“Саусгоби”- ийн лицензийн наймааны гол учир Б.Бадраагаас гарч магадгүй
Уул уурхайгаар бизнес хийж буй төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т шалгагдаж эхэллээ. Эдгээрээс лиценз дамласан хэргээр Монголд төдийгүй олон улсад дуулиан тарих болсон «Саусгоби сэндс»-тэй холбоотой нөхөд бүр ч ихээр анхаарал татаж байгаа.
Тухайлбал, энэ сарын зургааны шөнө АМГ-ын дарга асан Д.Батхуягийг гэрээс нь баривчилсан. Үүний дараа тус газрын Статистикийн тасгийн дарга Л .Даваацогтыг ч мөн адил «Саусгоби сэндс»-ийн лицензийн хэрэгт холбогдуулан баривчилсан юм. Өдгөө энэ хоёр эрхмийг Төв аймгийн цагдан хорих төвд хорьж саатуулаад байгаа билээ. Үуний улмаас АТГ тус компанитай холбоотой байсан аж ахуйн нэгжүүдийг шалгах болсон юм.
Тэгвэл энэ удаа тэдний шалгалт Өмнөговь аймаг руу чиглэх гэж буй бололтой. Учир нь Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа «Саусгоби сэндс» ХХК-д аль хэзээний худалдагдсан гэж нутгийнх нь иргэд мэдэгдэж байсан. Тус компани нь зургаан жилийн өмнө «Айвенхоу Майнз»-ын охин компани нэрээр байгуулагдахдаа Монголд зөвхөн нүүрсний эрэл, хайгуул хийнэ гэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үүнийгээ ч нотолж, тус компанийн нэр дээр байсан хайгуулын 45 ширхэг лицензийг «Саусгоби сэндс» ХХК-д шилжүүлж байсан. Харин уг компани хэтэрхий хүрээгээ тэлж, говийн ихэнх газрыг сэндийлэх болсон. Учир нь манай улсын урд хилээс 50-150 км зайд байрлалтай, 303 км.кв газар хамарсан ашиглалтын гурван лицензийг эзэн нь юм шиг захиран зарцуулж, дураараа дургиад, нутгийн иргэдийн үйлийг нь үзсээр өдийг хүрсэн тухай тэндхийнхэн ам уралдан ярьдаг юм билээ. Үүнд нь нутгийн томоохон эрх мэдэлтэй ноёд ч гар бие оролцсон нь тодорхой байгааг тус аймгийн иргэн Н.Энхболд гэж хүн мэдэгдэж байсан удаатай.
Тухайлбал, Овоот толгой, Цагаан толгой, Сүмбэр билүүт гэсэн гурван ордын лицензээ бусдад өндөр үнээр зарах гэж байгаа тухай бид сонсож байсан. Энэхүү үйл ажиллагааг дэмжсэн хүн нь засаг ноёнтон Б.Бадраа гэдгийг нутгийн зон олон нь удаа дараа баталсаар байгаа.
Даанч АТГ ч энэ хэргийг дорвитой шалгадаггүй талаар баттай эх сурвалжууд ч ярьсаар байгаа. Түүнийг Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн онд шалгаж байсан боловч тэгсхийгээд таг болсон. Угтаа бол өдгөө «Саусгоби»-гоос болж ял сонсоод явдаг засаг ноёдыг нутгийн иргэдийн гомдлоор шалгасан. Гэтэл Б.Бадраагийн тухай нутгаас нь өчнөөн олон удаа гомдол мэдүүлж, шалгаж өгөхийг хүсдэг ч арын хаалгатай Засаг дарга яаж ийгээд дуугүй болгодог том эрх мэдэлтэй нэгэн аж.
Мөн БНХАУ-ын иргэдэд ихээхэн алтны нөөцтэй ордыг зөвшөөрөлгүйгээр ашиглуулж, их хэмжээний хахууль авсан байх магадлалтай гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраагийн хууль бус үйлдлүүд ар араасаа цуварсаар байгаа.
«Айвенхоу Майнз», «Саусгоби сэндс» компаниудын 2005-2010 онд хийсэн геологи хайгуулын явцад нүүрсний 20 гаруй нөөц илэрсэн. Эдгээрээс Сүмбэр билүүт, Заг сүүжийн нөөцийн тогтоосноор Монгол Улсын ашигт малтмалын санд албан ёсоор бүртгүүлсэн гэнэ. Харин засаг ноёны гар биеэрээ хүчин зүтгэсэн хууль бус үйлдлүүдийн нэг нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумыг холбох Сүмбэр билүүтийн ордтой хамаатай ажээ.
2006 оны зун илрүүлж, 2007-2010 онд нарийвчилсан хайгуул хийгдсэн тус ордын нөөцийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын зургааны өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, 133 сая тонн нүүрсний нөөц бий гэж бүртгэгдсэн байдаг аж.
Түүнчлэн «Саусгоби сэндс» компани мөн оны долоодугаар сарын дөрвөний өдөр 16869 тоот ашиглалтын лицензийг нь авсан орд газар гэнэ. Нутгийн иргэд Сүмбэр билүүтийн ордын нөөц нэмэгдэх магадлал ихээхэн өндөр гэж үздэг гэсэн.
Тус аймгийн иргэдийн ярьж буйгаар Сүмбэр билүүтийн ашиглалтын лицензтэй талбайн үргэлжлэл хэсэг нь аймгийн тусгай хамгаалалтад байдаг аж. Мэргэжлийн хүмүүсийн дүгнэснээр уг тусгай хамгаалалттай хэсэг газарт агуулагдаж буй нүүрсний хэмжээ ихээхэн нөөцтэй байж мэдэх гэнэ.
Тиймээс дээрх газрыг аймгийн тусгай хамгаалалтаас чөлөөлүүлэх ажиллагааг «Саусгоби сэндс» компанийн удирдлага Курт Черч, Жастин Капла нар өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн явуулж ирсэн гэнэ. Манай томчуудыг халаасаараа удирдах болсон дээрх хоёр эрхэм уг ордыг улам үнэд хүргэж зарахын тулд Засаг дарга Б.Бадраатай хуйвалдсан гэж эх сурвалжууд мэдээлсээр байгаа.
Гэтэл «Саусгоби сэндс» компанийн удирдлага Курт Черч, Жастин Капла нар өнгөрсөн онд удаа Өмнөговьд морилж, Б.Бадраа болон Ноён сумын Засаг дарга Г.Бадамжунай нартай уулзаж байсан гэдэг.
Тэд уулзалдахдаа тус аймагтаа үнэтэйд тооцогддог «Таван толгой»-н захирал Х.Түмэнбаярын зочид буудалд бууж, хоногийн 80 ам.долларын үнэтэй өрөөнд тансагладаг байсан аж. Түүнчлэн засаг ноёнтон Б.Бадраагийн гар хөл бологч Г.Бадралтхүү гэгч Жастин Каплын бие төлөөлөгч гэх албан тушаалд томилогдоод «Саусгоби сэндс» компаниас цалинжин ажиллаж байгаа гэдэг.
Эх сурвалжийн хэлж буйгаар Засаг дарга Б.Бадраа, Г.Бадралтхүү нар «Саусгоби сэндс» ХХК-д «Сүмбэр билүүт»-ийн ордын үргэлжлэл болох аймгийн тусгай хагггаилалтад байгаа газрыг чөлөөлөх асуудлыг Өмнөговь аймгийн ИТХ-ын хурлаараа шийдүүлэх боломж хомс гэнэ.
Учир нь ИТХ-д уг асуудлыг эсэргүүцэж байгаа нэлээд олон хүн байгаа учраас өнөөдрийг хүртэл тусгай хамгаалалттай газар нутаг хэвээрээ аж. Тусгай хамгаалалттай газар нутгийг харийн хүмүүст өгөхгүй гэдэг байр суурийг тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун ихээхэн эсэргүүцэж байгаа аж. Гадны нөхрийн бие төлөөлөгч гэгдэж буй Г.Бадралтхүү дээрх асуудлыг яаралтай шийдүүлэхийн тулд Засаг дарга Б.Бадраагийн өрөөгөөр байнга орж гардаг болсон тухайг тэндхийн ажилчид хоорондоо шивэр авир хийдэг гэнэ лээ. Ингээд бодохоор Б.Бадраа ноёнтон өөрийн талдаа хэчнээн хүн элсүүлж уг газрыг авах бол гэдгийг харах л үлдэх шив дээ.
Иймээс Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаад хэрэг нь учир битүүлгээр бүдгэрдэг Засаг дарга Б.Бадрааг ахйн сайн шалгаад үзэхэд буруудахгүй бололтой. Хамгийн их мэдээлэл өгөх хүмүүс нь тус аймгийн иргэд гэдгийг онцолж хэлмээр байна. Өмнөговийн Засаг дарга Б.Бадраагийн хууль бус үйлдлүүдийн талаар бид дараагийн дугаартаа ахин баримттайгаар хүргэх болно.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
Р.Саруул
URL: