Монголчууд сонгуульд саналаа өгч сурсан ард түмэн шүү
Эхлээд нэг зүйлийг хэлье. Сонгуулийн дараа заавал нэг “юм” болно гэж жижиг улс төрийн хүчнүүд, жижиг улстөрчид даамай ярьцгаах боллоо. Түүнийгээ хувьсгал энэ тэр ч гэх шиг. Зарим нь ч бүр “Зэвсэгт тэмцэл хийхээс өөр аргагүй” гэж ил цагаан ярих болжээ. Үүгээрээ нийгмийн сэтгэл зүйг бэлдээд байна гэж өөрсдийгөө ойлгоод байгаа юм уу, хаашаа юм. Ийм юм гэж байхгүй. Сонгуулийн дараа буруу солгой юу ч болохгүй, зөвхөн наадам л болно. Морь, бөх, сур, олимпоо яриад дэлгэр жаргалтай зун цагтайгаа золгоно. Ер нь ч тэгээд монголчууд сонгуульд саналаа өгч сурсан ард түмэн шүү. Ганцхан эрх баригчид л урьдын сонгуулиудаар луйвар хийчихдэг байсан болохоос биш. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар эрх баригчид ахиад луйвар хийж магадгүй гэсэн хар сэр ард түмний дунд бол байгаа. Дахиад царцааны нүүдэл явчих вий гэсэн хардлага. Яагаад гэвэл ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УБЕГ-ын дарга Л.Амарсанаа нар “Цахим үнэмлэх сонгуулийн өмнө яагаад ч амжихгүй болсон. Дээр нь одоо ашиглаж буй иргэний үнэмлэхийг дахин хэвлэх боломжгүй боллоо. Тэгэхээр цагаан хуудсаар санал өгүүлнэ” гэж ярих болсон нь ард түмэнд ийнхүү эргэлзээ төрүүлж байгаа юм. Иймэрхүү цагаан хуудас, лавлагаа мэтийн цаасаар санал өгүүлээд эхлэхээр л хуучин ху нар буюу өнөөдрийн МАН-ынхан луйвар хийж гаршсаныг ард түмэн мэддэг болчихож. “Бид луйвар хийнэ. Тэгээд ард түмэн босч мэднэ” гэсэн урьдчилсан гаргалгаагаар л МАН-ын дарга нар “Сонгуулийн дараа заавал нэг юм болно” гэж нийгмийн сэтгэл зүйг жижиг намуудаар бэлдүүлээд байгаа юм болов уу. МАН-ын дээрх хоёр эрхмийн ярьснаар цагаан хуудас энэ тэрхэнээр санал өгүүлээд эхэлбэл аюул болж мэднэ гэсэн Үүл баатрын айдас оргүй хоосон ч биш юм. Гэхдээ ийм байдалд хүргүүлэхгүй хэмээн АН үзэж тарж байна. Үнэндээ тэр бүтэхгүй болсон гээд байгаа цахим үнэмлэхийг нь үйлдвэрлээд Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы иргэдийн саналыг өгүүлэх боломж дүүрэн байгаа юм билээ. Монголын хүн амын нягтаршил энэ гурван хотод их, бараг дийлэнх нь. Энэ боломжийг МАН-ынхан ерөөсөө ашиглахыг хүсэхгүй, авч хэлэлцэхгүй байгаа юм билээ. Бүр санаатайгаар энэ асуудлыг саармагжуулж, өөдөөс нь лавлагаа, цагаан хуудас ярих болж. Энэ үйлдлийнх нь төлөө ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулах МАН-ын гишүүдийн санал дээр АН цахим үнэмлэхжүүлэх ажлыг саатуулсан гэсэн үндэслэлийг оруулсан аж. Гэвч хуучин ху нар сайдаа аваад л үлдсэн. Цаад санаа нь ерөөсөө л сонгуулийн санал хураалтыг уламжлал ёсоор луйвардах ажил. МАН-ынхан олонхиороо түрж ийнхүү улайрсан учир аргаа барсан АН-ынхан нэгэн тодорхой саналыг тэдэнд тавьжээ. “Танай нам цахим үнэмлэхээр санал өгүүлэхгүй юм байна. Цахим үнэмлэх унших машин гадаадаас ирчихсэн байгаа. Энэ машин дан ганц үнэмлэх уншихгүй, хурууны хээ давхар уншина. Иргэд хуучин иргэний үнэмлэхээрээ санал өгөхдөө давхар хурууны хээгээ уншуулах ёстой” гэжээ. Үүнийг МАН-ынхан шууд эсэргүүцсэн байна. Гэвч АН-ынхны шахалт шаардлага, сайд, дарга нарыг нь огцруулах асуудал босгосон зэрэг үйл явцаас шалтгаалсан юм болов уу даа, сүүлийн мэдээгээр хуучин ху нар нөхцөл байдалд арай өөрөөр хандах төлөвтэй болсон сурагтай.
Өчигдөр саарал ордноос дуулдсан чимээгээр бол МАН-ын бүлэг “Иргэдийг давхар хурууны хээгээр нь санал өгүүлсэн ч яахав” гэж ам алджээ. Дээр нь тэд өнөөдрийн байдлаар иргэний үнэмлэхгүй байгаа 14 мянган иргэнийг цахим үнэмлэхжүүлье гэсэн АН-ынхаа саналыг хүлээн авч болох юм гэж ярьцгаасан байна. 14 мянган иргэнийг цахим үнэмлэхжүүлж болно гэсэн нь өөрөө Монгол Улсын 1.953.093 иргэний цахим үнэмлэхийг хэвлэх боломжтой байжээ гэдгийг илэрхийлсэн хэрэг юм. Цахим иргэний үнэмлэх хэвлэх үйлдвэрийн байрны засвар, тохижилтын ажлыг аль эрт дуусгасан байдаг юм. АНУ-ын “Датакарт” компаниас үнэмлэх хэвлэх “MX 6000 ТМ” маркийн машинуудыг оруулж ирж холбогдох нууцлалын төхөөрөмжийг угсран, серверүүдийг суурилуулж, туршилтыг аль эрт хийчихсэн юм билээ. Хэвлэх нэг машин гэхэд нэг иргэний үнэмлэхийг гурван секундэд хэвлэх, өдөрт 20 цаг хоёр машин ажиллалаа гэхэд 48000 иргэний үнэмлэх хэвлэх боломжтой байсан нь сонгууль өгөхөөс аль эрт хэвлэчих боломжтой байсны жишээ юм. МАН-ынхны хувьд хамгийн ихээр гул барьж ярьсан бэлдэц нь огт байхгүй биш тодорхой нөөцтэй байгаа нь 14 мянган иргэнд цахим үнэмлэх олгоё гэсэн АН-ын саналыг дэмжиж байгаагаар нь илэрхийлэгдэж байна. АН-ынхан хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Улаанбаатар, Эрдэнэт, Дарханы иргэдийг ядаж цахим үнэмлэхжүүлж болно. Сонгуулиар элдэв луйвар энэ гурван хотод ядаж гарахгүй шүү дээ гэсээр байгаа юм билээ. АН хамтарсан Засгийн газарт орж, намын дарга Н.Алтанхуяг нь Тэргүүн шадар сайдын харьяандаа УБЕГ-ыг авч ажилласны хамгийн том гавьяа магадгүй иргэн нэг бүрийн бүртгэл мэдээллийг нарийвчлан гаргаж, цахимжуулж, сонгуулийн луйвар гаргахгүй байх бүх алхмыг хийсэн ажил байсан байх. Гэвч энэ ажил нь ийнхүү талаар болох магадлалтай болчихоод байгаа юм. Ц.Нямдорж, Л.Амарсанаа хоёрын хувьд УБЕГ-ын дотоод бүтэц зохион байгуулалтыг өөрчилж бужигнуулсан. Газар хэлтсүүдийг нэгтгээд, нэг гарт аваачиж хийгээд, АН-ын гарвалтай бүхнийг ажлаас нь халж сольсон. Энэ нь сонгуулиар луйвар хийхээр бэлдэж байгаа юм байна гэж ард түмэнд ойлгогдсон. Н.Алтанхуяг УБЕГ-ыг харьяандаа байлгах үедээ орон тооны ажилчдын тооны дээд хязгаарыг 707 хүнд барьж тогтоосон байдаг юм. Гэтэл АН хамтарсан Засгийн газраас гарч, Л.Амарсанаа гэдэг нөхөр энэ байгууллагын даргаар ирсэн даруйдаа энэ тоог 1288 болтол өсгөж намынхаа гишүүдээр УБЕГ-ын нэгж бүрийг дүүргэсэн билээ. Бүхэл 600 гаруй хүний орон тоог ганцхан сарын дотор бий болгож дүүргэсэн нь ямар зорилготой байв. 600 хүний цалин хангамж гэхээр улсын төсөвт ямар дарамт ирэх үү, татвар төлөгчдөд ямар дарамт ирэх үү. Урьд нь 707 хүнтэй ажил явуулж болоод байсан байгууллагыг ингэх ямар хэрэг байв. Сэжиг байгаа биз. Сонгуулиар ажиллах үүрэг хүлээсэн хүмүүс шүү дээ, тэрхүү 600 орон тооны ажиллагсад бол. Ингэж ихээр орон тоог нэмсэн хэрнээ 2008 оноос хойш иргэний шинэчилсэн бүртгэл, цахим үнэмлэхжүүлэх ажлыг өдөр шөнөгүй гардан хийсэн багийнхныг ажлаас нь хоморголон халсан нь эд саналын луйвар хийх нь гэсэн хар сэрийг улам ихээр төрүүлж байгаа юм. Үүгээрээ МАН-ынхан, намынхаа даалгаврыг биелүүлсэн Ц.Нямдорж, Л.Амарсанаа нар Монгол төрийн ой санамжийг санаатайгаар устгалаа гэж үзэж болох юм.
Энэ бүх бусармаг үйлдлийг хазаарлан зогсоохын тулд цахим үнэмлэхээр санал өгүүлэхийн чухлыг хаа хаанаа яриад байгаа юм. Хоёр том намын энэхүү толхилцоон дээр жижиг намууд тоглолт хийхчаан болж төр эргүүлэх юм донгосцгоох болов. Бүр хүч хэрэглэж, зэвсэг хэрэглэх тухай хүртэл ярьж байгаа нь хэрээс хэтэрлээ. Дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөн, цус… хүсэх юм мөн үү. Хэн хожиж, хэн хохирох вэ. Өнөөдөр ард түмнийг мууд уриалаад байгаа жижиг намын дарга нар хэрэвзээ аюул нөмөрлөө гэхэд хамгийн эхэнд гадагшаа гараад зугтаах ёс суртахуунтай, бэл бэнчинтэй хүмүүс. Монголын ард түмэн дайн байлдаангүй 100 жил амьдарлаа. Үүнээс илүү сайхан хувь заяа гэж хаана байх юм бэ. Бүх дайн байлдаан, цус урсалт бүхэн хувийн эрх ашгаас үүдэлтэй байдаг. Нэг муу толгойлогчийн хувийн эрх ашгаас болж ард түмэн дотроо дайтдаг. Яахаараа нэг муу толгойлогчийн өмнөөс ард түмэн цусаа урсгах ёстой гэж. Өнөөдөр Засгийн эрхэнд байхгүй, тэгсэн хэрнээ байхыг өдөр шөнөгүй мөрөөддөг, үүндээ ард түмнийг ашиглахаар оролдож буй нэг муу толгойлогчийн амыг дагаж цус урсгах хүмүүс монголчууд мөн үү. Энэ бол Монголын ард түмнийг дэндүү басамжилсан хэрэг юм. Монголын ард түмэнд бүтэн 20 жил сонгуульд саналаа өгсөн туршлага, төлөвшил, ёс суртахуун байна. Битгий тэгж дорд үзээрэй жижиг толгойлогчдоо гэж хэлэх хүмүүс Монголоор дүүрэн байна. Сонгуулийн дараа яах вэ. Сайхан наадамдана өөр яана гэж. Дараа нь шинэ төр засаг эмхлэгдэнэ биз.
П.ХАШЧУЛУУН
URL: