Чингэлтэйн Д.Очирбат жийгдэх сурагтай
Хүний эмчийн мэргэжилтэй ч, мэргэжлээрээ ажиллалгүй улстөр хөөсөн гишүүн бол Д.Очирбат. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 10 гаруй жил удирдах алба хашсан тэрээр 2008 онд дүүрэгтээ нэр дэвшин намдаа нэг суудал авч ирсэн билээ. Түүний нэр дэвшиж өрсөлдсөн Чингэлтэйн тойрогт тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдоржоос эхлээд нэр нөлөө бүхий олон хүн өрсөлдөж байсныг олон нийт санаж байгаа байх. Гэсэн ч О даргыг тэнгэр тэтгэж, сонгогдож чадсан. Энэ удаа ч ахин дүүрэгтээ нэр дэвшихийг хүсэж байгаа ч түүнийг хотоос жийгдсэн гэх яриа хаврын хуурай салхинаас ч хурдтайгаар тархаж байна. Мань гишүүний оронд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын МАН-ын дарга Г.Мөнхбаяр одоогийн ЭБЭХ-ний сайд мөн эндээс нөхөн сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Зоригтын хамт нэр дэвшихээр болсон гэлцэнэ. Уг нь энэ хоёр эрхэм хоёулаа МАН-ын хотын бүлэглэлд багтдаг ч Г.Мөнхбаяр албан тушаалынхаа зэрэглэлээр Д.Очирбатыг жийхэд хүрсэн сурагтай. Түүнийг жийхдээ АН Засгаас гарах үед ЭМ-ийн сайдын суудалд хэтэрхий шунасан гэж буруутгасан бололтой. Гэхдээ Д.Очирбатад нам нь нэр дэвших квот өгөх нь тодорхой. Тэрхүү квот нь Баянхонгорт байх аж. Баянхонгор гурван мандаттай байсан ч хоёр болж буурсан. Эндээс АН-ын “Женко” Х.Баттулгыг найдвартай гарна гэж тооцоолж байгаа бол МАН, УИХ, Засгийн газрын гишүүн Г.Занданшатарыг бас “ногоон гэрэл“-ээр гэж үзэж байгаа гэдэг. Мандатын тоо буурснаас болоод тав, зургаан жил Баянхонгороос УИХ-д сонгогдохоор уухайлж явсан “МCS”-ийн Б.Элдэв-Очир нар нэр дэвших бодлоосоо татгалзаад байгаа. Тиймээс ч Г.Занданшатарыг дагуулаад тавьчих нэр дэвшигчийн эрэлд гараад байсан МАН одоо Д.Очирбатыг тийш “цөлөх” сураг гарч байгаа нь энэ. Гэхдээ зай ч байна, лай ч байна гэгчээр намууд нэр дэвшигчдээ хараахан тодруулж зарлаагүй байна.
NUUTS.MN Х.Норов
URL: