Сонгуулийн судалгаа хийнгээ мөнгө тарааж болох уу

Сүхбаатар дүүрэгт оршин суугчдаас өнгөрсөн амралтын өдрүүдэд судалгаа авлаа. Хорооны ажилтан гэж өөрийгөө танилцуулсан эмэгтэй судалгааны анкет өгөөд, урамшуулалтайг дуулгасан юм. Судалгааг “Судалгаа-2012″ багаас авч байгаа гэнэ. Үнэн, зөв хариулсан 500 нэгжийн урамшууллыг олгоно гэжээ.

Мөн “Маргааш сонгууль болбол та хэнд саналаа өгөх вэ” гэж асуугаад Ерөнхий сайд С.Батболд, Нийслэлийн иргэдийн төлөөлөгч Д. Нямхүү, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарын зургийг нэртэй нь жагсаажээ.

Улмаар судалгаа өгч байгаа хүн дэмжиж байгаа нэр дэвшигчийнхээ давуу талыг бичих зай үлдээжээ. Бас дээрх нэр дэвшигчдээс дургүй улс төрчийнхөө нэрийг дугуйлж, шалтгааныг бич гэсэн байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нэр дэвших магадлалтай Сүхбаатар дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга, тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Х.Болормаа, Ц.Баттөмөр нарыг мөн л зураттай нь эгнүүлжээ.

Сонгуулийн хуулиар судалгаа авч болох талтай ч, урамшуулал өгч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Учир нь тус хуулийн 37.15.1-д Сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах, хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгээр үзүүлэх, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулахыг хориглоно гээд заачихсан байгаа.

“Судалгаа-2012″ гэх багийн талаар мэдэх хүн ховор юм. Харин дээрх судалгааг МАН-аас хийлгэж байгааг ярих хүн олон байлаа.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


URL:

Сэтгэгдэл бичих