Сонгууль будлиантуулах топ 33 арга
1992 онд ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийг олон намын тогтолцоотойгоор явуулж, иргэдийн нууц санал хураалтаар үр дүнг тодорхойлсоор ирсэн билээ. Сонгуулиар сонгогдоод гарсан хүмүүс улс эх орноо удирдаж, авч явж чадахгүй байгаа нь сонгуулийн луйвар будлиантай холбоотой байдаг. Сонгогдоогүй, эсвэл сонгогдохгүй байх магадлалтай нэр дэвшигчид хууль бусаар санал авч, ялалт байгуулдаг. Үлгэр биелдэггүйн гол учир нь сонгуулийн луйвартай холбоотой хэмээн зарим хүмүүс тайлбарладаг. Энэ ч үнэний ортой. Харин сонгуулийг луйвардахад одоогоор мэдэгдээд байгаа 30 гаруй арга байдгийг Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан МоАХ-ны Их хурлын индэр дээрээс чанга гэгчийн дуугаар уншиж байсан. Сонгуулийг будлиантуулахдаа томилгоо, өгөөш, урхидах, шоу, шургуулах, халааслах, бороохойдох, хуудас эргүүлэх, хогоор дүүргэх, бухын баас, үхдэл, цэвэрлэгээ, ихэрлэх, гачлан, молиго очир, копидох, консервлох, оторлох, савлагаа, хуруу нэмэх, царцааны нүүдэл, хөтөлгөө, мөөг түүх, жин дунгуй, манан, хадаас, гялс манас, бөөлжих, самууруулах, мэлзэх, тойрог санхүүжүүлэх гэх мэт 30 гаруй аргыг хэрэглэж болдог тухай хүмүүс ярьдаг. Тиймээс сонгууль хаяанд ирчихсэн байгаа энэ үед эдгээр луйврыг хийж, санал будлиантуулах аргыг хэн хэрхэн үйлддэг, дээрхи сүржин нэртэй луйвардуулах аргууд нь яг ямар учиртай, хэний гараар үйлдэгддэг тухай “товч тайлбар”-ыг хүргэе. Сонгуулийн луйврыг чадварлаг гүйцэтгэхийн тулд тойрог хэсгийн хорооны даргаар ямар хүнийг тавих вэ гэдгээс “намуудын толгой” ажиллаж эхэлдэг байна.
Томилгоо: Анхнаасаа сонгууль будлиантуулахад зориулагдсан албан тушаалын томилгоог чадварлаг гүйцэтгэгч байж чадахуйц хэн нэгэнд өгдөг. УБЕГ-ын даргаар Л.Амарсанааг томилсонтой яг адил. Томилж буй хүндээ “Ирэх сонгуулиар намайг гаргах юм бол машин бол энүүхэнд цаашлаад хоёр өрөө байр өгнө. Гадаад улс оронд амраана” гэх амлалтуудыг өгнө. Тэд ч байр, машины төлөө өнөөх хүнээ гаргачих санаатай юу эсийг хийх билээ. Харин энэ арга ирэх сонгуулиар бүр сонгодог тал руу боловсруулагдсан. Учир нь 2012 оны сонгуулийг Төрийн албан хаагчид зохион байгуулна. Хэрэв би энэ сонгуульд ялах юм бол чи ажлаасаа халагдахгүй гэх нээнтгийг доод албан тушаалтан болон өөрийнхөө “халаасны” хэн нэгэн нөхөрт үүсгэх магадлал өндөр болжээ. Өөрөөр хэлбэл, сонгууль будлиантуулах нарийн зохион байгуулалт болох томилгооны арга нэгмөсөн хуульчлагдсан гэсэн үг.
Өгөөш: Үгийн үндсэн утга нь өгөх. Тэгэхээр шууд утгаар нь өгөх гэж ойлгож болно. Монголчууд 1.5 сая гэх бэлэн мөнгөний амлалт болох МАН, АН-ын өгөөшинд 2008 оны сонгуулиар хууртагдсан. Харин ирэх сонгуулийн өгөөш Монголд 10 үйлдвэр барих. Цалингийн дундаж хэмжээ 1.3 саяд хүргэх гэсэн амлалтууд байж болох. 1.3 сая гэдэг 1.5 сая төгрөг гэдэгтэй тун төстэй сонсогдож байгаа биз. Үүнээс гадна иргэн бүрт олгох гэж дуншсаар буй “Тавантолгой”-н хувьцаа ч мөн өгөөш болж хувирлаа.
Урхидах: Чи намын гишүүн л юм бол үүнийг хийх ёстой. Манай нам гарвал чиний амьдрал дээшилнэ гэх мэтээр хэн нэгнийг урхиндаа оруулж, нэр дэвшигч өөртөө морь нохой мэт зүтгүүлэх арга.
Шоу: Сүүлийн үед нэлээд устаж үгүй болж байгаа сонгууль дөхөхөөр урлаг, уран сайхны тоглолтоор иргэдийг татдаг арга. Сонгуулийн шоу тоглолтыг хийхгүй байхаар хуульчлагдсан учраас намууд олонд танигдсан урлаг, соёлын алдартнуудыг гишүүнээрээ элсүүлдэг мода дэлгэрүүлсэн.
Шургуулах: Машин машинаар нь хүн зөөж, санал өгүүлэх асуудал их гардаг. Нийтийн тээврийн автобус дүүрэн хүмүүс зөвхөн нэг л хүний төлөө санал өгнө. Ялангуяа аймаг, орон нутагтаа бүртгэлгүй хүмүүсийн оронд шилжүүлж байгаа нэрийн дор нэг хүний саналыг хэдэн ч газар шургуулж болдог хувилбар.
Бороохойдох: Шударга зүйл ярьдаг. Хөдөлгөөнтэй, бусдыг манлайлах чадвартай өрсөлдөгч намын хүмүүс болоод ажиглагч нарыг цагдаагаар айлгадаг. Долдугаар сарын 1-ний хэрэг гарснаас хойш хэрэгжүүлэхэд хамгийн хялбар аргуудын тоонд орох магадлал өндөртэй байгаа гэнэ.
Хуудас эргүүлэх: Санал луйвардах аргуудын хамгийн ноцтойд тооцогддог. Сонгуулийн санал авч байгаа байрнаас машинаа зайдуухан байрлуулж, зогсоогоод нэрийг нь дугуйлсан, сонголт нь тодорхой болсон хуудсыг дамжуулдаг. Эртнээс бэлтгэж дугуйлсан хуудсыг саналын хайрцагт хийгээд өөрийнхөө хуудсыг эргүүлэн авч гарч ирээд дараагийн хүнд өгөх. Ийнхүү буухиат даалгаврыг амжилттай биелүүлбээс шовгор нь мөнгөн шагнал. Хэрэв чиний авьяас чинь л хүрвэл нэг хуудсыг хэд ч эргэлдүүлж болно гэсэн үндсэн зарчимтай тоглоом.
Хогоор дүүргэх: Сонгогчдыг гадаад явсан, цэрэгт татагдсан, нас барсан гэсэн мэдээллээр урьдчилан бүртгэчихдэг. Сонгуулиас гарах үр дүнг нь харж байгаад өөрийнх нь нам их санал авсан бол хэрэглэхгүй. Харин бага саналтай байх юм өнөөх байхгүй гэж бүртгэсэн хүмүүсийнхээ өмнөөс санал өгүүлээд намаа ялуулдаг.
Үхдэл: Нас барсан хүмүүсийн нэрээр сонгууль өгүүлэх. Мөн ч олон өнгөрсөн хүнийг амилуулна даа.
Цэвэрлэгээ: Ардчилсан үзэлтэй хүмүүсийн сонгогчийн үнэмлэхийг нь өгөхгүй байх арга. Учир нь тэр луйвар хэрэглэж байгаа нэр дэвшигчийн тухай орчин тойрондоо сөрөг мэдээлэл, хар PR цацаж, нөлөөлж чадах учраас тиймэрхүү хүмүүсийг шууд “delete”-лэдэг.
Copy: Иргэдийг шилжилт хийлгэх буюу иргэний үнэмлэхний наалтыг ашиглах луйвар. Нэг сонгогч өглөө Баянгол, өдөр Баянзүрх, үдээс хойш Сонгинохайрхан дүүрэгт зөвхөн наалтын тусламжтайгаар саналаа өгч болно.
Оторлох: Дээрхитэй адилхан газраа заалгачихаад явна.
Савлагаа: Саналын хуудсыг бэлдчихсэн байдаг. Хэрэв нэр дэвшигч унах гэж байвал бэлдсэн хуудсаа хайрцагт тэр дор нь хийгээд ялалт түүний гарт.
Царцааны нүүдэл: Нэг газраас нөгөө рүү нүүгээд асар олноороо яваад санал өгөх аргыг хэлж байгаа юм. Хятад, Монгол иргэн байх нь хамаагүй. Иргэний үнэмлэх олгогдсон хүмүүс ингэж олноор үсчиж, тойрог, тойрог хэсэн санал өгдөг.
Жин дунгуй, Мөөг түүх, Манан: Санал будлиантуулах үндсэн арга. Тухайн нэр дэвшигч ялалт байгуулах гээд ч байгаа юм шиг. Эсвэл үгүй ч юм шиг байж байгаад үүрэг авсан газар руугаа санал өгдөг. Нарийн бичгийн гарын үсэггүй баахан хуудас саналын хайрцаг руу хийж түүнийгээ эргээд хүчингүй болгох гэх мэт.
Гялс манас: Саналын хайрцгийг нээмэгц урьдчилж бэлдсэн хуудсыг шидэж оруулдаг. Хайрцагнаас унаж байгаа мэтээр гялс манас хийнэ.
Мэлзэх: Энгийн арга. Нэр дэвшигч Батад санал өгсөн байвал Дорж гээд л уншаад байх жишээний.
Тойрог санхүүжүүлэх: АН, МАН-аас ажиглагч сууж байгаа ч тэднийг мөнгөөр худалдаж авах. Чи өөрийнхөө намаас авах ёстой мөнгөө ав. Дээр нь манай намынхан хоол унааны мөнгийг чинь өгье. Харин санал будлиантуулж байхад чимээгүй бай. Тэгсний чинь хөлс танай намын өгсөн мөнгийг дор хаяж хоёр нугалъя. АН-ыг төлөөлж сууж байгаа боловч Ардын намын хүн байх жишээний.
Консеровлох: Сонгуулийн урд өдөр мөнгө тарааж санал худалдаж авах. Гэхдээ тарааж буй мөнгийг үр ашиггүй цацдаггүй. Урьдаас бэлтгэсэн судалгаагаар мөнгө аваад санал өгдөг. Авсан ч санал өгдөггүй гэдгээр нь ялгаж өгдөг юм байна. Өөрөөр хэлбэл, мөнгө аваад санал өгдөг нь нэг консеровны хайрцагт. Санал өгдөггүй толгой цустаж мэдэх нөхдүүд өөр хайрцагт ангилагдаж үлдсэн гэсэн үг.
Молиго-Очир: Хуурах. Юугаар ч хамаагүй хуурч өөрсдөдөө санал өгүүлэх. Хуурахад ямар нэгэн цензур байхгүй.
Ихэрлэх: Ижилхэн нэртэй хүмүүсийн нэрсийг жагсаана. Сонгуулийн насанд хүрээгүй байсан ч тус жагсаалтад бичигддэг юм байна. Түүнчлэн сонгууль өгөхгүй гэх залуучуудын тухай хорооны дарга нь мэдээлэл цуглуулж, оронд нь ижилхэн нэртэй хүнээр санал өгүүлдэг. Зарим хэсгийг нь бүр сонгуулийн санал авах өдөр санаатай архи уулгадаг.
Хуруу нэмэх: Санал тоолж буй хүүхнүүдийг аль болох урт хумстай гэх шалгуураар оруулна. Учир нь гоёмсог хумсных нь завсар харандааны бал гэх мэт зүйл хийж өрсөлдөгчийнхөө саналын хуудсан дээр зуруулж хүчингүй болгодог байна. Энэ аргыг санал тоолж буй агшинд хэрэглэхэд тохиромжтой.
Б.Даваа
URL: