Соц-Интерн МАН-ыг бүртгээгүй

МАХН ХХҮI их хурлаараа Монгол ардын нам болгон нэрээ өөрчилсөн. Шинэ нэртэй болсон тэд Улсын дээд шүүхэд хурлаас гарсан шийдвэрээ барьж очиж бүртгүүлээд санаа нь түр амас хийсэн байдаг. Гэхдээ намын нэр солихгүй гэсэн бүлэг нөхөд үлдсэн нь тэдний сэтгэлийг гонсойлгож тайван байдлыг нь алдагдуулав.

Түүгээр ч зогсохгүй бууриа сахиж үлдэгсэд МАХН-ын онц их хурлыг зарлан хуралдуулж сэргээн байгуулсан нь МАН-ын удирдлагуудад бүр их том дарамт болоод байх шиг ээ. Дээд шүүхэд шинэ нэрээ бүртгүүлж эрэмшсэн тэд амсхийх завгүй олон улсын зүүний намуудын дээд байгууллага Соц-Интернд бүртгүүлэхээр мордсон. Гэвч олон улсын байгууллага тэднийг Дээд шүүх шиг “хадаг” барин угтаж шууд бүртгэл хийлгүй барьж очсон баримт бичгийг нь инээмсэглэн хүлээн аваад буцаасан гэх эзэн биегүй яриа улс төрийнхний хүрээнд хэсүүчлэн явна. Соц-Интернд улс төрийн нам элсэнэ гэдэг нь бидний хувьд шинэ зүйл биш. Таньдаг үйлдэл. Тухайлбал тус байгууллагад МСДН, МАХН элсч байсан шүү дээ. Тэр бүхнийг өнөөдөр олон хүн мартаагүй байгаа гэхэд эргэлзэх зүйл үгүй. МАХН-ыг 1998 онд Соц-Интеринд элсэхэд, гишүүн нь байсан МСДН батлан даалт гаргаж байсан шүү дээ. Олон улсын энэ байгууллагын хувьд нэг улсын хэдэн ч улс төрийн нам эгнээнд нь багтаж болдог өөрийн өвөрмөц онцлогтой. Гэхдээ МАН шинэ нэрээр бүртгэл дахин хийлгэх болоход, улс төрийн нам хэрхэн яаж элсдэг тэр зарчим үйлчилдэг байж болох юм. Энэ жишгээр авч үзвэл шинэ МАН-д хуучин МАХН батлан даалт гаргах хэмжээнд хүрэх болов уу. Тэгэхээр МАХН онц их хурлаа зарлаж сэргээн байгуулагдсан нь МАН-д ус биш тус болж таарна. Зүүний чиг баримжаатай намуудын нэгдэл Соц-Интерн МАН-ын хурлаас гаргасан баримт бичгийг авч үлдэнэ гэдэг нь албан ёсных нь гишүүн, ам бүлд нь багтчихлаа гэсэн үг хараахан биш бололтой. Энэ ч үүднээс авч үзвэл МАН хүсэлт гаргасан болохоос бүртгэлгүй намуудынх нь нэг болсон гэх. МАХН-ын эргэн тойронд өнгөрсөн хугацаанд МАН-ын зүгээс сөрөг пиар хүчтэй явуулаад байсан нь олон улсын байгууллагад бүртгүүлж чадаагүйтэй нь холбоотой байж болох юм.

Г.ЭРДЭНЭБАТ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих