэгэн байдлаар сонгуулиас өмнө энэ хүний сонгох, сонгогдох эрхийг нь хаагаад хүчээр боогоод ч байдаг юм уу, сонгуулийн өмнө шалгасан асуудал байхгүй шүү дээ. Манайд үндсэндээ 2011 оны арваннэгдүгээр сарын 11-нд ирсэн. Үүнээс хойш бид бүхэл бүтэн 5, 6 сар шалгаад хэргийг нь өгсөн. Хэргийнхээ ээдрээ, төвөгтэй олон үйлдэл, холбогдогчтой энэ байдлаас шалтгаалаад хэргийг шалгах хугацааг шат шатаар сар сараар сунгаад явдаг юм” хэмээлээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар Д.Наранбаатарын хийсэн сүүлийн мэдэгдэлтэй холбогдуулан АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяр “Сонгуультай холбогдуулаад хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа зогсох ёстой, хэрэг шалгах үйл ажиллагааг зогсоох ёстой гэсэн хуулийн ямар ч үндэслэл байдаггүй. Хэргийг түдгэлзүүлнэ ч гэдэг юм уу. Сонгууль явах гэж байгаа учраас АТГ, прокурор үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэсэн хууль дүрэм байдаггүй. Тэр утгаараа сонгууль болдгоороо болно биз, хууль хяналтын байгууллагууд хуульд заасан хугацаандаа хэргээ шалгадгаараа шалгана. Тэр дагуу л явсан. Сая Д.Наранбаатар комиссар хэлсэн энэ хэргийг шалгах хугацаа 5, 6 сар үргэлжилсэн. Сонгуулийн өмнө болоод байгаа үйл явц биш гэж” хэмээсэн. Энэ үеэр “УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Х.Наранхүү нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгахаас гадна өөр ямар хэрэгт шалгаж байгаа вэ. Мөн Ерөнхий сайд С.Батболдыг шалгана гэсэн асуудал байна” гэсэн асуултыг асуухад Д.Наранбаатар комиссар “Албан тушаалтнуудын хувьд энэ хэргийг шалгахаас өмнө зарим хүмүүс гадаадад гарсан байсан. Тиймээс Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд заасны дагуу хэргийг тусгаарлаад Монголд ирсэн хойно нь шалгана. Ирэхгүй бол интерполоор эрэн сурвалжлаад энэ хэргийг шалгана. Ерөнхий сайдтай холбоотой асуудал байхгүй. Энэ хэрэгт Ерөнхий сайд шалгагдаагүй” хэмээн хариулснаар энэхүү хурал өндөрлөсөн юм.

Э.ТУУЛ

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих